Захиргааны шинэтгэлийн тойм, сургамж, цаашдын чиг хандлага
УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатарын “Захиргааны шинэтгэл: Асуудал ба шийдэл” бага хурал дээр тавьсан илтгэл
Өнөөдөр “Захиргааны шинэтгэл: Асуудал ба шийдэл” сэдэвт энэхүү бага хурлыг зохион байгуулж байгаа нь өнгөрсөн 20 жилд хийгдсэн захиргааны шинэтгэлийн туршлага, сургамж, өнөөгийн төлөв байдлыг сайтар шүүн тунгаах болон цаашдын чиг хандлагыг зөв үнэлж тооцоолсны үндсэн дээр энэ чиглэлээр Төрөөс баримтлах шинэ бодлогыг боловсруулж тодорхойлоход хууль тогтоогчоос гаргаж байгаа санаачилгын эхнийх нь хэмээн ойлгож болно. Миний илтгэл үндсэн хоёр хэсгээс бүрдэж байна. Нэгд, 1990 оноос хойш одоо хүртэл хийгдсэн төрийн захиргааны шинэтгэлийн тойм дүгнэлт, хоёрт, цаашид захиргааны шинэтгэлийн хүрээнд авч хэрэгжүүлэх шаардлагатай асуудлыг хөндөн тавьж байна.
Нэг. Монгол улсын төрийн захиргааны шинэтгэлийн тойм
Монгол улсад хийгдсэн төри
йн захиргааны өөрчлөлт, шинэчлэлийг дэвшүүлсэн зорилт, шийдвэрлэсэн асуудал, шинэтгэлд нөлөөлсөн онолын үзэл баримтлал, хандлагын үүднээс үндсэн гурван үе шаттайгаар авч үзэж болох юм.
Нэгдэх үе шат (1990-1991) - Нэг намын удирдлага бүхий улс төрийн дэглэмийг бэхжүүлсэн хуучин Үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгосноос эхлэн хүний эрхийг дээдэлсэн эрх зүйт төр төвтэй олон намын чөлөөт тогтолцооны эрх зүйн үндсийг тодорхойлсон Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчлэх хүртэлх үе. Энэ үе шатанд хуучин дэглэмийг халж, шинийг бий болгоход туслах үүрэгтэй урьдач нөхцөлийг бий болгох дараах алхмуудыг авч хэрэгжүүлэв. Үүнд:
-Ардын Их Хурлаас 1990 оны 5 дугаар сард “БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай” хуулийг батлан гаргасан;
-Олон намын оролцоотой ардчилсан сонгууль явуулж, АИХ-ын зэрэгцээ Улсын Бага Хурлыг сонгох, Ерөнхийлөгчийн институт бий болгох, кабинетийн зарчмаар ажилладаг Засгийн газартай болох зэрэг төрийн дээд байгууллагын завсарын чанартай тогтолцоог бий болгов;
-Орон нутгийн засаг захиргааны төвшинд нам, төрийн ажлыг тусгаарлах, мөн төр, аж ахуйн үүргийг заагласан;
- Шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулж хэлэлцүүлсэн зэрэг болно.
Хоёрдахь үе шат (1992-2002) – Энэ шатанд Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн төрийн захиргааны институционал бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн шинэчлэхэд чиглэсэн дараах гол хуулиудыг УИХ-аас батлан гаргав.
-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, 1992
-Төсвийн тухай хууль, 1992
-Засгийн газрын тухай хууль, 1993
-Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, 1993
-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, 1994
-Төрийн албаны тухай хууль, 1995
-Төрийн хяналт шалгалтын тухай хууль, 1995
-Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, 1996
-Аймаг,нийслэл,сум,дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль, 1996.
Энэ шатанд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, бусад хандивлагчдын тусламжтайгаар 1993-1996 онд хэрэгжүүлсэн Монгол улсын Засгийн газрын “Удирдлагын хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд УИХ-ын гишүүд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ажилтнууд болон Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийн (тухайн үеийн нэрээр) багш нараас бүрдсэн ажлын хэсэг байгуулж “Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлогын тухай” баримт бичгийг боловсруулан УИХ-ын 1996 оны 5 дугаар сарын 21-ний 38 дугаар тогтоолоор баталжээ.
