Ч.Улаан: Эдийн засгийн хөгжлийн яам зайлшгүй хэрэгтэй
-Эдийн засгийн хөгжлийн яам байгуулах асуудал юу болж байгаа вэ. Ийм яам байгуулах учир юу вэ?
-Яам ямар нэртэй байх нь чухал биш. Эдийн засгийн нэгдсэн бодлогыг улсын хэмжээнд тодорхойлж, хяналт тавьж уялдуулдаг яам зайлшгүй хэрэгтэй байгаа юм. 2000 оноос хойш эдийн засгийн бодлогоо зангиддаг Засгийн газрын төв байгууллагагүй явж ирсэн. Хөгжлийн бодлогоо оновчтой тодорхойлдоггүй, бодлого байсан ч хангалттай хэрэгждэггүй, нөөц бололцоогоо бүрэн дайчилдаггүй, салбаруудын уялдаа зохицуулалт хангадаггүй байдал Эдийн засгийн хөгжлийн яамгүй байсантай холбоотой юм. Ийм бүтэц бий болгох гэж хэд хэдэн удаа оролдож байсаан.
Эдийн засгийн хөгжлийн төв байгууллага буюу Улсын Төлөвлөгөөний комисс гэж байсныг 1990 онд татан буулгасан.
Төлөвлөгөөний комисс, улсын төлөвлөгөөг байхгүй болгочихвол зах зээлийн нийгэмд шилжчих юм шиг нэг хэсэгт төөрөлдсөн. Хоёр жилийн дараа энэ алдаагаа ойлгоод Үндэсний хөгжлийн газар (ҮХГ)-ыг байгуулж байв. Ерөнхийлөгч асан П.Очирбат зарлиг гаргаж улсыг төлөвлөгөөтэйгөө р хөгжүүлэх ёстой юм байна гээд яамны статустай, сайд толгойлдог тус газрыг байгуулсан юм. Эдийн засгийн хямралын үед ҮХГ ажилласан нь үр дүнгээ өгсөн гэж би үздэг. Тэр үед зах зээлийн шок буюу хомсдолын үеийг харьцангуй хохирол багатай, богино хугацаанд даван туулсан. 1993 он гэхэд картаар бараа олгодог байдлаас гарч,зах зээлийн харилцаанд шилжсэн. 1990-1992 онд Монгол орны байдал ямар хүнд байсныг хүмүүс мартаагүй байх. ҮХГ бодлогоо тодорхойлж, хяналтаа тавьдаг. Түүнийхээ зохицуулалтыг хийдэг. Салбар хоорондын уялдаа холбоог хангадаг байв. Шаардлагатай бүтээн байгуулалтын ажлуудыг эрэмбэлдэг, хөрөнгө оруулалтыг оновчтой газар төвлөрүүлэхийн ач холбогдлыг тэгэхэд ойлгосон гэж бодож байгаа.
-Хөгжлийнбодлоготодорхойлдог төв байгуулалтыг нэлээн хэдэн удаа татан буулгаж байсан байх?
-1996 онд ҮХГ-ыг дахин татан буулгаж, Сангийн яаманд эдийн засгийн нэгдсэн бодлогыг хариуцуулсан. Сангийн яам төсвийн орлого бүрдүүлж, зарлага гаргадаг өдөр тутмын үйл ажиллагаатай өвөрмөц байгууллага. Бодлого тодорхойлох үүрэг дэлхийн аль ч улсын Сангийн яаманд байдаггүй. Хөгжлийн бодлогыг Сангийн яам тодорхойлдоггүй. Гэтэл манайхан ийм байдлаар яаж ирсэн. 2000 онд Санхүү, эдийн яамыг байгуулж эдийн засгийн хөгжлийн бодлогыг тодорхойлуулах гэж оролдсон нь Монголын Улсын ирээдүйн хөгжлийн томоохон бодлогуудыг гаргаж тавихыг зорьсон хэрэг. Эрчим хүчний нэгдсэн сүлжээ, холбоо,мэдээллийн бодлого, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, "Мянганы зам" зэрэг үндэсний хэмжээний том төслүүдийг тэр үед гаргаж ирсэн. 2004 онд дахиад л эдийн засгийн хөгжлийн төрийн төв байгууллагыг байхгүй болгосон. Дэлхийн аль ч оронд хөгжлийн бодлогоо тодорхойлдог байгууллага байх хэрэгтэй нь ингэж амьдралын туршлагаар нотлогдсон. Энэ бүгдээс үзэхэд Эдийн засгийн хөгжлийн яам зайлшгүй хэрэгтэй. УИХ-аас Засгийн газарт удаа дараа чиглэл өгсөн. Саналаа боловсруулаад оруулаад ир гэсэн. Гэтэл Засгийн газар хоёрын хооронд, гурвын дунд гэгчээр Үндэсний хөгжил шинэтгэлийн хороог байгуулсан.
