Олон улсын парламентчид Монголын парламентчидтай уулзаж байна
2009.10.27

Олон улсын парламентчид Монголын парламентчидтай уулзаж байна

Олон улсын Парламентчдын Дэлхийн банкны холбооны шугамаар манай улсад зочилж буй олон орны Парламентын гишүүд Төрийн ордонд өнөөдөр Монгол Улсын Их Хурлын гишүүд
тэй нүүр тулан уулзаж, санал бодлоо солилцлоо.

Бангладеш, Финлянд, Франц, Энэтхэг, Индонез зэрэг орны Парламентын төлөөлөгчид болон Дэлхийн банкны Парламентын холбооны Парис дахь ажлын албаны ажилтнууд, Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын зарим ажилтан уулзалтад оролцсон юм.

Уулзалт, ярилцлагыг УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболд хөтлөн явуулсан бөгөөд УИХ-ын гишүүн, Монгол-Францын Парламентын бүлгийн дарга Ц.Батбаяр, УИХ-ын гишүүн, Монгол-Энэтхэгийн Парламентын бүлгийн дарга Д.Одбаяр, УИХ-ын гишүүн А.Тлейхан, Х.Бадамсүрэн, Д.Балдан-Очир, Н.Ганбямба, Ж.Сүхбаатар нарын гишүүд Монголын Парламентыг төлөөлөн оролцсон юм.

Дэлхийн банкны Парламентын холбоо нь Францад төвтэй бөгөөд 11-14 мянган гишүүнийг эгнээндээ багтаасан 150 гаруй орны төлөөллийг хамаардаг аж. Монголд ирээд байгаа энэ удаагийн бүрэлдэхүүн хэд хэдэн орноор уулзалт хийж, аялан яваа юм байна. Индонезийн Парламентын гишүүн, Дэлхийн банкны Парламентын Удирдах зөвлөлийн гишүүн Ида Лаоде нөхдөдөө хандан өөрсдийгөө танилцуулахыг урьснаар уулзалт найрсаг, чөлөөт уур амьсгалд өрнөсөн юм.

Олборлох үйлдвэрлэлд түшиглэсэн эдийн засгийн удирдлага болон Парламентын үйл ажиллагаа, харилцааг хэрхэн хөгжүүлэх асуудлаар өнөөдөр дэлгэнгүй ярилцлаа.

Олон улсын Парламентчдын Монголд ирсэн зорилгыг цагаа олсон үйл явдал хэмээн УИХ-ын гишүүн З.Энхболд дүгнэсэн. Тэрээр, Монголын олборлох үйлдвэрлэл дэлхий дахины анхааралд өртөөд буй өнөө үед бид ашигт малтмалаа олборлоод амжилт олсон улсуудын жишгээр явах хүсэлтэй байна. Иймд энэ чиглэлд сайн туршлага хуримтлуулсан улс орноос сайтар суралцах нь чухал юм гэлээ.

УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн энэ үеэр Монголын ашигт малтмал болон олборлох үйлдвэрлэлийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийв.

Үүний дараа уулзалтад оролцогчид санал, бодлоо солилцсон. Бангладешийн төлөөлөгч хамгийн түрүүнд “салхи хагалав”. Тэрээр олборлох үйлдвэрлэлийн талаар маш оновчтой, зөв шийдвэр гаргах нь чухал гэдгийг онцлоод, судалгаа хамгийн хэрэгтэй гэдгийг дурдаж байв. Мөн улс орныхоо үндэсний эрх ашгийг сайн хамгаалж, ашигт малтмалаас олох орлогыг ядуурлыг бууруулах, хөдөө аж ахуй, дэд бүтцийг хөгжүүлэх, сайн засаглалыг авчрахын төлөө зарцуулах ёстой хэмээсэн юм. Санал бодлоо солилцсон манай Парламентын гишүүд орон орны Парламентчидтай ажил хэргийн холбоо тогтоож, тэдний үйл ажиллагааны туршлагаас суралцах нь УИХ-ын гишүүдэд чухал бөгөөд Их хурлын үйл ажиллагааг боловсронгуй болгоход ч дэмтэй гэдгийг тэмдэглэж байлаа.

Уулзалт Төрийн ордонд өнөөдөр УИХ-ын Тамгын газрын Бодлогын судалгаа, олон нийттэй харилцах төвийн ажилтай танилцсанаар үргэлжилнэ

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.