2011.02.14

Төрийн байгуулалтын байнгын хороо энэ онд төвлөрлийг сааруулахад голлож анхаарна

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар Төрийн ордны мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэж, УИХ-ын 2010 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус байнгын хорооноос хийсэн ажлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Тэрбээр мэдээлэлдээ, УИХ-ын 2010 оны намрын чуулганы хугацаанд тус байнгын хороо 18 удаа хуралдаж, нийтдээ 38 асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Энэ хугацаанд байнгын хорооны хуралдаанаар давхардсан тоогоор 31 хуулийн төсөл, УИХ-ын тогтоолын зургаан төсөл хэлэлцэж, 32 санал, дүгнэлт гаргалаа.

Тайлангийн хугацаанд өргөн мэдүүлэгдсэн төслийг чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах дөрвөн ажлын хэсэг байгуулагдаж, нийтдээ 11 удаа хуралдаж санал, дүгнэлт гаргасны зэрэгцээ байнгын хорооноос долоон тогтоол гаргасан байна. Байнгын хорооны нэр дээр байгууллага, аж ахуйн нэгжээс 631 хуудас бүхий 160 албан бичиг, иргэдээс 8230 хуудас бүхий 120 өргөдөл ирснээс тухай бүрт нь шийдвэрлэж хариу өгсөн. Мөн байнгын хорооноос 20 хуудас бүхий 24 албан бичиг явуулсныг дурьдав.

 Чуулганы хугацаанд тус байнгын хороо Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулиуд, Төрийн өндөр албан тушаалтан болон түүнтэй адилтгах албан тушаалтны албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, “Ардын хувьсгал-90”  медаль бий болгох тухай УИХ-ын тогтоолыг хэлэлцүүлж батлуулжээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Төрийн өндөр албан тушаалтан болон түүнтэй адилтгах албан тушаалтны албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” УИХ-ын 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 50 дугаар тогтоолын хавсралтын нэг дэх хэсгийн ТӨ-1-д хамаарах хэсгийг хүчингүй болгохоор тавьсан хоригийг хүлээн авч УИХ-ын тогтоол батлуулсны зэрэгцээ Монгол Улсын сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 07 тоот дүгнэлтийг хэлэлцэн хүлээн авах боломжгүй гэж үзсэн байна.

 

Тус байнгын чуулганы хугацаанд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Сонгуулийн тогтолцоогоор дамжуулан оролцоо, төлөөллийг нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд УИХ-ын гишүүд, улс төрийн намын удирдлагууд, төрийн бус байгууллагын болон иргэдийн төлөөлөл, Сүхбаатар, Ховд, Архангай аймгийн төлөөлөгчдийг оролцуулан МҮОНТ-ээр “Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг өөрчлөх үү?” сэдвээр телемост зохион байгуулжээ. Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүдийг оролцуулсан хэлэлцүүлгийг МҮОНТ-тэй хамтран явуулсан байна. Түүнчлэн Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнтэй хамтран Өмнөговь, Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн нэгдсэн сургалт зохион байгуулж, 129 гаруй хүнийг хамруулжээ.

 

Байнгын хорооны дарга иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй энэ хугацаанд хэд хэдэн удаа уулзалт зохион байгуулж, цаашид хийх ажлын талаар санал солилцож, Санамж бичигт дурдсан ажлыг эрчимжүүлэх чиглэлээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон холбогдох байнгын хороодод албан бичиг явуулсныг байнгын хорооны тайланд дурдсан байна.

Тус байнгын хороо чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ын 2011 оны хаврын чуулганаар хэлэлцэх Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийн төслүүдээр хэлэлцүүлэг хийх, орон нутгийн удирдлага, иргэдээс санал авах ажил зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн хүрээнд хуулийн төсөл боловсруулахад голлож анхаарахаар төлөвлөжээ. Ажлын хэсэг эхний ээлжинд ажиллах зарчмаа тодорхойлоод хуулийн төсөл боловсруулах ажилд шуурхайлан орж улс төрийн намууд, иргэд, иргэний байгууллагуудын санаылг авах, оролцоог хангах арга хэмжээ авах юм байна. Түүнчлэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж, Төрийн байгуулалтын байнгын хорооны харьяанд Иргэдийн өргөдөл, гомдлын, Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэл, хяналтын дэд хороо байгуулахаар шийдвэрлэсэн тул эдгээр дэд хорооны дүрмийн төслийг боловсруулах юм байна.

Тус байнгын хороо 2011 оны ажлаа орон нутаг руу илүүтэй чиглүүлж төвлөрлийг сааруулах, орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх үүднээс холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах талаар иргэд олон нийтийн саналыг авах, ИТХ-ын төлөөлөгчдийн сургалт, бүсчилсэн семинар зохион байгуулахаар төлөвлөж байгааг байнгын хорооны дарга онцлов.

Мөн тэрбээр энэ үеэр 2010 оны намрын ээлжит чуулганы хугацааны УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагааны талаар зарим баримт дурдав. Тэрбээр хэлэхдээ, УИХ-ын 2010 оны намрын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд “бусад” гэдгээс гадна 26 асуудлыг нэр зааж оруулснаас 11 асуудлыг нь хэлэлцэн шийдвэрлэсэн, 10 нь хэлэлцүүлгийн шатанд байгаа, таван асуудлыг нь хэлэлцэж эхлээгүй байна. УИХ 26 асуудалтай ноцолдсоор хамаг цагаа өнгөрөөсөн мэтээр үзэх нь аргачлалын хувьд буруу юм. УИХ намрын чуулганы хугацаанд нийтдээ 154 хууль, тогтоол хэлэлцэж баталсан нь хууль тогтоох үйл ажиллагаагаа хангалттай хэрэгжүүлснийг нотлох баримт юм. УИХ-ын 2011 оны хаврын чуулганаар л гэхэд нэр зааж 17 асуудал хэлэлцэхээр, харин чуулган эхлэхээс өмнө өргөн баригдсан төслийг “бусад” гэсэн асуудлын хүрээнд тухайн үед нь авч хэлэлцэхээр төлөвлөсөн байгаа гэлээ.

Мөн тэрбээр хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид парламентын үйл ажиллагаанд янз бүрийн үнэлэлт дүгнэлт өгч байна. Гэхдээ УИХ олон хууль баталж байна гэж шүүмжилж байна уу, эсвэл баталсан хуулиуд нь чанаргүй байна гэж шүүмжилж байна уу гэдэг нь өөр өөр асуудал юм. Хуулийн сайн муугийн тухайд гэвэл нарийн судалгаа аргачлал шаардсан асуудал гэдгийг бас онцлов. Гишүүдийн ирцийг цаашдаа намын бүлгийн гишүүнчлэлээр нь гаргадаг байх нь зүйтэй юм гэж үзэж буйгаа байнгын хорооны дарга энэ үеэр хэллээ.

 

Байнгын хорооны дарга мэдээлийнхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв.  Хэвлэлийн бага хуралд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж байлцав.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.