2020.01.21

“Нийгмийн ЗҮРХ, ТАРХИ” салбарын тэргүүн

Vip76.mn сайтын редакцаас эрхлэн гаргадаг Vip Expert сэтгүүлийн энэ удаагийн тусгай дугаар "Монгол төрийн түшээ" хэмээх нэр хүнд, үүрэг хариуцлага, ёс зүй, мэдлэг, туршлага агуулсан сэдвийн хүрээнд бэлтгэн эрхэм уншигч таны өмнө дэлгэж байна. Төр нийгмийн зүтгэлтэн, салбартаа төдийгүй ард иргэдийн хүндлэлийг хүлээсэн эрхэмүүд, эрдэмтэн судлаачид “Монгол Төрийн Түшээ” хүн ямар шинж, төлөвийг цогцлоон бүрдүүлсэн байх ёстойг хэрхэн тодорхойлсоныг уг сэтгүүлээс унших боломжтой бөгөөд өнөөгийн парламентын гишүүдэд олон нийтийн зүгээс өгч буй үнэлгээ, хамгийн өндөр үнэлгээ авсан гишүүд, тэдний хийсэн ажлыг танилцуулж байна.

Өнөөдрийн онцолж буй түшээ бол Монгол Улсын Их Хурлын Гишүүн, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг.


Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спорт гэсэн салбараа тэрээр “нийгмийн зүрх, тархи” гэж ярих дуртай. Дөрвөн том салбарын бодлого, үйл ажиллагааны хувьд удирдан чиглүүлэх их үүргийг Ёндонпэрэнлэйн Баатарбилэг хариуцлагатай үүрч явааг энэ салбарынхан төдийгүй нийгмээрээ хүлээн зөвшөөрч байна. Түүнийг “Hero” гэх нь зүйтэй. 

Учир нь ерөнхий боловсролын сургуулийг 3 ээлжээс гаргана, багш нарын ачаалал буурна, Монгол хүн болгож төлөвшүүлэх хичээл орно, хүүхэд бүрт сурах бичиг сургуулиас өгнө, эцэг, эхчүүдтэй хариуцлагын гэрээ байгуулна, элдэв олимпиадыг хориглоно, сурагчдын амралт тодорхой болгоно гээд нийтээрээ хүлээж байсан зоригтой шийдвэрүүдийг тэр гаргаж чадсан юм. Бодлого, шийдвэрийн хэрэгжилтээ мэдрэхийн тулд 21 аймаг, алслагдмал хоёр дүүрэгт ажиллаж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэсэн нь тэрээр ажлаа томоор хардагийн тод жишээ.

Сургалтын хөтөлбөр сайжирч, багшийн ачаалал буурсныг газар бүхэн ярьж эхэлжээ. Энэ онд улсын хэмжээнд 48 сургууль, 93 цэцэрлэг барьж байна, Боловсролын салбарын багц хууль боловруулж байна, дээд боловсролын чанар, стандарт, төлбөр, оюутны суралцах орчин гэх мэт шинэчлэл хийхээр төлөвлөсөн олон ажил боловсролын салбарт эхлүүлээд байна. Өнөөдөр 644 мянган сурагч, 275 мянган бяцхан үрс, 140 орчим мянган оюутан залуус, тэдний ирээдүйн замыг бэлтгэгч 51 мянган эрдэмтэн багштай их айлыг тэргүүлж яваа Баатараа сайддаа “Браво” гэхэд буруудахгүй санагдана. 

“Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал” 

Монгол Улс анх удаа “Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал”-аа энэ жил хийлээ. Дэлхий дахин шинжлэх ухаан, мэдээллийн технологи дээр тулгуурлан ямар хурдтай хөгжиж, та бидний амьдралын хэв маяг хялбаршиж, аж үйлдвэржилтийн дараагийн хувьсгал эхэлж байгааг бэлхнээ харж болно. Тэгвэл бид дэлхийн шинжлэх ухааны аль түвшинд явж байна вэ? гэдгээ олж харан, ямар арга замаар хөгжлийг хурдасгаж болохоо тодорхойлохоор 800 гаруй эрдэмтэд төрийн ордонд чууллаа.

