Тэтгэвэр барьцаалсан зээлийг чөлөөлөх дээд хэмжээг 6 сая төгрөгөөр тогтоохыг гишүүдийн олонх дэмжлээ
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр (2020.01.09) 15 цаг 46 минутад гишүүдийн 52,9 хувийн ирцтэй эхэлж, Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол хийв.
Улсын Их Хурлын даргын 2020 оны 10 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг хоёр удаа хуралдаж, УИХ дахь Монгол ардын намын бүлэг, Байнгын хороод, нэгдсэн хуралдаанаар төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүдийн гаргасан саналыг үндэслэн зарчмын асуудлыг төсөлд тусгасан.
Тэтгэвэр барьцаалсан зээлийн үлдэгдлийг төрөөс нэг удаа төлөх дээд хэмжээг 6 сая төгрөгөөр тогтоов. Тэтгэвэр авагч нарын тэтгэврийн хэмжээ, зээлийн төлбөрийн хугацаанаас хамааран зээлтэй тэтгэвэр авагчдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх зээлийн үлдэгдлийн дүн харилцан адилгүй байна. Иймд тэтгэврийн зээлтэй иргэдэд тэгш үйлчлэх зорилгоор зээл чөлөөлөх дээд хэмжээг 6 сая төгрөгөөр тогтоох, түүнээс дээших дүнг иргэн өөрөө хариуцан төлөх зохицуулалтыг төслийн 4.4 дэх хэсэгт тусгалаа. Энэхүү зохицуулалтыг оруулснаар хуулийн зохицуулалт нь зээлтэй тэтгэвэр авагчдын 90.8, зээлийн дүнгийн 75.2 хувийг хамарна.
Тэтгэвэр барьцаалсан зээл аваагүй иргэдэд 1 сая төгрөгийн үнэт цаасыг эзэмшүүлэх зохицуулалтыг тусгалаа. Үндсэн хуулийн 6.2 дахь заалтад заасан байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд тэгш, шударга хүртээх зарчимд үндэслэн зээл аваагүй үлдсэн 194.2 мянган тэтгэвэр авагчдад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Салхитын мөнгө, алтны ордын ирээдүйн орлогыг барьцаалан гаргах үнэт цаасыг эзэмшүүлэх зохицуулалтыг Дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд тусгав.
Тэтгэвэр барьцаалсан зээлийг цаашид 6 хүртэл сарын хугацаатайгаар, жилд 1 удаа авах өөрчлөлтийг тусгав. Хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай” хуульд нэмэлт оруулснаар тэтгэвэр, тэтгэмжийг барьцаалахыг хориглосон. Энэ нь нэг талаас тэтгэвэр авагчдын амьжиргааг хамгаалах, өрийн дарамтад орохоос сэргийлэх арга хэмжээ хэдий ч нөгөө талаас иргэд богино хугацааны хэрэгцээгээ шийдэх боломжийг хязгаарлаж байна. Иймд Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналыг үндэслэн тэтгэвэр авагч тэтгэврээ барьцаалан 6 хүртэл сарын хугацаатайгаар, жилд 1 удаа авах өөрчлөлтийг хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд тусгах саналыг боловсруулсан гэдгийг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа дурдлаа.
Түүнчлэн төслийн “5.1 Төрийн өмчит Эрдэнэс Монгол ХХК өөрийн охин компани Салхитын мөнгө, алтны ордын эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогыг барьцаалан цаас гаргана” гэж өөрчлөн найруулах, төслийн 5 дугаар зүйлд “5.7 Энэ хуулийн 5.4-т заасны дагуу Монголбанк үнэт цаас худалдан авахад Төвбанкны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4,7 дахь заалт хамаарахгүй” гэсэн хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хороодын санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Я.Содбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов