2012.04.26

''Женко'' Х.Баттулга жинхэнэ эр хүн

Монголчууд бид өрх гэрийн ноён нуруу болох тулхтай, хэлсэн үгэндээ хүрдэг, шулуун шударга, олон таван үггүй, эмс охид шиг хов жив хөөцөлддөггүй эрчүүдийг “жинхэнэ эр хүн” гэж хүндэлж ирсэн уламжлалтай. Харамсалтай нь өдгөө ийм “жинхэнэ эр хүн” айл гэрт ч, төр засагт ч “өдрийн од” мэт ховордоо юу даа. Гэхдээ цөөн ч гэсэн байна. Тэдний нэгийг би ямарч эргэлзээгүйгээр Женко Х.Баттулга гэж нэрлэнэ.Яагаад түүнийг “жинхэнэ эр хүн” гэж нэрлэх болсныг баримт түшин доор өгүүлье.


Баримт 1: Тэрээр “төрөөс төрсөн тэрбумтан” биш, 1990-иэд оны эхэн, зах зээлийн хүнд үед Бээжин –Улаанбаатар-Москва чиглэлд “гахай” зөөн бизнесээ эхлүүлж, “нүцгэн гар”-аараа 0-ээс эхлэн бага багаар өргөтгөж өнөөдрийн өндөрлөгт хүргэжээ. Амжилтанд хүрэхэд боловсролоос дутуугүй зүтгэл чухал байдгийн жишээг тэрээр өөрийн биеэр үлгэрлэн үзүүлжээ.

Баримт 2: УИХ-ын гишүүн Х.Баттулга одоогоос зургаан жилийн өмнө буюу 2006 оны 11 сард нийгэмд нүүрлээд буй зохион байгуулалттай гэмт хэрэг, хар тамхи, контрбанд, биеэ үнэлэх асуудалд ихээхэн эмзэглэж, энэ талаар төр засаг тодорхой бодлого гарган, анхааралдаа авахгүй бол улам гүнзгийрнэ гэдгийг сануулж байсан нь үнэхээр төрийн хар хүний холын хараа байжээ гэдэг нь одоо нотлогдож байна.

Баримт 3: 2007 оноос хойш өөрийн үг, үзэл бодлоо нийтлэл хэлбэрээр бичиж илэрхийлэх болжээ. Энэ нь олон нийтэд таалагдах гэсэндээ биш эрх баригчдын сонсохгүй, мэдэхгүй, мэдэхийг хүсэхгүй байгаа асуудлуудыг нийтлэлээрээ дамжуулан олон нийтэд хүргэхийг зорьсон эр хүний хэл ам, хов жив хөөцөлддөггүй хүн чанарын илрэл юм.

Баримт 4: 2007 оны 12-р сард УИХ-ын гишүүн Х.Баттулга: ““Энержи ресурс”-ийн бүрэлдэхүүнд багтдаг олигархиуд Засгийн газартай гэрээ хийхээсээ өмнө Хятадуудад өөрсдийнхөө хувийг амлачихсан л байсан. Тэгэхээр эх оронч, сайхан сэтгэлээр лиценз хадгалж байсан хэрэг биш. Харин хамгийн их үнэ хүрэх мөчийг тэсэн ядан хүлээж байсан гэвэл үнэнд нийцнэ. “Моннис”, “Петровис”, “MCS” компаниуд улстөртэй холбогдсоноосоо хойш томорсон. Авлига хээл хахуулийг үйл ажиллагааныхаа үндсэн менежментээ болгочихсон, Монголын төрийг бохирдуулж байгаа компаниуд” хэмээн хэвлэлд ярилцлага өгч, дээрх компаниудыг шударга бус өрсөлдөөнөөр бизнесийн үйл ажиллагаагаа явуулдаг гэдгийг илчилсэн нь түүнийг шулуун шударга зангийн илэрхийлэл гэлтэй.

Баримт 5: 2008 оны 2-р сард УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга: “Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн үйл ажиллагааг МоАХ цаг ямагт шаардаж ирсэн. Цаашдаа ч ийм байх болно. Газар, түүний хэвлий дэх ашигт малтмал бол бүх ард түмний өмч бөгөөд төрийн хамгаалалтад байна гэсэн заалттай. Тиймээс төр ард түмнийхээ энэ өмч хөрөнгийг хамгаалалтдаа авахыг л шаардсан. Ёсоор болсонд баяртай байгаа. Ардчиллын баталгаа бүрэн хангагдах хүртэл эхлүүлсэн үйл хэргийнхээ төлөө МоАХ оршино гэж” хэвлэлд ярилцлага өгсөн нь түүний төр, ард түмний үйл хэрэгт өөрийн хичээл зүтгэлээ зориулж явдгийн илэрхийлэл болжээ.

