Н.Назарбаевын засаглал эцэс болох уу?
Казахстан улсын одоогийн ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын бүрэн эрхийн хугацааг 2020 он хүртэл сунгах тухай асуудал олон улсын анхаарлыг татсан асуудлын нэг болоод байна. Энэ санаачлагад харилцан адилгүй байр сууринаас хандаж байгаа юм. Казахстанчуудын дийлэнх хэсэг нь дэмжиж байгаа бол гадны улс орнууд болгоомжилсон байдалтай байна. Тус улсыг тусгаар тогтнолоо олсон цагаас буюу сүүлийн 20 гаруй жил Н.Назарбаев Казахстан улсыг удирдаж байгаа нь зарим нэг улс орны төрийн тэргүүнүүдийн сэтгэлийг зовоож байгаа асуудал болжээ.
Гэвч энэ улсыг их бага хэмжээгээр судалсан улс төрчид, эдийн засагчид Казахстан улс Н.Назарбаевын удирдлаган дор улс төр эдийн засгийн томоохон амжилтанд хүрсэн хэмээн үздэг билээ. Өдгөө Казахстан улс хуучин зөвлөлтийн улсууд болон төв азийн хэмжээнд улс төр, эдийн засгийн томоохон төвүүдийн нэг болсон гэдэгтэй маргах хүнгүй болсон юм.
Евразийн орон зайд улс төрийн тоглогчийн хувьд нэр хүндтэй манлайлагчийн байр суурь эзэлж амжилтаар дүүрэн яваа улс орон гэж зүй ёсоор тооцогдох болжээ. Энэхүү манлайлал нөгөө талаараа ихээхэн хариуцлагыг үүрүүлдэг байна. Үүний тод илрэл нь бол 2010 онд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагыг тэргүүлэх болсон явдал юм. Энэ бол хуучин зөвлөлтийн болон төв азийн улс орнуудаас анхны тохиолдол байлаа. Хэрэг дээрээ энэ нь Казахстаны дипломатын тэсрэлт байсан юм. Тус байгууллагын түүхэнд Казахстан улс алтан үсгээр тэмдэглэгдэх үйл явдал болсон нь шинэ нийслэл Астана хотод Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын бүтцийн хөгжлийн шинэ үе шатны эхлэлийг тавьсан чуулган болсонд оршино. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төр засгийн тэргүүнүүдийг нэг ширээний ард цуглуулна гэдэг хүнд хэцүү байсан нь дамжиггүй юм. Олон улсын судлаачид үүнийг биелэгдэшгүй гэж үзэж байлаа. Стамбулд 11 жилийн өмнө болсон дээд хэмжээний уулзалтаас хойш ийм түвшингийн уулзалтыг хэн ч, ямар улс орон зохион байгуулаж чадаагүй байлаа. Харин үүнийг Н.Назарбаев оролцогч улс орнуудын төрийн тэргүүнүүдтэй тогтоосон хувийн найрсаг харилцаагаа ашиглаж тэдний хэлэлцээрийн ширээний ард нэгтгэж чадсан байна. Өнөөдөр тус байгууллагыг тэргүүлж байсан цаг үе нэгэнтээ ард үлджээ. Гэвч энэ нь Казахстан улсыг олон улсын улс төрийн тайзнаас буусан гэсэн үг биш юм. 2011 оны 6 сараас Казахстан улс Исламын улсуудын конференцийг толгойлохоор болсон байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх болсон ядуурал, коррупци, үндэстэн болон шашин хоорондын мөргөлдөөн, түүнчлэн олон нийтийн төрд итгэх итгэлээ алдсан байдлын хариу үйлдэл байдлаар энд тэндгүй гарах болсон эмх замбараагүй байдал, “өнгөт хувьсгал”-ын дэргэд Казахстан улс чухамдаа амар амгалангийн арал гэлтэй. Н.Назарбаевын үед Казахстан улсад үндэстэн болон шашин хоорондын ямар нэгэн зөрчил гараагүй байна. Өнөөдөр тус улсад 46 үндэстэн, 140 орчим ястан амьдарч, нийслэл Астана хотноо дэлхийн болон уламжлалт шашны тэргүүнүүдийн Их хурлууд хуралдах болжээ.