-Яам хоорондын үйл ажиллагаа, бодлогыг ҮХШХ буюу агентлаг уялдуулж, зохицуулж чадах уу?
-Яам хоорондын үйл ажиллагааг агентлаг зохицуулна гэж байхгүй. Энэ агентлаг бодлого боловсруулж яамд хоорондын үйл ажиллагааг зохицуулах механизм, статусгүй. Зүгээр л судалгаа хийдэг газар. Эдийн засгийн хөгжлийн яам нь стратегийн удирдлагын төрийн төв байгууллага байх ёстой. Ийм болгож чадвал яамдын үйл ажиллагааг шуурхай зохицуулна. Шаардлагатай зүйлд хөрөнгө, мөнгийг төвлөрүүлнэ. Асуудлын эрэмбэ, ээлж дарааллыг тогтооно. Хоёр барилга барих байлаа гэхэд алинд нь түрүүлж хөрөнгө оруулах шуурхай удирдлага, стратегиэр хангаж, нэгдсэн бодлогоор залж өгнө гэсэн үг. Эдийн засгийн хөгжлийн яам ийм үүрэг хүлээх юм. Гэтэл ҮХШХ өнөөдөр зүгээр судалгааны ажил хийдэг байгууллага болж хувирсан байна. Бодлого тарамддаг болсон. Ийм байж таарахгүй. Эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаа энэ үед эдийн засгийн хөгжлийг нэгдсэн бодлогоор зохицуулдаг байхгүй бол бодит үр дүнд хүрэхгүй.
-ЭЗХЯбайгуулахыгМАН-ын бүлэг зарчмын хувьд дэмжсэн гэсэн үү. Шинээр яам байгуулахын өмнө Хөгжил, төлөвлөлтийн хуулийг батлах ёстой байх аа?
-Хөгжил, төлөвлөлтийн хуультай болохыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дэмжжээ. ЭЗХЯ байгуулахаас өмнө Эдийн засгийн хөгжил, төлөвлөлтийн хуулийн төслийг батлах ёстой. Намрын чуулганаар эхээр батлах болов уу гэж найдаж байгаа. Шинээр гарах энэ хууль Нэгдсэн төсвийн хуультай сайтар уялддаг байх ёстой. Ингэж байж хөгжлийн хийгээд хөрөнгө мөнгөний асуудлыг цогцоор нь шийдэх нөхцөл бүрдэнэ. Сангийн яам бол зөвхөн улсын төсөвт төвлөрсөн Засгийн газрын эрх мэдлийн хүрээнд зарцуулах хөрөнгийг удирдан захирдаг байгууллага. ЭЗХЯ бол Монгол Улсын хөгжлийг бүхэлд нь харж зурдаг, тодорхойлдог байна гэсэн үг. Тийм учраас Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамны үүрэг тусдаа. Хооронд нь хольж, хутгаж ойлгож болохгүй. Шинээр яам байгуулахыг МАН-ын бүлэг зарчмын хувьд дэмжсэн. Саналаа оруулж ирэхийг Засгийн газарт үүрэг болгосон.
-АН-ын бүлэгтэй тохиролцсон гэж ойлгох уу?
-АН-ын бүлгийнхэн ч дэмжиж байгаа байх. Олон гишүүнтэй энэ асуудлаар санал солилцоход.бидний байр суурь нэг байгаа. Хөгжлийн нэгдсэнзохицуулалт, удирдлага, нэгдсэн хяналт хэрэгтэйг гишүүд хүлээн зөвшөөрдөг.
-Хэдийд ЭЗХЯ-ыг байгуулах боломж бүрдэх юм бол.
-Яамны эрх зүйн үндсийг бүрдүүлэхийн тулд эхлээд Хөгжил, төлөвлөлтийн хуультай болох ёстой. Түүний дараа зохион байгуулалтын асуудлыг шийдэх ёстой гэдгийн учир энэ. Тийм учраас хуулийн төслийг намрын чуулганы эхээр хэлэлцэж батлуулахын төлөө олон гишүүн ажиллаж байгаа.
-Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд Эдийн засгийн хөгжил, төлөвлөлтийн тухай хуулийн төсөл байхгүй байна билээ.
-Нэр зааж оруулаагүй ч гэсэн зайлшгүй хэлэлцэх шаардлагатай төсөл гэдгээрээ хэлэлцэгдэнэ. Нэгдсэн төсвийн тухай хуулийг Хөгжил, төлөвлөлтийн хуультай хамтад нь хэлэлцэж батлах шаардлага бий.