Баримт 6: 2011 оны 8-р сард ЗТБХБ-ын сайд Х.Баттулга “Банкны зээлийн хүү зургаан хувиас дээш болчихвол ард түмний нуруун дээр хүнд ачаа ирж, хэцүүднэ” хэмээн төрийн хүний ард түмнээ гэсэн бодлоо илэрхийлсэн тулхтай ярилцлага хэвлэлд өгчээ.

Баримт 7: 2011 оны 12-р сард УИХ-ын гишүүн Х.Баттулга “Архи, согтууруулах ундаа болон архинаас дутуугүй хор нөлөөтэй тамхи үйлдвэрлэгч, түүнд хөрөнгө оруулж, хувьцаа эзэмшиж байгаа хүмүүсийг сонгуульд нэр дэвшихийг хязгаарлах тухай” хуулийн төслийг хоёр дахиа өргөн барьсан боловч Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэлгүй хойшлуулжээ. Тэрээр Монголчуудын амьдрал архи, архидалттай шууд ба шууд бусаар хамаатай байгааг удаа дараа хэлж, энэ аюулаас ард түмнийг хол байлгах, архины бизнесийн хязгаарлах үүднээс дээрх хуулийг санаачилснаа илэрхийлжээ.

Баримт 8: Засгийн газрын хуралдаан дээр ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нар санал зөрөлдөн маргалдсан ба Х.Баттулга сайд “Хамтарч ажиллана гэж Засгийн газар байгуулчихаад хамаг том төслүүдийг нь хөдөлгөхгүй гацааж байна. Өөрсдөө хамгийн үнэтэй тансаг байшинд нь амьдарчихаад 100 мянган айлын орон сууцны асуудлыг зориуд гацаалаа” гэж бухимдлаа илэрхийлэхэд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Хохь чинь, хэн та нарыг хамтар гэсэн юм” гэж тавласан нь хамтарсан Засгийн газрыг тараах эхлэл болсон гэж хэвлэлүүд мэдээлжээ. Тэрээр төрийн ажлыг явуулахад Засгийн газар зориудаар гацааж байгааг өөрөө Засгийн газрын гишүүн атлаа шулуунаар шууд хэлжээ.

Баримт 9: 2012 оны 2 сард болсон АН-ын ҮЗХ-ны хурал дээр Х.Баттулга АН, АН-ын дарга Н.Алтанхуяг болон Засгийн газрын бодлогийг хатуу үгээр эрс шүүмжилсэн нь улс төрчийн зангарагаа харуулсан үйл явдал болжээ. Тэрээр нам, намын удирдлага, Засгаас айж эмээлгүйгээр шүүмжилж чаджээ.

Баримт 10: “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт оролцохдоо Бавуугийн Лхагвасүрэн гуайн асуусан аавынх нь тухай асуултад Х.Баттулга гишүүн сэтгэл нь огшин нулимс унагахыг олон хүмүүс харсан. Тэр үнэндээ монгол эр хүний цөөн гардаг уяралын нулимс байсан. Хүн хичнээн өндөрлөгт хүрлээ ч, Цаст уулсын оргилд гарлаа ч эцэг эхийн л хүү байдаг. Эцэг эхээ санагалзсан хүүгийн сэтгэлийн илэрхийлэл энэ байсан. Хатуу юм шиг хирнээ уяхан сэтгэлтэй жинхэнэ эр хүний шинж. Өнгө мөнгөний энэ цагт хүнд сэтгэлийн орон зай илт үгүйлэгдэх болсон. Харин “Женко”-д ийм орон зай байна.

Баримт 11: 2012 оны 3-р сарын 20-ны орой МҮОНТВ-ээр Х.Баттулга сайд 40 минутын шууд ярилцлаганд орлоо. Тэрээр энэ ярилцлагынхаа үеэр “Тавантолгой бол хэзээ ч биелэхгүй үлгэр” гэдэг хатуу боловч үнэн үгийг хэлж, Монголын улс төрчид бизнесийн бүлэглэлүүдтэй хэрхэн холбогдсоныг задаллаа. Тэрээр “Манай сайд нарын тал нь MCS компанийн барьсан барилгад амьдардаг, энэ компанид хувьцаа эзэмшиж байна” хэмээсэн. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй төр гэрээ байгуулчихсан тул энэ талаар хаана ч ярьж чадахгүй байгаагаа илэрхийлсэн юм. Төрийн “машины” эсрэг тэрээр ийнхүү ганцаар, зоригтой, хурц мэдэгдэл хийж чадсан зоримог, шударга үнэний илэрхийлэл байлаа.