Энэ нь шилжилтийн эхэн үед үүсч бий болоод байсан нөхцөл байдал буюу зохион байгуулалтын өөрчлөлт, орон тооны цомхотгол хийх замаар төсвийн алдагдлыг бууруулж байгаа нь төрийн захиргааны байгууллагын чадавхи, нийгмийн үйлчилгээний чанарыг бууруулж байгаа болон шинэтгэлийг төрийн өмчит үйлдвэр, аж ахуйн газрыг хамруулан хийх, өмч хувьчлалд гарсан алдаа дутагдлыг залруулах, нийгмийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэхийн тулд нутгийн захиргааны байгууллагын удирдлагын чадавхийг бэхжүүлэх шаардлага зэрэг шилжилтийн үйл явцыг даван туулах таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн өөрчлөлт, шинэчлэлийн хэрэгцээг тодорхойлсон стратегийн баримт бичиг байв. Уг бодлогыг хэрэгжүүлэх үе шатуудыг 2000 он гэхэд дуусгавар болохоор тооцож “Бодлогыг хэрэгжүүлсэн байдалд нэгдсэн үнэлгээ, дүгнэлт өгч шинээр дэвшигдэж байгаа асуудлын шалтгааныг тогтоосны үндсэн дээр бодлогын шинэ хувилбар боловсруулах”-аар заажээ (Гэхдээ уг үнэлгээ огт хийгдээгүй!).
УИХ-ын 1996 оны сонгуулийн үр дүнд М. Энхсайханы Засгийн газар бүрдмэгцээ мөн оны 8 дугаар сарын 10-нд 13 яамыг 9 болгон цөөлөн зохион байгуулж, УИХ-ын 38 дугаар тогтоолын дагуу тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагуудыг байгуулах, Засгийн газрын нийтлэг үйлчилгээний албыг бий болгох зэрэг арга хэмжээ авчээ. Мөн 1997 оны 3 дугаар сард Удирдлагын хөгжлийн хөтөлбөрийг дуусгавар болгосон үеэс хөгжингүй орнуудад хэрэгжүүлсэн менежментийн шинэчлэлийн үзэл санааг Монголд дэлгэрүүлэх ажил эхэлж, энэ чиглэлд олон улсын санхүүгийн байгууллагуудын зөвлөгөө, техник туслалцаа зонхилох болжээ.
Гуравдахь үе шат (2002-өнөөг хүртэл) – Улсын салбарын шинэ менежментийн[1] загварыг хэрэгжүүлэх үе - Төсвийн байгууллага, удирдлага санхүүжилтийн тухай (ТБУСТХ) хуулийн төслийн талаар удаан хугацаанд санал зөрөлдсний эцэст 2002 онд баталж, 2003 оноос мөрдөж эхэлсэн үе.
ТБУСТХ-д нийцүүлэн Монгол улсын Нэгдсэн төсвийн тухай хууль (2002), Төрийн албаны тухай хууль (2002), Төрийн хяналт шалгалтын тухай хууль(2003), Төрийн аудитын тухай хууль (2003), Яамны эрх зүйн байдлын тухай хууль (2004), Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль (2004), Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (2005)-ийг тус тус батлан гаргасны дээр Монгол улсын “Төрийн албаны шинэтгэлийн дунд хугацааны стратеги”-г УИХ-ын 2004 оны 4 дүгээр сарын 30-ны 24 дүгээр тогтоолоор баталжээ.
Түүнчлэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийн шинэчлэлийн асуудал Засгийг газрын төвшинд хүчтэй яригдсан боловч улс төрийн шалтгааны улмаас зогссон байна.
Энд мөн онцлон тэмдэглүүштэй нь, УИХ 2002 оны 12-р сарын 26-ны өдөр "Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай", "Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай" хууль баталж, 2004 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс Захиргааны хэргийн шүүх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн явдал байлаа.
