Төрийн албаныхан төв аймагт зөвлөлдлөө
Өнгөрсөн бямба гаригт Төв аймгийн "Төрийн албан хаагчдын анхдугаар зөвлөгөөн" Зуунмод суманд боллоо. Төрийн албаны зөвлөлөөс 2011 оныг 'Төрийн албан хаагчдын хариуцлага ёс зүйг дээшлүүлэх" жил болгон зарласан билээ. Энэ ажлын хүрээнд аймаг бүр зөвлө
лгөөн хийж эхэлсний нэг нь Төв аймагт болсон энэ арга хэмжээ юм. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, Төв аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл хамтран зохион байгуулсан тус зөвлөлгөөнд 27 сумын 278 албан хаагч оролцов. Зөвлөлгөөнд УИХ-ын гишүүн Су.Батболд, Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, Төв аймгийн Засаг дарга Ц.Энхбат нарын албаны хүмүүс оролцож илтгэл тавьж, үг хэлсэн юм.
Тэд төрийн албаны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага болон цаг үеийн асуудалд олны анхаарлыг хандууллаа. Тус аймаг орон нутгийнхаа хэмжээнд төрийн албан хаагчдын хариуцлага, ёс зүй, манлайллыг дээшлүүлэх талаар олон ажил хийж байгаагийн нэг нь энэ удаагийн зөвлөлгөөн аж Өнгөрсөн оны сүүлчийн байдлаар тус аймагт 4021 төрийн албан хаагч байгаагийн 181 нь улс төрийн, 535 нь төрийн захиргааны, 171 нь төрийн тусгай, 3134 нь төрийн үйлчилгээний албан тушаалтан байна.
Тус аймаг төрийн үйлчилгээний албанд ажилтан сонгон шалгаруулж авах үлгэрчилсэн журам боловсруулж, салбар зөвлөлийнхөө хурлаар баталсан байна. Уг журмын дагуу Аргалант, Баяндэлгэр, аян чандмань,Сэргэлэн, Угтаалцайдам, Лүн, Баянхангай, Бүрэн, Эрдэнэсант зэрэг сумын хүн эмнэлгийн жолооч, галч, слесарь, асрагч, бичээч зэрэг ажлын байранд сонгон шалгаруулалт хийжээ. Түүнчлэн аймгийн Засаг даргын нэрэмжит үзлэгийг жилд хоёр удаа бүх сум, баг, төсөвт байгууллагуудаа хамруулан зохион байгуулж, төрийн албанд болон салбарын чиглэлээр хийх ажлын зорилтыг тодорхойлж, ажлын биелэлтэд үнэлгээ хийдэг болсон байна. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр алдаа дутагдал цөөнгүй байгааг тус аймгийн удирдлагууд онцолж байсан юм. Тухайлбал, төрийн ажил зарим сумдад цалгардаж, аль нэг газраас үзлэг шалгалт ирэх сургаар л сум эзэнтэй болж байна гэх шүүмжлэл нэлээд гардаг аж. Энэ нь төрийн албаны тогтвортой, тууштай, хариуцлагатай, ил тод байх, иргэндээ шударга үйлчлэх, захирах, захирагдах ёс зөрчигдөж төрийн албаны нэр хүнд олны дунд унахад хүргэж байна гэж тэд үзжээ.
Энэ удаагийн зөвлөлгөөнөөр тэдний шийдэх хамгийн гол асуудал нь аймаг, орон нутгийн боловсон хүчний нөөц чадавхыг сайжруулахад анхаарах, цаашид хэрхэн ажиллах талаар ярилцах байсан. Мэдлэг чадвартай боловсон хүчнийг хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, хөнгөлөлт урамшууллын оновчтой арга хэлбэрийг боловсруулах нь чухлыг дахин дахин онцолж байлаа. Зөвлөлгөөний үеэр Төв аймгийн Засаг дарга Ц.Энхбаттай уулзаж зарим зүйлийг тодрууллаа.
