Б.Бат-Эрдэнэ: Бөх болно гэдэг сайн хүн байхын нэр
2011.08.04

Б.Бат-Эрдэнэ: Бөх болно гэдэг сайн хүн байхын нэр

Д.Жаргалсайхан dе Fаctо нэвтрүүлэгтээ УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнийг урьж ярилцлаа

-Таныг монголчууд сайн танина. Гэхдээ өөрийнхөө тухай танилцуулна уу. Төрсөн газар, хүүхэд насныхаа тухай сонирхуулаач. Хэзээ бөх болохоор шийдсэн бэ?

-Би 1964 онд төрсөн, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутагт Хэрлэнгийн хөвөөнд өсөж торнисон. 1960-аад оны хүүхдүүд аав ээждээ туслан, хурга ишиг хариулж, бөх барилдаж өссөн байдаг. Монголчууд хүү төрвөл бөх болно гэсэн ерөөлтэй байсан. Энэхүү ерөөлийн цаана бөх болно гэдэг нь сайн тамирчин болно гэхээс илүү сайн хүн болно гэсэн утга байдаг юм болов уу. Энэ л ёсоор тэр үеийн хүмүүс биднийг хооронд нь барилдуулж, урам өгдөг байсан байх.

-Танай аав жолооч байсан. Аав тань бөх болоход нөлөөлсөн үү?

-Нөлөөлсөн. Тэр үеийн аавууд бүгд адилхан байсан. Ер нь эр хүн болгон гэртээ зодог шуудагтай байсан. Сумын болон овооны наадмын аманд гарч үзээгүй монгол эр хүн гэж байгаагүй болов уу гэж боддог. Энэ хүмүүсийн нэг бол манай аав. Тийм учир хүүгээ дагуулаад бөх үзэх дуртай байсан. Мөн тэр үед телевиз гэж байгаагүй учир цагаан сарын бөхийг радиогоор сонсдог байсан. Энэ бүхэн намайг бөх болоход их нөлөөлсөн. Бөх болох хүсэл зоригийг аав минь өгсөн.

-Та цэргийн албанд ирээд цэргийн арслан болсон. Энэ тухайгаа дурсаач?

-Хэнтий аймагт спорт хөгжүүлэх чиглэлээр олон арга хэмжээ зохион байгуулдаг байсан юм. Түүний нэг бол найман жилийн сургуулиудын спартикад. Тэр үед би тавдугаар ангид байлаа. Тэмцээнд 20 хүүхэд  оролцсоноос гурав, дөрөв давж билээ. Энэ миний анхны тэмцээн байсан юм. Аравдугаар ангид байхдаа Улаанбаатар хотноо Улсын идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд ороод дөрөвдүгээр байрт орсон. Тэгээд би Сэлэнгэд цэргийн алба хааж байхад гавьяат багш Гэлэг намайг "Хүч" нийгэмлэгт татаж оруулсан.

Гэлэг багш цэргийн албанаас шууд татаж чадсан.

Учир нь хуучнаар ЗХУ-д хамт сурч байсан найзууд хилийн цэрэг болон дотоод хэргийн яамнуудад удирдах албан тушаалтнууд болчихсон байсан. Тэд тусалсан байх. Би "Хүч" нийгэмлэгт ороод нэг жил болж байхад сургуулиудын шалгалт эхэлсэн. Тэгэхэд манай багш "Чи ЗХУ-д сургуульд яваад хэрэггүй ээ. Бөхийнхөө спортын амжилтыг үзэх хэрэгтэй гэж зөвлөсний дагуу би яваагүй.

-Таны барилдааныг монголчууд маань сайн мэдэж байгаа, бас сайн санаж байгаа. Нэг үе гадаадын жуулчид монголчуудын наадамд бөх барилддаг юм байна. Түрүүлсэн хүнийг нь Бат-Эрдэнэ гэж нэрлэдэг гэж таны нэрийг цол гэж ойлгодог үе байсан. Анх аварга болоход юу бодогдож байсан бэ?


