Сайдаасаа жишээ авч, бултаараа гүйдэг больё
2011.08.22

Сайдаасаа жишээ авч, бултаараа гүйдэг больё

Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга өглөө болгон гүйдэг гэдгийг та сонссон уу? Эрхэм төрийн түшээ Сансар орчимд байдаг гэрээсээ гарч гүйгээд Энхтайваны гүүр давж, эр хүний хийморь сэргээдэг гэлцдэг бөхчүүдийн очих дуртай Хийморийн овоог тойроод эргээд "Баянгол" зочид буудалд ирдэг гэнэ лээ. Тэрбээр өөрийн тусгай амралтын өрөөндөө шүршүүрт орж, хувцсаа солиод өглөөний ундаа буудалд уугаад ажилдаа явдаг ажээ. Олддоггүй, завгүй Х.Баттулга сайдтай уулзах гэсэн хүмүүс өглөөний 07.00 цагт "Баянгол" зочид буудлын үүдэнд түүнийг гүйлтээсээ ирэхийг нь амдаад хүлээж байдаг гэсэн.

Засгийн газрын бусад нөхдөө бодоход хавьгүй залуухан харагдаж, жингээ барьж чаддагийн нууц нь энэ ч байж мэдэх юм. Мань эр гэхдээ хэзээний тамирчин хүн л дээ. Тэр их ажлынхаа хажуугаар өөртөө зав гаргаж, өглөө гүйдэг төрийн түшээгийн энэ дадал зуршлыг манай сонин "Браво" хэмээн дэмжиж байна.  Зөвхөн Сайд гэлтгүй, өөртөө болоод эрүүл мэнддээ санаа тавьж, өглөө эрт гүйдэг хүн нийслэлд цөөнгүй бий. Нэгэн үе эмээ, өвөө нар, тамирчид голдуу парк орчимд гуйж харагддаг байсан бол сүүлийн үед биеийн тамирын хувцастай залуухан охид, хөвгүүд ч тэр хавиар үзэгдэх болсон. Үндэсний соёл амралтын хүрээлэн саяхнаас өглөөний 06.00-09.00 цагийн хооронд үүдээ нээдэг болжээ. Өглөө гүйдэг хүмүүст зориулж ийм шийдвэр гаргасан гэнэ лээ. Явган явах, гүйх, цэвэр агаарт алхах нь хүн болгонд боломжтой, хялбар дас-гал байдаг. Илүүдэл жингээсээ салах гээд чадахгүй яваа хүн бидний дунд маш олон бий. Тэгвэл өглөө байрныхаа ойр орчимд 10-20 минут гүйгээд байхад таны бие аяндаа л хөнгөрөөд ирнэ вий. Өдөржин ширээний ард суудаг ажилтай бол энэ нь ямар ч эмнээс илүү таны эрүүл мэндэд тустай гэдгийг санаарай.

Сайдаасаа жишээ авч, бултаараа гүйдэг болъё. Тэгээд бүгдээрээ эрүүл, урт удаан амьдаръя.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.