Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2019.04.10) хуралдаан 11 цаг 18 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн А.Сүхбат танилцууллаа.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнбат асуулт асууж, хариулт авлаа. Дараа нь төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, А.Сүхбат, Б.Бат-Эрдэнэ, Л.Энхболд, Б.Батзориг, Н.Цэрэнбат, Л.Элдэв-очир нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.
Ийнхүү гишүүд үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Дараа нь “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, УИХ-ын гишүүн А.Сүхбатыг ажлын хэсгийн ахлагчаар томиллоо.