-Бөх хүнд улсын цол авна гэдэг их сайхан зүйл байдаг. Би 1985 оны наадмын дөрвийн  даваанд Увс аймгийн харьяат Улсын заан Тулгаа гуайг даваад, тавын даваанд улсын начин Балжиннямыг давж улсын начин болж байлаа. 1988 онд түрүүлж, 1989 онд аварга болоод 1990 онд дархан аварга, даян аварга цолыг хүртсэн.

-Энэхүү цолыг авах хүртлээ ахмад бөхчүүдээсээ юуг нь тусгаж авсан бэ?

-Бидний өвөг дээдэс монгол бөхийг бий болгож, зохиож бидэнд өвлүүлэн үлдээсэн. Миний аав хүүхдээ дагуулж бөх үзүүлж, ээж минь дэмжиж, дээлийнхээ сугыг урчихаад ирэхэд зэмлэдэггүй байсан гэх зэрэг монгол бөхөд шингээсэн өв соёл юм даа. Үүгээр дамжуулан миний хүү бөх болох юм аа гэсэн бодлыг тээж явдаг байсан байх. Монгол бөх ахас дээдсээ хүндлэх, анд нөхдийн холбоо бат бэх байх, захирах, захирагдах ёсыг баримтлах, хэлсэндээ хүрдэг зэрэг олон сайн сайхан шинж чанарыг агуулж байдаг.

Би дээд үеийнхнийхээ хүндэлж, шүтэж ирсэн.

Бага байхдаа Хадбаатар, Дамдин аварга гэж ямар хүн байдаг бол гэж боддог байлаа. Монгол бөхөд хамгийн дээд цол дархан аварга байдаг. Энэ цолыг улсын баяр наадамд таван удаа түрүүлж байж авдаг. Манай дээд үед Баянмөнх, Мөнхбат аваргууд байсан бол түүний дээд үед нь Түвдэндорж аварга долоо түрүүлсэн дархан аварга байлаа. Энэ сайхан соёлын дунд байж, мэдэрч, холбогдож явдгаараа баярлаж байдаг. Би дараагийн үедээ үлгэр дуурайл болох юмсан гэж боддог. Энэ бодлоороо би монгол бөхийн соёл,уламжлалд үндэслэн бөхийн сургууль байгуулсан. Манай сургуулийн эрхэм зорилго бол хувь хүний амжилт бус, залуусыг сайн хүн болгох, байлгах. Энэ зорилго доороо Монголын олон мянган үрсийг сурган хүмүүжүүлж, эх орны хэрэгцээт мэргэжлээр сургаж байна. Манай сургуулиас олимпийн анхны аварга, улсын наадмын түрүү бөх зэрэг олон сайн шавь нар төрөн гарсан.

-Та 1996 онд хөл цуурсан байхдаа Мөнх-Эрдэнэ арслантай дөрвөн цагийн туршид барилдаж байсан. Тэр үед таныг юу тэгж дөрвөн цагийн туршид барьж байсан бэ?


-Би 1996 онд Атлантын олимпийн оноо цуглуулах Германд болсон барилдаанд хөлөө хүнд гэмтээсэн юм. Шагай мултарч, хөл цууран гурван сарын туршид хэвтэж байхдаа хэвтрийн хатгаа тусч байлаа. Тэр жилээ улсын баяр наадамд барилдаж Мөнх-Эрдэнэ арслантай үзүүр, түрүүнд үлдэж түрүүлж байсан. Түүний урьд жил бас хөлдөө бэртэлтэй байсан. Надад улсын баяр наадамд хоёр удаа хүнд бэртэлтэй зодоглох үе тохиосон.

-Тэр зан таны ёс суртахуунаас гардаг уу?

