Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.25/ нэгдсэн хуралдаанаар “Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин танилцууллаа.
Чөлөөт бүсүүдийн эрх зүйн байдлыг зохицуулсан бие даасан дөрвөн хуулийг Монгол Улсын Их Хурал 2002-2003 онд тус тус баталж байсан бөгөөд 2015 онд Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуурын чөлөөт бүсийн тухай хуулиудыг шинэчлэн найруулж, Чөлөөт бүсийн тухай нэг хууль батлан өнөөг хүртэл мөрдөж байна.
2015 оны шинэчилсэн хуульд “Хил дамнасан чөлөөт бүс” гэж хил залгаа улсын хилийн боомтын газар нутагт Засгийн газар хоорондын хэлэлцээрт үндэслэн байгуулсан чөлөөт бүсийг хэлнэ“, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу хил дамнасан чөлөөт бүс байгуулж болох бөгөөд уг чөлөөт бүсэд баримтлах бодлого, чиглэлийг холбогдох улстай байгуулсан гэрээгээр зохицуулна” гэж тусгажээ.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцууллаа.
Гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж хариулт авч дууслаа. Ингээд санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 68 хувь нь Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнээр, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.