Ажлын хэсэг саналаа хуулийн төсөл хэлбэрээр өргөн барилаа
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл 2011 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр 03 тоот захирамж гаргаж Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим заалттай холбогдуулан хэвлэл, мэдээллийн байгууллагаас тавьсан санал, хүсэлтийг судлан үзэж санал боловсруулах үүрэгтэй ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ахлуулан байгуулж, саналаа 2011 оны нэгдүгээр сарын 11-ний дотор УИХ-д таницуулахыг даалгасан билээ.
Ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим заалтуудыг тодорхой болгох нь зүйтэй гэж үзээд уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсныг ажлын хэсгийн ахлагч, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар, ажлын хэсгийн гишүүн З.Алтай, Э.Бат-Үүл, Ж.Батсуурь, Р.Гончигдорж нар өнөөдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барилаа.
Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд байнгын хорооны нээлттэй хуралдааны мэдээллийг сэтгүүлчид хуралдааны протокол болон байнгын хорооны дарга, оролцсон гишүүдээс олж авах боломжтой гэж үзэж зохицуулсныг сэтгүүлчид биечлэн байлцаж бэлэн мэдээлэл авах ёстой гэсэн санал шүүмжлэл гаргаж байсныг харгалзан төсөл санаачлагчид хуулийн заалтад найруулгын өөрчлөлт оруулахаар төсөл санаачилжээ.
Мөн сэтгүүлчдийн мэдлэг дадлага, ур чадварт УИХ үнэлгээ өгч эрх олгохоор ойлгогдож байсан томъёоллыг өөрчлөн хэвлэл, мэдээллийн байгууллага өөрийн төлөөлөл-сэтгүүлчдээ энэхүү шалгуур үзүүлэлтийг баримталж байхаар хуулийн заалтыг өөчрлөн найруулсан байна.
Цаашид УИХ-ын үйл ажиллагааг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр түгээхтэй холбоотой харилцааг тодотгон нарийвчилж зохицуулах асуудалд УИХ, хэвлэл, мэдээллийн байгууллагуудын аль аль нь анхаарч хуулийн төсөл боловсруулах шаардлагатай байгааг төсөл санаачлагчид онцлон тэмдэглэлээ.
УИХ-ын дарга хуулийн төслийг хүлээн аваад ажлын хэсэг захирамжид заасан хугацаанд багтаан саналаа хуулийн төсөл хэлбэрээр боловсруулан өргөн барьж буйд талархал илэрхийлээд хуулийн төслийг УИХ-ын гишүүдэд хүргүүлж, энэ долоо хоногт хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.