Авлига авсан байж болзошгүй сайд нарын баримтыг УЕПГ-т өглөө
2012.03.30

Авлига авсан байж болзошгүй сайд нарын баримтыг УЕПГ-т өглөө

"Таван толгойн орд газраас Монгол Улсын иргэн бүр хувьцаа эзэмших ёстой. Энэ хувьцаа нь хэдэн жилийн дараа үнэд хүрч Монгол Улсын эдийн засаг үлэмж хэмжээгээр өсч, иргэдийн амьдрал гарын алга эргүүлэхтэй адилхан хурдацтай сайжирна" гэсэн гоё чамин үгсийг та хаа нэгтэйгээс уншиж байсан байх. Эсвэл тийм гэгээлэг сайхан мөрөөдөлтэй ч байж мэдэх Уг нь  тийм байх ёстой л доо, улстөрчдийн ярьж байгаагаар.

Гэсэн ч тэгсэнгүй. Таван толгойн орд газрыг ашиглаж хувь хишиг хүртэх нь битгий хэл хувьцаа нэртэй хоосон цаас өвөртлөөд насыг барахад ойрхон болчихоод байгааг УИХ-ын гишүүн Х.Баттулга олон нийтэд хандаж хэвлэлээр зарласан. Учир нь, Таван толгойгоос иргэд хувь хишиг хүртэх ёстой байсныг Засгийн газрын гишүүд нь үгсэн тохиролцож, ханцуйндаа наймаалцсанаас үүдээд Монголын 2.7 сая иргэн бус олигархи хэмээн нэрлэгдээд буй 20-хон гэр бүл л Монголын баялгийг хувааж идээд байгааг баримтаар дэлгэсэн. МС5 гэх компанийн өндөр үнэтэй байранд ямар ч түрээсгүй амьдарч байгаа нь сайд нар авилга авсан байж болзошгүй хэмээж буй юм. Тиймээс ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт тэргүүтэй нэр бүхий хүмүүсийг АТГ-т шалгуулах хүсэлтээ өнгөрсөн долоо хоногт холбогдох байгууллагад нь хүргэж өгсөн.

Харин энэ удаад дээрх нэр бүхий хүмүүсийг шалгуулах хүсэлтээ Улсын прокурорын ерөнхий газарт хүргэж өглөө. Эл хүсэлтээ Ерөнхий прокурор Д.Дорлигжавт хүлээлгэн өгөх гэсэн ч тэрээр эзгүй байв. Тиймээс Тамгын газрын дарга Б.Үнэнбатад гардуулан өгсөн юм. Энэ баримтыг хулээлгэн өгөхөд УИХ-ын гишүүн Х.Баттулгатай хамт Л.Гүндалай гишүүн очсон юм. Тэрээр "УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 7-ны 27 дугаар тогтоолоор 15 стратегийн орд газрыг зарласан. Таван толгойн орд газар гэдэг нь "Таван толгой", "Энержи ресурс", "Дайцуки" компанийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийн хэмжээнд нөөц тогтоосон газрыг хамааруулна гэсэн Ц.Нямдоржийн гарын үсэггэй УИХ-ын тогтоол байна. Таван толгойн орд газарт "Энержи ресурс", "Дайцуки" ком-панийн эзэмшиж байгаа лиценз багтаж буй. Гэтэл УИХ-ын тогтоолыг Засгийн газар хэрэгжүүлэхгүй байна. Таван толгойн орд газар нь Монгол Улсын стратегийн орд газар л юм бол иргэд түүнээс хувьцаа эзэмших ёстой.

 

Нөөцийг нь улсын төсвөөс санхүүжүүлээд тогтоосон байхад Засгийн газар өнөөдрийг болтол ямар ч шийдвэр гаргаагүй. Гэтэл “Энержи ресурс” гэдэг олигархиудын бүлэглэлээс бүрдсэн компани энэ орд газрыг зарж, үрж байна. Жилийн өмнө 700 сая ам,доллартай тэнцэх хэмжээний хувьцааг Хонконгийн биржид зарчихсан. Нэг үгээр хэлбэл ,бидний эзэмшиж байх 20 хувийг Монголын 20-хон гэр гэр бүл хуваагаад идчихлээ гэлээ. Тавантолгой бус Ухаа худагийн ажлыг урагш явуулах сонирхол Засгийн газрын  танхимын сайд нарт байгааг ч тэр хэлсэн. Тэдний эзэмшиж буй гэх Ухаа худаг нь Тавантолгойн дөрвөн хувь гэдэг нь худлаа аж. Харин ч Ухаа худаг нь Тавантолгойн орд газрын хамгийн их нөөцтэй ,нэг үгээр хэлбэл тогоотой сүүний өрөм нь гэсэн үг. Мөн дээрээс нь ашиглаж, ухахад хамгийн амархан хэсэг гэж байгаа юм. Тиймээс энэ их баялгийг 20 гэр бүл бус Монголын 2,7 сая иргэн эзэмшиж, хувь хишгийг нь хүртэх ёстой гэсэн үүднээс УИХ-ын гишүүн Х.Баттулга,Л.Гүндалай нар дээрх баримтыг УЕПГ-т хүлээлгэн өгч, үүнд анхаарал хандуулахыг хүслээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.