Өдгөө захиргааны шинэтгэлийн хүрээнд улсын салбарын шинэ менежментийн загварыг авч хэрэгжүүлсэн хөгжингүй болон хөгжиж байгаа орнуудын туршлагын талаар хангалттай мэдээлэл бий болжээ. Шинэтгэлийг эхэлж хэрэгжүүлсэн Их Британи, Шинэ Зеланд, Австрали зэрэг орон 1990-ээд оны сүүлээс урьд өмнө хийсэн шинэтгэлийн арга хэмжээний сөрөг үр дагаврыг арилгах, олсон амжилтаа бататгах, засгийн газрын ил тод байдлыг нэмэгдүүлэх, төрийн албан дахь ёс зүйг сайжруулах гуравдахь шатны шинэтгэлийн шатандаа явж байна. Хөгжиж байгаа орнуудад тус загварыг хэрэгжүүлсэн туршлага Сингапураас бусад оронд нэлээд сөрөг үр дагавартай байсныг шинжээчид дүгнэжээ.
Харин манай орны хувьд ТБУСТХ-ийн хэрэгжилтийн үр дүн ямар байгааг товч танилцуулахад:
-ТБУСТХ-д тодорхойлсон гол элементүүд болох бодлого ба төлөвлөлтийн хоорондын уялдаа, төсвийн санхүүжилтийн үр дүнгийн хариуцлага, дунд хугацааны төлөвлөлтийн зарчим, төсвийн процессын журмыг нэвтрүүлснээрээ төсвийн алдагдлыг багасгах, төсвийн нэгдсэн удирдлага бий болгох зорилгоо уг хууль биелүүлсэн хэмээн үзэж болно. Харин байгууллагын түвшинд төсвийн зохицуулалт, эрх мэдлийн хуваарилалтыг хэт нарийвчлан заасан, мөн манайд тогтсон төрийн захиргааны ажлын соёл, онцлог байдал, хэрэгжих механизмыг сайтар тооцолгүй нэвтрүүлсэн зэрэг нь уг хуулийн харилцаанд оролцогч талуудын санал шүүмжлэлд байнга өртөх болсон.
-Орон нутгийн өөрөө удирдах ёсны төсөв, санхүүгийн асуудлыг төв Засгаас төвлөрсөн байдлаар зохицуулж шийдэх болсон нь орон нутгийн бие даасан байдлыг алдагдуулан орон нутгийн засаг захиргааны үүрэг хариуцлагыг сулруулж, төрийн үйлчилгээ болон төсөвт тавих иргэдийн хяналтыг бууруулж байгаа.
-Үр дүнгийн гэрээ бодит амьдралд үр дүнгийн гүйцэтгэлийг тогтоож үнэлэхэд үр ашигтай бус, хэлбэрийн төдий бичиг цаасны ажил болсон гэх шүүмжлэл гарсаар байна.
Дээрх байдлыг залруулах зорилгоор Төсвийн шинэ хуулийн төслийг боловсруулснаа Засгийн газар мэдэгдэж, УИХ-д өргөн мэдүүлээд байна.
УИХ-ын 2009 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 27 дугаар тогтоолын 1.1-д “төрийн байгууллагуудын зардлыг бууруулах, ажил үүргийн давхардлыг арилгах, Засгийн газрын болон түүний агентлагийн бүтэц, бүрэлдэхүүний зардал хэмнэх, ажлын давхардлыг арилгах чиглэлээр санал боловсруулж, УИХ-ын 2009 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх”-ийг Засгийн газарт даалгасан боловч өнөө хэр УИХ-ын энэ даалгавар биелэгдээгүй байна.
Хоёр. Бий болсон сургамж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ
Захиргааны шинэтгэл бол засаг захиргааны аппаратын ажлын үр ашгийг нэмэгдүүлэх, захиргаанаас гаргаж буй шийдвэрийн чанарыг сайжруулах замаар засаг захиргаанаас иргэдэд үзүүлэх нийтийн үйлчилгээг төгөлдөршүүлэхэд чиглэсэн бүтцийн өөрчлөлтийн үйл явц мөн.
Шинэтгэлийн туршлага, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар сэдэв тус бүрээр бусад оролцогчид маань дэлгэрэнгүй ярилцах болно. Гэхдээ хэдэн зүйлийг миний бие онцлон тэмдэглэмээр байна.
