Б.Обама өдөрт 1666 ам.доллар авдаг бол Монгол улсын Ерөнхийлөгч жилд 13148 ам.долларын цалинтай
Аливаа улс орны №1 албан тушаал бол Ерөнхийлөгч. Тэгвэл төрийн тэргүүн хэмээх эрхэм үүрэг хариуцлагаас гадна, ихээхэн эрх мэдэл өвөртөлсөн улс орны Ерөнхийлөгч нар хэдий хэмжээний цалин хөлс авдаг бол. Асар өндөр хариуцлага хүлээдэг учир авдаг цалин нь жирийн иргэдтэй адилгүй байх нь мэдээж. Харин төрийн тэргүүнүүдийг хооронд нь харьцуулбал аль улсын Ерөнхийлөгч илүү өндөр цалин, хангамжтай байдаг бол. Сонирхуулъя.
Дэлхийн хамгийн баян чинээлэг гүрэн болох АНУ-ын төрийн тэргүүн Б.Обамаг хамгийн өндөр цалинтай Ерөнхийлөгч байх гэж бодвол эндүүрэл гэнэ. Түүнээс зургаа дахин өндөр цалинтай төрийн тэргүүн бий. Тэр бол Сингапурын Ерөнхий сайд юм. Хурдацтай хөгжлөөрөө хэдхэн жилийн дотор Азийн бар болтлоо нөлөөгөө ахиулж чадсан Сингапур улс Ерөнхий сайддаа жил бүр 2.75 сая ам.долларын цалин олгодог. Энэ азтай албыг одоогоор Ли Сиан Лон хашиж байгаа билээ.
Азийн өөр нэг удирдагч цалингийнхаа хэмжээгээр дэлхийд хоёрт бичигдэж байна. Энэ бол жилд 515.300 ам.долларын цалинтай Хонконгийн засаг захиргааны дарга Дональд Цанг юм.
Тэгвэл дэлхийн хамгийн алдартай Ерөнхийлөгч Б.Обама жилд 400 мянган ам.долларын цалин авдаг. Үүнийг тодорхой цаг хугацааны нэгжид шилжүүлэн тооцвол Б.Обама өдөрт 1666 ам.доллараар үнэлэгдэхүйц ажил хийдэг бол цагт 208 ам.доллар 33 цент, минутад гурван доллар 47 цент, нэг секундэд таван центийн цалин авдаг байх нь. Ер нь, жирийн америкчуудын жилийн дундаж цалин 80-200 мянган ам.долларт хэлбэлзэж байдаг. Тэгэхээр Ерөнхийлөгч нь тэднээс хоёр дахин өндөр цалин авдаг ажээ. Цалингийнхаа хэмжээгээр Б.Обамагийн араас барууны орнуудын төрийн тэргүүнүүд орно.
Баруун Европын орнуудаас төрийн тэргүүндээ хамгийн өндөр цалин хөлс олгодог нь Ирланд. Тус улсын Ерөнхий сайд Брайн Коувен жилд 342 мянган ам.долларын цалинтайгаараа Европын холбооны гишүүн орнуудыг тэргүүлдэг. Харин Францын Ерөнхийлөгч Николь Саркози жилд 319 мянган ам.долларын цалинтайгаараа түүний дараа орж байна.Тэгвэл уул уурхайгаар хөлжсөн Австрали улсын Ерөнхий сайд Жулия Гиллард Н.Саркозигоос дөрвөн мянган ам.доллараар бага цалин авдаг байна.
Европын баян чинээлэг гүрнүүд болох Их Британи, Германы Ерөнхий сайд, канцлер нар хоорондоо гурван мянган ам.долларын зөрүү бүхий цалин авдаг. Канцлер А.Меркелийн бүтэн жилийн хүч хөдөлмөр 303 мянган ам.доллараар үнэлэгддэг бол Британийн Ерөнхий сайд Дэвид Камеруных 300 мянган ам.доллараар хэмжигддэг байна. Тэгвэл Канадын Ерөнхий сайд Стифен Харпер 309 мянга, Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Жэйкоб Зума 305 мянган ам.долларын цалинтай аж. Харин манай хойд хөрш ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев гэхэд жилд 108.704 ам.доллар, сард есөн мянган ам.долларын цалин авдаг гэнэ.
Сонирхуулахад, нэгэн үе дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч гэгдэж байсан Уругвайн төрийн тэргүүн Хосе Мужика сард 11 мянган ам.долларын цалин авдаг байна. Сонгуульд өрсөлдөхдөө 2800 ам.долларын үнэтэй ганц волькесвагентай байсан тэрээр Ерөнхийлөгч болсноор овоо хөлжиж эхэлж байгаа гэнэ.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн албан хаагчдын нэгэн адил энэ сарын 1-нээс цалингаа 30 хувь нэмүүлсэн байгаа. Өмнө нь, сард 997.104 төгрөгийн цалин авдаг байсан бол энэ сарын 1-нээс нэг сая 424 мянга 435 төгрөг авах болсон. Тэгэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн жилийн цалин 17 сая 93 мянга 220 төгрөг болно. Үүнийг нь бусад улс орны төрийн тэргүүнүүдийнх шиг ам.долларт одоогийн ханшаар шилжүүлж үзвэл ичмээр тоо гарна.
Сард 1095 ам.долларын цалин авдаг гэсэн үг. Ингэхээр жилд манай Ерөнхийлөгч ердөө л 13148 ам.доллараар цалинждаг болж таарч байна. АНУ-ын төрийн тэргүүний нэг өдрийн цалинд ч хүрэхгүй хөлс сард авдаг гэсэн үг.Монголчууд тэгвэл БНСУ-д хар ажил хийгээд улсынхаа төрийн тэргүүний авдаг хэмжээний цалинтай дүйцэхүйц хөлс авдаг. Гэхдээ Монголд ажилладаг олонхи жирийн иргэдийнхтэй харьцуулбал ч өндөр тоо болох нь мэдээж. Өдгөө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 108 мянган төгрөг буй. Тэр байтугай үүнээс ч бага хөлсөөр сарынхаа хөдөлмөрийг үнэлүүлдэг хүмүүс зөндөө. Уул уурхайн томоохон төсөлд ажилладаг инженер, техникийн ажилтнууд багадаа л 1000 ам.доллар сард авдаг.Энд улс орны Ерөнхийлөгч, удирдагчидтай улсынхаа төрийн тэргүүний цалинг зөвхөн харьцуулсан гэдгийг сануулах хэрэгтэй биз ээ.