-Монголын ард түмний амьдарч байгаа байгаль орчин, цаг уурын онцлог, ахуй соёл зэрэг нь нэгдэн нийлж энэ чухал шинж чанарыг бий болгосон. Судлаачид монгол морь бол эцэж цуцатлаа уралдаж чаддаг морь хэмээн тодорхойлсон байдагтай адил монгол эр хүн тийм байдаг. Монгол эр хүн зорьсон зорилгынхоо төлөө хүчээ харамгүй шавхдаг агуу тэвчээрт хүчтэн юм. Тийм учир Монгол Улс маань дэлхийд нэг үе нэрээ мандуулж, нийгмийн томоохон бодлогыг тодорхойлж байсан. Тийм агуу хүчтэнээс бидэнд жаахан зүйл үлдсэн учир би дөрвөн цаг барилдсан байх.

-Тийм тэвчээртэй байхын тулд маш их сахилга бат, шаргуу хөдөлмөр хэрэгтэй байх гэж бодож байна. Та өөрөө маш сахилга баттай хүн.

-Нийгмийн болон гэр бүлийн бидэнд олгосон хүмүүжил тэр юм аа. Бидний өссөн орчин тэр хүмүүжил рүү түлхэн оруулсан. Одоо орчин өөр болсон. Бидний үед манай дээд үеийнхэн маш агуу байж. Өвөг дээдэс маань тийм л сайн хүмүүсийг өсгөн хүмүүжүүлж байсан.

-Дараачийн үеийг ийм болгохын тулд юун дээр анхаарах ёстой гэж бодож байна вэ?

-Би тэр агуу ёс уламжлал, түүх соёлоосоо холдоогүй гэж бодож байна. 20, 30 жил холдсон болохоос биш 200, 300 жил холдоогүй ээ. Энэ соёлыг би харь нутгаас авчирч нутагшуулаагүй. Хуучны үгийг хууль болгон дага, Өвгөдийн үгийг өв болгон ав гэсэн үг байдаг. Иймд бид өвөг дээдсийнхээ өв ухааныг баяжуулан хөгжүүлэх ёстой.

-Энгийн тамирчин хүмүүст ямар шинж чанар байх ёстой вэ?

-Тамирчин болон энгийн иргэд гэлтгүй бүх хүмүүст хамааралтай. Тэр дундаа эрчүүдэд хамаатай дээд зэргийн хүмүүжилтэй, ёс суртахуунтай, зөв шийдвэр гаргаж чаддаг гээ д олон шинж чанар бий. Мөн нөхөрлөлдөө үнэнч, хэлсэндээ хүрдэг, цаг баримталдаг гээд шинж чанарууд байгаа. Мөн сүүлийн үед манай хэвлэл мэдээллээр монголчууд цаг барьдаггүй мөртлөө цаашлаад хулгайч байсан гэж бичээд байгаа. Мянга бичихээр сүүлдээ үнэн мэт санагддаг. Гэвч бүх юм эсрэгээрээ байсан. Намайг Хэнтий аймгийн Дадал суманд ажлаар явж байхад тус сумын цэцэрлэгт сайн дурын багшаар ажиллаж байгаа гадаадын иргэн босоод "Монголд сайхан сэтгэл, сайхан цэвэр агаар л байна" гэж хэлсэн. Тэр хүн монгол хүнд сайхан сэтгэл л байна гэж дүгнэж байна. Иймд бид тэр сайхан сэтгэлээ ямагт зүлгэж, арчилж байх ёстой гэж бодож байна.

-Та улс төрд яагаад орох болсон бэ?

-2004 онд манай биеийн тамирын  салбарынхан болон аймаг, сум орон нутгийнхан санал тавьсны дагуу би улс төрийн амьдралд орсон. Би түүнээс  өмнө МУИС-ийн хууль зүйн сургуульд Нарангэрэл багшийн удирдлага дор докторантурт суралцаж биеийн тамирын  эрхзүйн орчныг сайжруулах чиглэлээр судалгаа хийж амьдрал дээр тодорхой үр дүнд хүргэж хэрэгжүүлсэн. 2003 онд УИХ-аар биеийн тамирын тухай хуулийг батлуулсан бөгөөд тэр хуулийн төслийг боловсруулахад биечлэн оролцсон. Тэгээд 2004 онд  биеийн тамирын салбарыг төлөөлөн УИХ-д суусан.