“Монголын хөгжлийн ирээдүй бол судалгаанд суурилсан бодлого, түүнийг дэмжсэн төр, шинжлэх ухааны түншлэл” байх ёстой гэсэн зарчмыг баримталдаг сайд эрдэмтдээ сонсоод зогсохгүй “Шинжлэх ухаан, технологийн тухай” хуулийг УИХ-аар хэлэлцүүлж эхлээд байна. Энэ бол сайдын бодлоготой, системтэйгээр салбартаа ажиллаж байгаагийн бодит жишээ мөн. 

Ё.Баатарбилэг хийнэ гэснээ чанга хэлж, хийх боломжгүй гэснээ шивнэж дуугардаг хүн биш. Салбартаа болохгүй байгаа зүйлсийг ч хүртэл ил хэлээд шийдэж чаддаг. “2020 оны улсын төсөвт Үндэсний төв номын сан, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театрын барилгыг шинээр барихад нийт 12 тэрбум төгрөг суулгасан. Одоо энэ улстөржилт хэрээс хэтэрч, соёлын байгууллагуудын хөрөнгө оруулалтын асуудлыг зогсоохоос өөр аргагүй боллоо. Би одоо Сангийн сайд, Төсвийн байнгын хорооны даргад өөрийн саналаа хүргүүлж байна.

Засгийн газраас соёлын салбарт 1990 оноос хойш хийгээгүй хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж, хэрэгжүүлэхээр зургийн ажлыг эхлүүлсэн.” гэж тэрээр хэлсэн. Энэ нь үнэхээр соёлын салбарт бодлого, хөрөнгө оруулалт хэрэгтэй болсныг Төрийн чихэнд чангахан хэлсэн явдал болсон. 

2020 он Монголын спортын салбарт дахин нэг шинэ хуудсыг нээх жил. Токиогийн олимп болно. Олимпт бэлтгэх үндэсний хороо, салбарын яам жилийн өмнөөс тамирчдаа дэмжих санг байгуулж, хувцасны загварыг нь баталчихлаа. Монголын баг тамирчид хэдийнэ бэлтгэлээ базааж эхэлсэн.  Мөн салбарт спортын клубуудыг магадлан итгэмжлэх эрх зүйн орчинг бий болгов.

Салбар бүртээ олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, саад бэхшээлийг сааруулахын төлөө цаг наргүй шамдаж яваа Ё.Баатарбилэг сайдын том ажлаас багахан онцлоход ийм байна. 

Ё.Баатарбилэг гишүүний санаачлан боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлж, батлуулсан хууль 10 хол давсан. Тэдний ихэнх нь боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбар болон түүнд ажиллагсад, орон нутгийн иргэд хөдөлмөрчдийн эрх ашгийн төлөө чиглэж байна. Соёлын тухай, Кино урлагийг дэмжих тухай, Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журмын тухай, Итгэлийн зээл олгох тухай зэргийг жишээ болгон дурдаж болно.

Тэр бол төрийн сайд төдийгүй түмний итгэлийг хүлээсэн түшээ. Сонгогдсон тойрогтоо зав л гарвал очиж, малчид, иргэдтэй уулзаж явдаг хүн. Салбарын сайдын хувьд тойргийн асуудал жижиг мэт боловч Ё.Баатарбилэг иргэдийнхээ асуудлыг хэзээ ч жижиг, том гэж ялгаж байсангүй.

Сурагчдыг тав тухтай суралцах орчныг бүрдүүлж, ахмадууддаа халамжилж, орон нутгийн бизнес эрхлэгчдийн ажлыг дэмжиж, иргэдийн амьдрах орчин, дэд бүтэц, барилга байгууламж, зам харилцааг сайжруулахаар ажиллаж байна. Аймаг удирдаж явсан хүний хувьд ажил, асуудалд наанатай цаанатай ханддаж, зовлон ойлгодог гэх юм билээ, түүнийг. 

Vip76.mn