Улсын Их Хурал захиргааны шинэтгэлд анхаарал тавина
2011.04.25

Улсын Их Хурал захиргааны шинэтгэлд анхаарал тавина

Манай улсад сүүлийн 20 жилийн хугацаанд төрийн захиргаа болон төрийн албаны шинэтгэлийн талаар олсон амжилт, туршлага, сургамжийг нэгтгэн дүгнэж, энэ чиглэлээр цаашид шинэтгэл хийх хэрэгцээ, шаардлагын талаар төр, захиргааны байгууллагын ажилтнууд, эрдэмтэн судлаачдын санал бодлыг сонсох үүднээс УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос маргааш “Захиргааны шинэтгэл: асуудал ба шийдэл” сэдэвт бага хурал хийхээр болсон тухайгаа тус байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар өнөөдөр сэтгүүлчдэд мэдэгдлээ.

Төр, засгийн болон судлаачдын хүрээнд захиргааны шинэтгэлийн бодлогын талаар нэгдсэн ойлголт бий болгох, Монгол Улсын төрийн захиргааны болон төрийн албаны тогтолцоонд тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэх гарц, арга замын талаар онол, практикийн маргаан өрнүүлсний үндсэн дээр боломжит шийдлийг тодорхойлох, шинэтгэлийн бодлогыг цогц стратеги болгон боловсруулж төрийн бодлогод тусгуулах боломж, энэ ажиллагаанд холбогдох байгууллага, хувь хүмүүсийн оролцооны талаар хэлэлцэж шийдвэр гаргах зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран энэхүү бага хурлыг зохион байгуулах гэж байгаа аж.

Бага хуралд УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар, салбарын яамд, төрийн удирдлагын чиглэлийн сургалт, судалгааны байгууллагын 100 гаруй төлөөлөгч оролцох юм байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар, бага хурлыг хамтран зохион байгуулах гэж байгаа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газрын ажилтан С.Даваадулам нар сэтгүүлчдэд мэдээлэл хийсний дараа тэдний сонирхсон асуултад хариулт өгөв. Манай улс улс төр, эдийн засгийн шинэтгэлийн асуудалдаа голлож анхаараад захиргааны шинэтгэлийг орхигдуулсныг байнгын хорооны дарга энэ үеэр мэдэгдээд иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг хүртээмтэй болгох, хүнд суртлыг арилгах, улмаар төрийн чадавхийг бэхжүүлэхийн тулд захиргааны байгууллагын бүх шатанд шинэтгэл хийх шаардлагатай байгаа, өндөр хөгжилтэй орнууд ч улс төрийн шинэтгэлийг захиргааны шинэтгэлтэй хослуулж хэрэгжүүлснээр амжилтад хүрсэн туршлага байдгийг онцлов.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.