Төрийн бодлого бол хувь хүнийг хөгжүүлэх арга.

Төрийн зөв  бодлого чиглэлтэйгээр  биеийн  тамирт анхаарах болсон юм. Үүний үр дүнд биеийн тамирын салбарын эрхзүйн орчин сайжирлаа, энэ салбарт оруулах хөрөнгийн хэмжээ ихэссэн, мөн олимпийн аваргууд ч төрсөн. 2000 оны эхэн үед биеийн тамирын салбарын ирээдүйд итгэх итгэл алга болсон байсан. Жишээ нь Нэг том зөвлөгөөн  дээр "Ойрын  хугацаанд олимпийн  аваргатай болъё" гэсэн уриалга гаргахад манай салбарынхан "Манайхаас олимпийн аварга байтугай медальтан төрөхгүй ээ, харин богино хугацаанд олимпод амжилт үзүүлье гэвэл боксын спорт сайн хөгжсөн Кубаас чөлөөт  бөх сайн хөгжсөн Дундад Азийн улсуудаас тамирчин мөнгөөр авчран Монгол Улсын нэрийн өмнөөс оруулж олимпийн аваргатай болъё" гэж өөрсдөдөө итгэх итгэлээ алдсан байдалтай хэлж байлаа. Гэвч төрийн сайн бодлогын хүрээнд бид 2008 оны олимпоор гурван аварга, хоёр медальтан төрүүлсэн.

Энэ амжилт бол дан ганц тамирчдын амжилт биш ээ.

Бидний судалснаар бусад улс оронд биеийн тамирын салбарын хөгждөг нь пирамидын бүтэц тогтолцоо гэж  байдаг. Түүний хамгийн орой дээр олимпийн аваргууд, алдарт тамирчид  нь байдаг. Харин энэ пирамидын суурь нь биеийн тамир нь амьдралынх нь хэрэгцээ болдог тийм хүмүүс байдаг. Пирамидын орой нь сууриа уриалан дуудаж байдаг.  Энэ тогтолцоог манай өвөг дээдэс маань бүтээгээд өгчихсөн. Мөн манай улсын тамирчид дотоод сэтгэлээрээ барилддагаараа их онцлогтой.

-Та улс төрд орсноосоо хойш байгаль орчин, хууль зүйн байнгын хороонд ажиллаж байсан. Та "Хэрлэн говь" төсөлд ч ажилласан. Энэ тухайгаа сонирхуулна уу?

-Энэ төсөл нь Хэрлэн мөрний Багануурын гүүрнээс доошх хэсгийг нь хааж говь руу татах зорилготой байсан. Гэвч ингэж татах боломж байхгүй. Хэрлэн мөрөн бол Монгол гүрний түүхтэй холбоотой бөгөөд шаардлага гарвал олон улсын гэрээ конвенцээр зохицуулах ёстой. Энэ гол нь 1180 км урттай Монголын нутгаар хамгийн урт урсаж  байгаа бөгөөд олон аймаг, сумдын ард түмэн, малыг ундаалж байгаа. Ийм мөрнийг таслаад говийн бүс нутгийн уул уурхайн , төслийг хэрэгжүүлэхээр ашиглаж болохгүй ээ. Хэрвээ энэ асуудалд менежмент хийнэ гэвэл цогцоор нь авч үзэх ёстой.

Хэрлэн мөрний эх болох гурван мөрний эх доройтоод байгаа.