Тэрбээр:
-Манай аймагт 1990 оноос хойш төрийн албан хаагчдын дунд ийм зөвлөлгөөн болж байгаагүй юм билээ.Төрийн албан хаагчдын ёс зүй, хариуцлага, мэдлэг туршлага болон тэдэнд тулгамдаж буй асуудлыг хөндөж ярилцан, санал бодлыг нь сонсож, төрийн дээд шатны байгууллагын удирдлагуудад хүргэх зорилгоор энэ зөвлөлгөөнийг хийж байна. Төрд алба хашиж буй хүмүүсийн нийгмийн асуудал, амьдралын баталгааны талаар ч ярьж байна. Тухайлбал, төрийн албан хаагчдад зориулсан орон сууцны зээлд хөдөөгийн суманд ажиллаж буй алба хаагчдыг хамруулах хэрэгтэй байгаа юм. Манай аймгийн Төрийн албаны салбар зөвлөл өнгөрсөн онд улсдаа тэргүүлсэн. Ерөнхий ажлын үзүүлэлтээрээ сайн дүнтэй байгаа ч анхаарах зүйлүүд бас байна.Тухайлбал, зарим сум 2008 оны УИХ-ын сонгууль болсноос хойш жил гаруй Засаг даргаа сонгож чадаагүй. Энэ нь төрийн албанд улс төрийн оролцоо байгааг илтгэж буй юм. Тэр бүү хэл аливаа мэргэжилтнийг ажилд авахдаа "Манай намд элс" гэсэн шаардлага тавьсан байгаа юм. Ийм байдал олон дахин давтагдвал тухайн суманд төрийн алба төлөвшиж, сайн ажиллаж чадахгүй шүү дээ. Сайн байгаа зүйлийг нь сайшааж, илүү сайн ажиллах талаар зөвшилцье, муугаас зайлсхийе гэж бодсон юм. Сум болгон зөвлөлгөөн хийсэн. Би энд ирээд долоон жил ажиллаж байна. Сүүлийн гурван жилд манай аймагт төрийн албаны ямар нэгэн томилгоо, сонгон шалгаруулалтын асуудлаар маргаан гараагүй. Ажил тааруухан хийсний учир халагдчихаад гомдол гаргаж байгаа хүмүүс мэр сэр бий. Бид аймаг орон нутгийнхаа төрийн албанд ажиллаж байгаа ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг нааштай шийдвэрлэх талаар томоохон ажлуудыг хийж эхэлсэн. Тухайлбал, 2005 онд Азийн хөгжлийн банкнаас зээл авч, төрийн албан хаагчид, бага дунд орлоготой иргэдэд зориулж 133 айлын орон сууцны газрын дэд бүтцийг шийдэж өгсөн. Одоогоор аймаг жилд 60 гаруй сая төгрөгийг Азийн хөгжлийн банканд тушааж байна. Түүнээс гадна төрийн албан хаагчийн 38,12 айлын орон сууцыг ОССК-той хамтран барьж, ашиглалтад оруулсан. Зарим тусгай чиг үүрэг гүйцэтгэж байгаа цагдаа, прокурорын албан хаагчдад зориулан 49 айлын орон сууцны хотхон байгуулж, ашиглалтад оруулсан зэрэг нэрлэвэл багагүй ажил бий. Гэхдээ асуудал бий. Төрийн албан хаагчид нэг үеэ бодвол цалин нэхэхээ больчхож. Гагцхүү нийгмийн баталгаа болж буй орон байраар хангахыг шаарддаг болсон байна. Орон нутагт зарим нэг салбарт мэргэжилтэн дутагдалтай байна. Тухайлбал, сумын Соёлын төв таван хүний орон тоотой. Гэтэл мэргэжлийн хүн олдохгүй байна. Намайг ирэхэд аймгийн театр мэргэжлийн ганцхан хөгжимчинтэй байсан. Бусад нь мэргэжлийн бус байсан. Ийм байж болохгүй гээд бүтцийг нь өөрчилж, сонин хэвлэлээр тухайн үедээ бишгүй л шүүмжлүүлсэн. Энэ чиглэлээр боловсон хүчин бэлтгэх шаардлага байна. Энэ жил бүх сумаас хүүхдүүдийг сонгон, ангиар нь бэлтгэж СУИС-д сургах бодолтой байна. Гэхдээ хамгийн гол нь эргээд сумандаа ирж ажиллах болзолтой.