Д.Өнөрболор: Газарзүйн байршлаа ашиглаад манай улс хуурай замын боомт хөгжүүлэх боломжтой
УИХ-ын өнөөдрийн /2021.12.02/ нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:
Сэлэнгэ аймагт Алтанбулаг, Дорноговь аймагт Замын-Үүд, Баян-Өлгийд Цагааннуур чөлөөт бүсийн боомт 2002-2005 онд УИХ-ын тогтоолоор байгуулж байжээ. Үүнээс хойш 20 орчим жил болох гэж байхад хашаа хатгах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар цөөн тооны худалдаа үйлчилгээний газар байгуулж ажиллуулахаас өөр бүтээн байгуулалт, дорвитой ажил хийгээгүй өнөөдрийг хүрсэн байна. Манай хөрш орнуудын тухайд цөөнгүй чөлөөт бүсийн хөгжүүлэлт, бодлого баримталж, төлөвлөлт, хэрэгжүүлэлт нь хэвийн үргэлжилж, үр өгөөжөө өгч байдаг.
Чөлөөт бүсийн үйл ажиллагаа энэ олон жил яагаад хөгжөөгүй юм бэ?
Хуулийн өөрчлөлтөөр боомтын дэглэмийг зурвас болгон өөрчилж, газар эзэмшихгүй байхаар тусгажээ. Ашиглуулах нөхцөлөөр хөрөнгө оруулалт хэрхэн татах вэ, үүнийг тооцоолсон уу?
Газар зүйн байршлынхаа давуу талыг ашиглаад манай улс хуурай замын боомтоо хөгжүүлэх боломж байгаа. Энэ тал дээр ямар бодлого баримталж байгаа вэ?
Түүний асуултад Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хариуллаа.