Гурван мөрний эхэнд алтны компаниуд үйл ажиллагаа явуулснаас болж урсгал нь татарч байна. Иймд Хэрлэн мөрний эхийг хамгаал ах ёстой. Тэгээд сав дагуу бүх менежментийг хийж байж ашиглах ёстой гэдэг үүднээс энэ төслийг хаасан. Энэ дээр үндэслэн 2004-2008 оны УИХ-д Экологийн тухай хуулийг оруулан хэлэлцүүлсэн. Үүний үргэлжлэл болж энэ удаагийн УИХ-д Гол мөрний усан санг хамгаалах, ойн сан бүхий газрыг хамгаалах зэрэг хуулийн төслийг иргэний нийгмийн байгууллага, байгаль орчноо хамгаалдаг байгууллага болон иргэдийн саналыг тусган батлуулаад одоо хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна.

-Энэ хууль хэрэгжихгүй байгаа шүү дээ?

-Энэ хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа Засгийн газарт бид шаардлага тавиад байгаа.

-Гол мөрний сав газраар алт олборлох зөвшөөрлийг нь өгчихсөн байгаа. Энэ буруу шүү дээ?

-Зөвшөөрөл өгсөн нь буруу. Төр энэ гаргасан алдаагаа бага дээр нь засаж залруулах ёстой. Зогсоохгүй бол үүнээс их хохирол учрах болно.

-Төр засагт гарсан хүмүүс 10, 20 жилийн цаадахыг бодохгүй шийдвэр гаргах юм. Амьдрал дээр нөгөө шийдвэр нь болохгүй байхад засах боломжгүй байдаг. Яагаад алсыг бодохгүй шийдвэр гаргаж байна вэ? Үүнийг хэрхэн шийдэх ёстой вэ?

-Өнөөдөр батлагдаж байгаа нэг хэсэг хууль хэрэгжихгүй байгаа. Нэг тал нь бол хуулийн цоорхой болон судалгаатай холбоотой. Нөгөө тал нь бол ашиг сонирхолтой холбоотойгоор хэрэгжүүлэхгүй байгаа. Бидний энэ гаргасан хуулийн хэрэгжүүлэхгүй байх ашиг сонирхол байна. Уул уурхайн компаниудын хүсэл зорилго байна. Түүний цаана үндэстэн дамнасан компаниуд ч байгаа юм. Тэдний сонирхолд эрх ашгийн нөлөөгөөр хэрэгжүүлэхгүй байгаа бөгөөд нийтлэгээр нь хэрэгжихгүй хууль батлууллаа гэдгийг наанаас нь хааж байна. Бодит амьдрал дээр энэ хууль хэрэгжих бүрэн боломжтой. Хэрэгжүүлэхийн төлөө ажиллах юм бол болно. Зохицуулалтыг нь маш тодорхой заагаад өгчихсөн байгаа. Сая хүчингүй болгох хуулийн төсөл санаачлаад УИХ-аар оруулахаар болоод. Би үүнд эсэргүүцлээ маш хүчтэй илэрхийлсэн.

Энэ хуулийн төсөл УИХ-д орох уу?

-Ороход бэлэн байгаа. Гэхдээ бидний эсэргүүцэлд үндэслэн хэлэлцэхийг нь хойшлуулаад байгаа. Бид Засгийн газрын хоёр жил хийгээгүй ажлыг өөрөөр хүчингүй болгох хуулийн төсөл оруулж ирэх ёсгүй гэдэг шаардлагыг тавьж байгаа. Тийм учраас Засгийн газар энэ ажлаа шуурхай хийх ёстой. Хийх боломжгүй гэдэг асуудал байхгүй ээ.

-Та өнөөдөр сонгуулийн ямар тогтолцоог дэмжиж байна вэ?

-Би сонгуулийн холимог тогтолцоог дэмжиж байна. Холимог тогтолцоо дотроо мажоритари давамгайлсан байдлыг дэмжиж байна. Яагаад гэвэл энэ бол Монгол орны онцлогтой холбоотой. Өргөн уудам нутаг, хүн амын нягтаршил, төрөө дээдэлсэн үүргийн ухамсартай холбоотой.

-Ард түмний санал асуулга явуулна гэж яриад байгаа. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?