Баримт 12: Цагтаа амжилттай барилдан, Жүдо бөхийн дэлхийн аварга болж байсан хүний хувьд Жүдо бөхийн спортыг байнга дэмжин, энэ чиглэлийн спортоор Монголчууд анх удаа олимпийн аваргатай болоход бодит хувь нэмэр оруулжээ. Тэрээр одоо ч жүдо бөхийн холбоог тэргүүлэн, тамирчдыг бэлтгэлээ хангах, дасгалжуулагчдыг ажлаа амжилттай явуулахад нь санхүүгийн хувьд харамгүй дэмжлэг үзүүлж байна. Монгол хүн жүдо бөхийн спортоор олимпийн аварга болох хүртэл аав шиг, багш шиг, ивээн тэтгэгч шиг л туслаж байгаа нь бахархалтай.

Баримт13: Дэлхийд хамгийн өндөр Чингис хааны морьт хөшөөг “Цонжин болдогт” барьсан нь улс орныхоо нэрийг дэлхийн тавцнаа дуурсгах үйл хэрэг болжээ. Бид бүгдээрээ эзэн Чингис хаанаараа бахархдаг. Харамсалтай нь бидний бахархал архи сархадаа, хоол хүнсээ, гудамж талбайгаа Чингис хаанаар нэрлэхээс хэтэрч чадаагүй байхад, Үндэсний гэх том компаниуд нь төрийн түшээдтэй хуйвалдан, “Оюу толгой”, “Таван толгой”-г хэрхэн хувааж идэх вэ гэж “ясаа булаалцалдах ноход” мэт хэмлэлдэж байхад, “Женко” Х.Баттулга их хааны дэлхийд ганц хөшөөг төрийн ямарч дэмжлэггүйгээр эх орондоо сүндэрлүүлжээ. Тэр хэлсэн үгэндээ хүрч дэлхийн хамгийн том Их хааны морьт хөшөөг барьж чадсан юм.

Баримт14: 2011 оны 7 сард Улаанбаатарын их сургуулийн Археологийн тэнхмийн эрхлэгч, профессор Д.Эрдэнэбаатарын ахласан судлаачид, багш оюутны баг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутагт орших “Гол мод-2”-ын Хүннүгийн язгууртны булшийг 30 дагуул булш, тахилын байгууламжийн хамт цогцоор нь малтан шинжилж, түүхийн шинжлэх ухаанд маш том нээлт хийжээ. Энэ газрыг 2001 онд илрүүлсэн боловч 2010 хүртэл төрөөс санхүүгийн дэмжлэг авахыг хүссэн боловч харамсалтай нь авч чадаагүй байжээ. Судалгааны багийнхан санхүүжилтгүйн улмаас эл судалгааны ажлаа орхиход хүрч байхад санамсаргүйгээр Женко Х.Баттулгатай уулзан төслөө танилцуулахад, тэрээр санхүүжилтыг шийджээ . Ингээд эл булшинд малтлага хийх 200 гаруй хүний хөлс, ажлын техник хэрэгсийн бүх зардлыг /150,0 орчим сая төгрөгийн/ Женко Х.Баттулга 100 хувь дэмжлэг үзүүлж, Монголын археологийн түүхэнд байгаагүй санхүүжилтийг гаргажээ. Эл судалгааны үр дүнд Хүннүчүүдийн түүхийг “шинээр” бичихүйц, үнэт олдворууд олджээ.

Археологийн малтлага эрсдэл ихтэй гэдэг. Асар их зардал гаргаж малтлага хийсний дараа ямар ч үр дүнгүй байх юмуу, тоногдсон булш бунханд хий дэмий зардал гаргах тохиолдол байдаг гэнэ. Үүнийг Х.Баттулга гишүүн сайн мэдэж байсан. Гэсэн ч түүх соёл уламжлалынхаа төлөө гэж “цээжээ дэлдэн” ярих төдий биш, хөрөнгө санхүүжилтээр бодитой дэмжлэг үзүүлэн, өвөг дээдсийн бодит түүхийг хойч үеийнхэнд уламжлан хүргэхийг зорьсон түүний энэ түүхэн гавъяаг бид мартах учиргүй.

Женко Баттулгад, эд хөрөнгийн шунал, эрх мэдлийн дон, ичих айхаа мэдэхгүй хийх луйвар, эх орноо ч зарахаас сийхгүй сэтгэл алга. Харин түүнд эр хүний жудаг, бөх хүний зориг, төрийн хүний зүтгэл байгаа нь бахархууштай. Монгол төрд ийм хүмүүс олон байвал... гэсэн бодол төрж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.