2019.10.25

Б.Бат-Эрдэнэ: Засгийн газрын гишүүд, сайд нар чуулганы хуралдаанд оролцож асуудлаа хэлэлцүүлэх шаардлагатай байна

Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.25/ нэгдсэн хуралдаанаар “Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Чөлөөт бүсүүдийн эрх зүйн байдлыг зохицуулсан бие даасан дөрвөн хуулийг Монгол Улсын Их Хурал 2002-2003 онд тус тус баталж байсан бөгөөд 2015 онд Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуурын чөлөөт бүсийн тухай хуулиудыг шинэчлэн найруулж, Чөлөөт бүсийн тухай нэг хууль батлан өнөөг хүртэл мөрдөж байна.

2015 оны шинэчилсэн хуульд “Хил дамнасан чөлөөт бүс” гэж хил залгаа улсын хилийн боомтын газар нутагт Засгийн газар хоорондын хэлэлцээрт үндэслэн байгуулсан чөлөөт бүсийг хэлнэ“, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу хил дамнасан чөлөөт бүс байгуулж болох бөгөөд уг чөлөөт бүсэд баримтлах бодлого, чиглэлийг холбогдох улстай байгуулсан гэрээгээр зохицуулна” гэж тусгажээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

"Болгоомжлох ёстой зүйл бий. Хууль бус наймаа, ангын үс, алт, хар тамхи гэх мэт зүйлсээ анхааралдаа авах нь зүйтэй байх. Харин бооцоот, мөрийт тоглоомын асуудлыг 2 талаасаа хорих юм байна. 

УИХ гэж парламентын засаглал, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт сураггүй болчихлоо. Энэ одоо юу болоод байгаа юм бэ? Гишүүд нь чуулгандаа ирэхгүй, Засгийн газрын гишүүд нь асуудал оруулж ирээд байхад сайд нар нь байдаггүй. Ийм байдлаар ажил хийх боломж алга. Шөнө дөл болтол л асуудлыг шийдэх гэж бид сууж байна. Энд 75-уулаа биш 30 гаруй л хүн байнга суудаг. Гэтэл салбарын сайд нар нь хуралдаа суухгүй байгааг ойлгох юм алга."

Түүний асуултанд Шадар сайд Ө.Энхтүвшин хариуллаа.