-Шинээр яам байгуулснаар төрийн нүсэр зардал улам л нэмэгдэнэ гэж шүүмжлэх хүн гарах байх. Шүүмжлэлд өртөхгүйн тулд үйл ажиллагаа ойролцоо, зарим асуудал нь давхардсан яамыг нэгтгэж, орон тоог цомхотгох хэлбэрийг ашиглах бололцоотой юу?
-Оновчтой олон хувилбар бий. Нэгдсэн бодлогын яам байгуулснаар салбарын зарим яамыг цөөлөх бололцоо гарна. ЭЗХЯ байгуулахсуурь нь ҮХШХ байх юм. Цоо шинээр яам байгуулах биш одоогийн байгаа бүтэц, бүрэлдэхүүн дотроо зардал, орон тоо нэмэхгүйгээр байгуулах бүрэн бололцоотой. Хэрвээ үр дүнтэй, өгөөжөө өгөхөөр бол зардал, орон тоог огт нэмэхгүй гэж хэлж бас болохгүй. Тооцоогоо сайн хийгээд ЭЗХЯ-ыг байгуулах нь эдийн засгийн үр ашигтай байх болно гэдэгт эргэлзэхгүй байна.
-Засгийн газрын боловсруулсан Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлҮндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр гацчихаад байгаа.
-Энэ талаар ямар ч албан ёсны мэдээлэлгүй байна.
-УИХ-ынгишүүнийХалдашгүй байдлын дэдхорооны даргын хувьдтодруулах зүйл байна.Д.Дондог гишүүний эрхийгтүдгэлзүүлэх асуудлаар Улсын ерөнхий прокурорынгазраас хэдэн ч удаа УИХ-далбан тоот явуулав. Дандаататгалзсан хариуг өгсөн.Х.Наранхүүгишүүнийэрхийг түдгэлзүүлэх тухай бас ярьж байгаа бололтой.
-УЕПГ-аас Д.Дондог гишүүний асуудлаар УИХ-д гурав дахиа хандсан. Дараа нь хэний асуудал тавигдахыг мэдэхгүй. Ер нь хэний ч асуудлаар хандсан Халдашгүй байдлын дэд хороо зөвхөн хуулийн дагуу л ажиллана. Дэд хороо ямар тохиолдолд хэзээ хуралдах вэ гэдгийг хуульд маш тодорхой заасан. УИХ-ын гишүүн гэмт хэргийн газарт нотлох баримттай баривчлагдсан тохиолдолд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудал тавьбал Дэд хороо хуралдана гэсэн заалттай. Энэ асуудлаар хорооны гишүүд байнга уулзаж, санал солилцож байгаа. Хуралдах шаардлага, нөхцөл үүсээгүй гэж үзэж байна.
-Х.Наранхүү гишүүний гадаадад зорчих эрхийг хассан гэсэн мэдээлэл зарим хэвлэлд гарсан байна. Энэ талаар тайлбар хэлэх боломжтой юу?
-Х.Наранхүү гишүүнтэй холбоотой асуудлаар манай Дэд хороонд ирсэн гомдол санал, албан бичиг алга. УИХ-ын гишүүний дархан эрхийг хязгаарлана гэвэл зайлшгүй УИХ-аар хэлэлцэх ёстой. Хэрвээ гадаадад зорчих эрхийг нь хязгаарласан бол Халдашгүй байдлын дэд хороогоор заавал хэлэлцэх үүрэгтэй.
-Нотлох баримттайгаар гэмт хэрэг үйлдэж байх үедээ баривчлагдсан бол гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэсэн хуулийн заалттай. Прокурор болохоор гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай баримтаар нотлогдсон гэж Д.Дондог гишүүнийг үзэж байгаа. Гэмт үйлдэл дээрээ баригддаг гишүүн ч гэж ер нь үгүй байх. Тэгэхээр хуулийн энэ зүйл, заалтыг эргэж харах ёстой болж байна уу. Нотлох баримт хангалттай л бол бүрэн эрхийн нь асуудлыг УИХ-аар хэлэлцэх ёстой биш үү?
-Урьд нь хуулийн тийм зохицуулалт байсныг аваад хаячихсан. Л.Гүндалайтай холбоотой асуудал үүсэхэд тэр заалтыг хуулиас хассан. Одоо хүчин төгөлдөр хуулийн хүрээнд л ажиллана. Нэг хүнтэй холбоотой асуудал үүсэхээр л хуулиа өөрчилдөг байж таарахгүй. Тогтвортой хуулийн орчин Монгол Улсад хэрэгтэй. Ерөнхий зарчмаа л барих ёстой. УИХ-ын гишүүний халдашгүй байдал хуулиар хамгаалагдана. Хуульд юу гэж заасан. Түүнийг л дагана.