Засгийн газрын бүтэц, зохион байгуулалтын талаар
Захиргааны шинэтгэлийн талаар сүүлийн үед дорвитой алхам хийгдээгүй бөгөөд Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдэд төрийн захиргааны шинэтгэлийг цогц байдлаар авч үзэхийн оронд гол төлөв төрийн албыг цомхотгох замаар Засгийн газрын зардлыг бууруулах тухай онцолжээ. Гэтэл орон тооны цомхотгол нь Засгийн газрын үр ашгийг дээшлүүлэх ганц арга зам биш бөгөөд харин ч шинэтгэлийг эсэргүүцэх хандлага бий болгож болох юм.
1990-ээд оны сүүлээс агентлагийн зохион байгуулалтад шилжихдээ бодлогын чиг үүргийг хэрэгжүүлэх буюу гүйцэтгэх чиг үүргээс тусгаарлан яамдыг бодлогод төвлөрсөн цомхон бүтэцтэй ажиллуулах, агентлагууд нь бодлого хэрэгжүүлэх, төрийн зохицуулалт хийхийн сацуу заримыг нь аж ахуйн тооцоонд шилжүүлнэ хэмээн төсөөлж байсан ч одоо яамд, агентлагууд нь тус тусын бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, зохицуулах үүргээ хэрхэн гүйцэтгэж байгаа, бүтэц нь хэр оновчтой байгааг дүгнэж үзээгүй байна. Зарим агентлаг яамдаас том бүтэц, эрх мэдэлтэй болсон байхад зарим нь яамны удирдлагаас ихээхэн хараат байдалтай байгааг эргэн харж цэгцлэх нь тулгамдсан асуудал болжээ.
Олон улсын туршлагаар, Засгийн газрын зохион байгуулалтын ерөнхий бүтцийг 10-аас дээш жил хянаж үзээгүй бол чиг үүрэг, зохион байгуулалтын системтэй шинжилгээ хийхийг зөвлөдөг байх юм. Канадад бүх яамдыг хамарсан чиг үүргийн шинжилгээ, хөтөлбөрийн үнэлгээ хийсэн, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн - хөгжингүй орнуудад зохицуулалтын үр нөлөөний шинжилгээ хийсэн туршлага, аргачлалыг судалж үзсэний үндсэн дээр манай улсад дурдсан чиг үүргийн шинжилгээг хийх шаардлагатай байна. Бас нэг хүлээгдэж байгаа том ажил бол Засгийн газрын байгууллагуудын ажлыг бүрэн хэмжээгээр цэгцлэх, стандартчлах болон иргэний оролцоо, хяналтыг захиргааны шийдвэр гаргах үйл явцад бодитой болгоход туслах эрх зүйн үндсийг “Захиргааны процедурын тухай” хуулиар тавих учиртай. Одоогоор Засгийн газар энэ хуулийн төслийг боловсруулах шатанд яваа гэсэн мэдээлэл бий.
Төвлөрлийг сааруулж, нутгийн удирдлагыг бэхжүүлэх талаар
Төсвийн шинэ хуулийн төсөлд шийдвэрлэгдээгүй үлдэж байгаа нэг зүйл нь хот, дүүрэг, хороо, аймаг, сум, багийн захиргааны чиг үүрэг, санхүүжилтийн асуудлыг ялгаатай авч үзэх асуудал бөгөөд мөн эдгээрийг захиргааны шинэтгэлийн хүрээнд цогц авч үзэх асуудал дутагдаж байна. Ер нь нийслэл хот өргөжин тэлж байгаа болон шилжилт хөдөлгөөнтэй холбоотой хүн амын суурь үйлчилгээний доголдол, байгаль орчны бохирдол, ядуурал, ажилгүйдэл, гэмт хэрэгтэй тэмцэх гээд хотын өөрийн удирдлага, хот төлөвлөлт, хотын менежментийн орчин үеийн хандлагад нийцүүлэн эрх зүй, зохион байгуулалтын цогц арга хэмжээ хийх шаардлага хурцаар тавигдаж байна.
Засгийн газар ба аймаг, нийслэлийн захиргаа; төрийн захиргааны төв байгууллага ба аймаг, нийслэлийн захиргаа; аймаг, нийслэлийн захиргаа ба сум, дүүргийн захиргаа; сум, дүүрэг ба баг, хороо гэсэн удирдлагын харилцаа ямар чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд явагдахыг тодотгон заагласан эрх мэдлийн зохистой хуваарилалт үгүйлэгдэж байгаагаас асуудлуудын аль нь үндэсний хэмжээний асуудалд хамаарч төв Засагт төвлөрөх үү, алийг нь төв Засаг орон нутгийн засагтай хамтран шийдэж байх уу, яг ямар асуудал нь орон нутгийн хэмжээнийхэд хамаарч орон нутгийн захиргаа шат шатандаа эрхлэн хариуцах ёстой вэ гэдэг тодорхой асуултууд бидний өмнө тавигдан хариу шийдлээ хүлээсээр...