Тус улсад Парламентад төлөөлөл бүхий Казахстаны ардын Чуулган хэмээх онцгой бүтэц байгуулагдсан ба Үндэсний эв нэгдлийн тунхагийг баталсан байна. Бид Казахстан улстай зэрэгцэн зах зээлийн нийгэмд хөл тавьсан бөгөөд өдгөө бид тэднээс хэдэн нүүдлийн цаана хоцоржээ. Харин Казахстан улс дэлхийн улс орнуудаас хөгжлөөрөө эхний 50-д жагсаж байгаа юм. Улс орны нийгэм эдийн засаг, улс төрийн тогтвортой байдал, хүн амын амжиргааны түвшний шат дараалсан тогтмол өсөлт, шашин шүтэх эрх чөлөө болон үндэстэн хоорондын эв нэгдэлтэй байдал нь Казахстаны ерөнхийлөгчийн бүхэн эрхийн хугацааг 2020 он хүртэл сунгах ард түмний санал асуулгад хөтөлж аваачсан гэж болно.
Хэрвээ Н.Назарбаев 2020 он хүртэл дахин сонгогдвол тухайн улс оронд хэрэгжиж буй бодлогын залгамж халаа хэвээрээ үргэлжлэх юм. Гэхдээ түүний бүрэн эрхийг 2020 он хүртэл сунгах асуудлын талаар Н.Назарбаев өөрийн байр суурийг илэрхийлсэн байна. Тэрээр анх энэ асуудал яригдаж эхлэхэд өөрөө эрс татгалзсан хариулт өгсөн билээ. Энэ талаар 2011 оны 01 сарын 29-нд ард түмэндээ хандсан илгээлтдээ ийнхүү дурьджээ. “Миний бүрэн эрхийн хугацааг 2020 он хүртэл сунгах талаар асуудал ид яригдаж байна. Миний бие энэ саналыг анхнаасаа дэмжээгүй билээ. Харин парламент өөрийн бүрэн эрхийн хүрээнд Үндсэн хуулинд өөрчлөлт оруулсан билээ. Ингээд энэ асуудлаар бүх ард түмний санал асуулга явуулахаар болоод байгаа билээ. Гэвч үүнийг хуулийн хүрээнд шийдэх ёстой ба Үндсэн хуулийн цэц эцсийн шийдвэрийг гаргах болно. Надад ийм өндөр итгэл үзүүлсэн ард түмэндээ талархаж байгаагаа илэрхийлье” гэсэн байна.
Магадгүй санал асуулгын оронд сонгуулийг санал болгогчид ч цөөнгүй байх. Гэхдээ санал асуулга бол нийт улс орны, бүс, орон нутгийн хэмжээний хамгийн чухал асуудлаар иргэд хүсэл зоригоо илэрхийлэх шууд хэлбэр билээ. Өөрөөр хэлбэл санал асуулгын үр дүн бол иргэдээс авсан итгэл хүлээлгэсэн мандат юм. Үр дүнтэй нь хэн ч маргаж чадахгүй, ерөнхийлөгч ч тэр. Өнөөгийн Казахстаныг ардчилсан улс биш гэж үзэгсэд ч байдаг. Харин тэд нэг зүйлийг мэдэх ёстой. Юу вэ гэвэл, өдгөө гарын үсэг цуглуулах шатанд казахстанчууд Н.Назарбаевын төлөө аль хэдийнээ саналаа өгчээ. Нийтдээ 5 сая казахстанчууд түүний төлөө гарын үсэг зуржээ. Энэ бол нийт сонгогчдын талаас илүү хувь нь юм. Гэвч бүх нийтийн санал асуулга явагдахгүй боллоо. Учир нь Н.Назарбаев энэ сарын 4-нд зарлиг гаргаж Казахстан улсын Ерөнхийлөгчийн ээжилт бус сонгуулийг 2011 оны 04 сарын 03-ны өдөр зохион байгуулахаар болсон байна. Казахстаны Ерөнхийлөгчийн талаарх олон улсыг шуугиулж байсан асуудалд ийнхүү цэг тавигдлаа.