Канадын Төрийн тэргүүн нь Их Британы Хатан хаан
2011.03.01

Канадын Төрийн тэргүүн нь Их Британы Хатан хаан

Канад улс Үндсэн хуульт хаант засаглалтай улс юм. Үндсэн хуульд зааснаар улсын төрийн тэргүүн нь Их Британи хатан хаан II Элизабет, харин Ерөнхий сайд Засгийн газраа тэргүүлдэг, холбооны, ардчилсан улс юм. Тус улсын төрийн тогтолцоог танд сонирхуулж байна.

Канадын төрийн тэргүүн Амбан захирагч


Албан ёсоор Их Британийн Хатан хаан Канад Улсын тэргүүн ба Амбан захирагч нь Хатан хааны бие төлөөлөгч юм. Амбан Захирагчийг аль нэг улс төрийн намаас бус гол төлөв дипломат буюу цэргийн албан хаагчдаас сонгон Ерөнхий сайдын саналын дагуу Хатан хаан Канадын англи, францчуудаас ээлжлэн томилдог байна. Амбан захирагчийг томилолтын хугацаа хуулиар 5 жил байдаг.
Тэрбээр Канадын төрийн тэргүүн бөгөөд Засгийн газартай байр сууриа зохицуулан ажилладаг. Одоогийн Амбан Захирагч хатагтай Мишель Жан Канадын 27 дахь Амбан захирагч бөгөөд үүрэгт ажилдаа 2005 оны 9 дүгээр сарын 27-ноос орсон.

Тэрээр дараах эрх, үүрэгтэй.

  1. Канад Улсад Их Британийн Хатан хааныг төлөөлнө. Парламентыгзарлан хуралдуулах, тараах эрхтэй. Гэхдээ шийдвэрийг Ерөнхий сайд гаргаж, Амбан захирагч хэрэгжүүлнэ. Аль нэг нам сонгуульд дийлэнх олонхийн санал аваагүй буюу Ерөнхий сайд нас барсан тохиолдолд Ерөнхий сайдыг томилох асуудлыг Амбан захирагч бие даан шийдвэрлэнэ.
  2. Канадын тусгаар тогтнолын илэрхийлэл байна. Тэрбээр гадаад орнуудад төрийн тэргүүний хувиар айлчилна, гадаадын төрийн тэргүүн нарыг хүлээн авна. Элчин сайд, бүрэн эрхт төлөөлөгч нарын Итгэмжлэх жуух бичгийг хүлээж авна. Канадын зэвсэгт хүчний дээд командлагч байна.
  3. Төрийн дээд шагналыг олгоно.
  4. Канад Улсын үндэсний нэгдмэл байдлын илэрхийлэл байна.
Хуулийн төслийг хоёр танхим хоёулаа батлах ёстой


Канадын парламентын дээд танхим Сенат бүс нутаг, мужуудыг төлөөлсөн 105 гишүүнтэй. Тэд 75 нас хүртлээ Сенатынгишүүн байх эрхтэй. Сенатын Спикер болон гишүүдийг Ерөнхий сайдын зөвлөмжөөр Амбан захирагч томилдог. Нийтийн танхим нь 305 гишүүнтэй. Гишүүд нь 5 жилийн хугацаатай сонгогддог. Нийтийн танхимын Даргыг тус танхимын гишүүд дотроосоо нууцаар санал хурааж сонгодог.

Төсөв мөнгөний холбогдолтой хуулийн төслийг зөвхөн Нийтийн танхим санаачлана. Хуулийн төслийг хоёр танхим хоёулаа баталснаар хүчин төгөлдөр болно. Парламентын чуулган жил бүрийн 9 дүгээр сард эхлэж, дундаа завсарлагатайгаар 6 дугаар сар хүртэл үргэлжилдэг.

Парламентын байшингуудыг 1859-1866 онд барьж байгуулсан байна. Парламентын ордон баруун, төв, зүүн гэсэн 3 хэсэгтэй. Төв хэсэгт Сенат болон Нийтийн танхимын хурлын танхимууд байдаг.

Ерөнхий сайд нь ихэвчлэн Нийтийн Танхимын гишүүн байдаг


Холбооны Засгийн газрыг сонгуульд ялсан улс төрийн нам эмхлэн байгуулна. 2006 оны 1 дүгээр сарын 23-нд болсон парламентын сонгуулиар Консерватив нам хамгийн олон суудал авч цөөнхийн засгийн газраа байгуулсан. Ерөнхий сайд Стефен Харпер 2006 оны 2 дугаар сард томилогдож кабинетын гишүүдийн хамт тангараг өргөсөн.

Засгийн газар нийт 27 яамтай. Парламентын нарийн бичгийн дарга нар нь гол төлөв засгийн газрын гишүүн байдаг. Тэднийг парламентын гишүүд дотроос Ерөнхий сайд томилдог. Засгийн газрыг Ерөнхий сайд толгойлно. Амбан захирагч Ерөнхий сайдыг томилох буюу сонгуульд ялсан намын тэргүүнийг засгийн газраа эмхлэн байгуулахыг санал болгоно. Ерөнхий сайд нь ихэвчлэн Нийтийн Танхимын гишүүн байдаг.

Парламентын гишүүн биш хүн Ерөнхий сайдаар томилогдож болно. Гэхдээ богино хугацаанд Парламентын гишүүн болох ёстой аж. Ерөнхий сайд сонгуулиар суудлаа алдсан ч нам нь парламентад олонхи байгаа тохиолдолд албан тушаалдаа сайд хэвээр байх боломжтой ба харин парламентын гишүүнээр дахин сонгогдох шаардлагатай. Ерөнхий сайдын сонгон авсан кабинетын гишүүдийг Парламент хэлэлцэж батална.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.