УИХ, Засгийн газар орон нутгийн тухайлсан асуудлуудтай “ноцолддог”, тэгээд үр ашигтай шийдэж чаддаггүй одоогийн муу бүтэц, үйл ажиллагаа өөрөө хамгийн гол зовлон бэрхшээл болчихоод байгаа. Тэгэхээр үүнийг шийдэх гарц нь зарим ажил асуудлаа нутгийн удирдлага, иргэний нийгмийхэнд шилжүүлж “илүү ачаагаа” хөнгөлөх явдал билээ.
Авлигатай тэмцэх талаар
Төрийн удирдлагыг үр ашигтай болгож, авлигаас урьдчилан сэргийлэх нь шударга ёсыг тогтоох, түүнчлэн уул уурхайн орлогыг үр нөлөөтэй, тэнцвэртэй ашиглах хамгийн чухал урьдач нөхцөл юм. Манай улс 2006 онд Авлигатай тэмцэх хуулийг баталж Авлигатай тэмцэх газрыг 2007 онд байгуулсан билээ. Гэвч авилгаас урьдчилан сэргийлэх нь зөвхөн шинэ хууль санаачлан батлах, эсвэл авлигатай тэмцэх шинэ байгууллага байгуулахаас илүү нарийн түвэгтэй асуудал болохыг манай орны төдийгүй олон улсын туршлага харуулж байна. Иймд төрийн зохицуулалтыг энгийн, үр нөлөөтэй болгох замаар авлигын үүд хаалгыг цөөлөх, засгийн газрын ил тод байдлыг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын сонирхлын зөрчлийг зохицуулах, төрийн албанд ёс зүйг төлөвшүүлэх зэрэг захиргааны шинэтгэлийн өргөн хүрээнд авлигаас урьдчилан сэргийлэх асуудлыг авч үзэх нь зүйтэй юм. Авлигатай тэмцэх нь зөвхөн Авлигатай тэмцэх газрын үүрэг бус, бүх нийтээр тэмцэх гэсэн ойлголт ухамсрыг төрийн болон олон нийтийн хүрээнд нэмэгдүүлэх нь улам бүр чухал ач холбогдолтой болж байна.
“Авлигын эсрэг” УИХ-ын гишүүдийн бүлгийн санаачилсан “Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс сэргийлэх тухай” болон Засгийн газраас өргөн барьсан “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай” хуулийн төслүүд нь энэ чиглэлээр сүүлийн үед гарч байгаа санаачилгын жишээ бөгөөд ажлын эхлэл юм.
Шинэтгэлийн ерөнхий сургамж
Захиргааны аливаа шинэтгэл институцийн гүн агуулга, үр дагавартай байдаг учир өөрчлөлт нь удаан хугацаа шаарддаг. Үүний дээр дан ганц техникийн шийдвэрээр хэрэгжүүлэх боломжгүй улс төрийн тууштай хүсэл зориг, ул суурьтай шийдвэрээс шалтгаалдаг тул ойлгож мэдрэх, итгэл үнэмшилтэй болох хугацаа шаардлагатай байдаг. Гэтэл бидний хувьд шинэтгэлийн бодлогод тууштай ухаалаг байх тэвчээр илт дутагдсан нь Удирдлагын хөгжлийн хөтөлбөр, Улсын салбарын шинэ менежментийн загварыг хэрэгжүүлсэн туршлагаас харагдаж байна.