-Ард түмний санал асуулгыг тодорхой асуудлаар явуулж болно. Үүнийг би дэмжиж байгаа. 1995 онд баталсан ард түмний санал асуулга явуулах хууль байгаа. Энэ хуулийг баталснаас хойш нэг ч санал асуулга явуулж байгаагүй шүү дээ.

-Та сонирхогчдын сумогийн дэлхийн аварга. Сүмогийн тамирчин монгол бөх барилдах, монгол бөх сүмогоор барилдахын аль нь амар хялбар вэ?

-Миний хувьд монгол бөх бусад бөхийн спортоос барилдааны арга барилын хувьд илүү гэж боддог. Тиймээс монгол бөхдөө тулгуурлаж хичээллэсэн хүмүүс бусад спортын төрлөөр амжилт сайн үзүүлж байгаа. Японы мэргэжлийн болон мэргэжлийн бус сүмо өөрийн соёл, өв уламжлалаа хадгалсан байдаг. Японы сүмотой харьцуулахад бид өөрсдийн соёлоо жаахан алдагдуулан спортын амжилт өрсөлдөөн тал руугаа хазайсан байна. Сүмо бол өөр.

-Монгол бөх ард түмнийх гэдгээрээ байгаа шүү дээ.

-Японд бас адил. Тэндхийн бүх сургуульд мэргэжлийн сүмо зааж, хичээллүүлдэг. Өнөөдөр зөвхөн мэргэжлийн сүмог амьдралаа болгосон 1000 гаруй хүн байна.

-Та өөрөөсөө илүү жинтэй бөхтэй барилдаж үзсэн үү?

-Би сүмо сонирхогчдын дэлхийн аварга болохдоо АНУ-ын Ябро хэмээх 275 кг жинтэй, хоёр метр гаруй өндөртэй бөхтэй барилдаж, монгол бөхийн мэхээр унагасан. Азийн сүмо сонирхогчдын аваргад котомицукитай барилдаж түрүүлсэн.

-Ер нь та хэдэн цаг унтдаг вэ?

-Унтая гэвэл 10 цаг ч унтаж чадна. Босно гэвэл хэзээ ч босдог. Би тантай зургаан цагт уулзана гээд таван цагт босно гэж толгойдоо код хийсэн бол сэрүүлэг хэрэглэхгүйгээр босдог.

-Та өглөө болгон биеийн тамираар хичээллэж байна, тийм ээ?

-Би өглөө бүр 30 минут дасгал хийдэг. Ажил дээрээ бол үдийн цайны цагаа хоёр хувааж дасгалаа хийдэг.

-Та олон жил биеийн тамираар хичээллэсэн. Одоо том биетэй. Биеийн жин, галбираа хадгалж явахын тулд хийж байна уу?

-Хүний бие бялдар, дотоод сэтгэл оюуныг салгаж болохгүй. Бие бялдраа хэдий чинээ хөгжүүлж байна, тэр чинээгээр өөрөө өөрийгөө ялдаг. Энэхүү дасгал хөдөлгөөнийг хийгүйгээр юу ч хийж чадахгүй. Нэгдүгээрт эрүүл мэндийн асуудлаа хүчрэхгүй болно. Мөн дотоод зориг тэвчээр алдагдана. Би хоёр удаагийн УИХ-д сонгогдож ажиглалт хийгээд сууж Их хуралд сууж байгаа хүмүүсийн олонх нь биеийн тамираар идэвхтэй хичээллэдэг. Яг надтай адил дасгалаа хийдэг. Тэд өөрсдөд нь байх ёстой зүйл гэж үздэг. Би тэдэнд "Та нар энэ мундаг чанараа хүмүүстэй хуваалцаач ээ"гэж хэлдэг юм. Бидний дараагийн үеийнхэн зөөлөн сандал дээр суугаад, телевизор үзээд, чихэртэй ус уугаад ийм л болж байна гэж хэлдэг юм.

-Зав гаргаж ярилцсанд баярлалаа. Тавд амжилт хүсье.

-Би ч танд нэвтрүүлэгтээ урьсанд баярлалаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.