Өнгөрсөн шинэтгэлүүдийг ихэвчлэн гадаадын хандивын байгууллагуудын тусламж, зөвлөгөөгөөр хийж ирэв. Энэ нь зах зээлийн эдийн засгийн нөхцөлд төрийн захиргаа хэрхэн ажиллах талаар мэдлэг дутуу байсан, шинэтгэлийг хэрэгжүүлэх хөрөнгө мөнгөний бололцоогүй байсан тухайн үед чухал байсан боловч дотоодын улс төр, нийгмийн нөхцөл байдал, захиргааны чадавхийг тооцолгүйгээр гадны загварыг механикаар хуулахад хүргэж, зарим тохиолдолд гадаадын хандивлагч байгууллагуудын “туршилтын туулай” ч болсон тал бий. Өнөөдөр гадаадын аливаа загвар, туршлагад сонголттой хандах үндэсний боловсон хүчний чадавхи дээшилсэн нь сайшаалтай бөгөөд гадаадын сайн, муу туршлагыг харьцуулж өөрийн орны онцлогт тохирсон шинэтгэлийг загвар, стратегийг боловсруулан түүнийгээ тууштай мөрдөж ажил болгох хэрэгтэй байна.
Үүний сацуу орчин үеийн захиргааны шинэтгэлийн үндсэн хандлагыг мэдээллийн технологи тодорхойлох болсныг анхаарахгүй байж болохгүй юм. Цахим удирдлагын тусламжтайгаар мэдээллийн шинэ салбар төвшинд төр, иргэний нийгмийг холбон нэгтгэх, төрд итгэх иргэдийн итгэлийг сэргээх маш чухал зорилтыг шийдэх боломжийг бүрдүүлэн амжилттай ашиглаж байна.
Төгсгөлд нь, өнөөдөр бидний хэлэлцэж байгаа олон судалгааны үр дүнгээр гарч байгаа иргэдийн засаг төрд үл итгэх байдал нь төр, түүний албан тушаалтнуудын зүй бус үйл ажиллагаанаас үүдэлтэй бөгөөд тэднийг хэдий чинээ авлигад автсан, шударга бус гэж үзнэ, тэдэнд итгэх итгэл төдий чинээ бага болдог. Нийтийн үйлчилгээ хүлээн авагчийн хувьд, иргэд татвар бага төлж, бага үнээр чанартай үйлчилгээ авахыг хүсцгээдэг. Тухайлбал, явган хүний болон тээврийн сайн замтай байх, замын түгжрэлд орж хугацаа, тав тухаа алдахгүй байх, хэрэв эргэн тойронд нь цас орсон, хог хаягдалтай бол цэвэрлүүлдэг байх, цэвэр, аюулгүй сургууль, цэцэрлэгт хүрээлэнтэй байх, гэмт хэрэг гарвал тэр дор нь илрүүлээд шийтгэдэг байх, хоол хүнс нь аюулгүй, хяналттай байх гэх мэт..Ерөнхийдөө иргэд засаг төрөөс хариуцлагатай байхыг, тэдэнд хүндэтгэлтэй хандан үйлчилдэг байхыг хүсэмжилж, шаардаж, бухимдаж, бас найдаж байгаа. Зүй ёсны энэ шахалт шаардлагыг мэдэрч, иргэндээ ойрхон, таатай байхаар захиргааны байгууллага, албан хаагчид үр ашигтай ажилладаг болох нь захиргааны шинэтгэлийн өнөөгийн гол чиг шугам болно.
Иймд Засгийн газраас авахуулаад баг, хорооны ажил хүртэл эрс өөрчлөлт хийх цаг нэгэнт тулаад байна. Өөрөөр хэлбэл, улс орноо доороос нь шинэчлэн өөрчлөхийн тулд иргэндээ эрх мэдлийг нь өгөх, хөндий хүйтэн ханддаг албархуу сэтгэлгээнээс ангижрахын тулд захиргаа бол иргэнд үйлчлэх алба, албан тушаалтан бол иргэнд үйлчлэгч мөн гэсэн хандлага, үзлийг дээрээсээ доош хүртэл бүх шатанд бий болгон өөрчлөх нийгмийн эрэлт захиалга бий болчихоод удаж байна.
Дүгнээд үзвэл, бид хуучин хандлагатайгаа зууралдаастай, шинэ цагт нийцэж ажиллах чадваргүй байдлаас салж, амжилт бүтээл гаргах шинэ хандлага, шинэ үзэл санаагаар захиргааны байгууллагуудаа “зэвсэглэх” бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх шаардлага амьдралаас урган гарч байна.
[1] New Public Management – NPM (Шинэ Зеландын загвар ч гэдэг)