Д.Ганхуяг: Бизнесмэнүүд авлига аваагүй л бол гэнэт баяждаггүй
УИХ-ын гишүүн Д.Ганхуягийг “Ярилцах танхим”-даа урилаа.
-Сүүлийн үед жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар их ярьж, тэрбум, тэрбумаар нь төсөв хуваарилах болжээ. Гэхдээ эрх зүйн орчин нь ямар түвшинд байна вэ?
-Бизнес эрхлэгчид болон хувийн хэвшлийнхэн манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 70 гаруй хувийг үйлдвэрлэж байна. Товчхондоо, тэд эдийн засагт ийм хэмжээгээр хувь нэмрээ оруулж, улс орныхоо хөгжлийг урагшлуулж явна. Гэвч аж ахуй эрхлэх бизнесийн орчин нь тун тааруу байсан.
Ялангуяа бизнесийн салбарын 90 шахам хувийг бүрдүүлэгч жижиг, дунд үйлдвэрийнхэнд энэ байдал хамгийн хүнд тусч байлаа. Тэдэнд бизнес эрхлэх боломж бүрдүүлж өгөх нь эрх зүйн орчныг бүрдүүлэхээс эхэлдэг. Тиймээс би Жижиг, дунд үйлдвэрлэлийн тухай хуулийг УИХ-ын нэр бүхий гишүүдтэй хамт хоёр удаа өргөн барьж, 2007 онд батлуулсан юм. Одоо ч улстөрчдөөс авахуулаад амтай болгон нь л энэ сэдвээр ярьдаг болжээ. Гэхдээ бидний батлуулсан хууль жижиг, дунд үйлдвэрлэгчдэд үр дүнгээ өгч буй нь олзуурхууштай. Үүнээс гадна 2004-2007 онд Татварын багц хуулийг шинэчилж, дөрвөн 10-ын татварын тогтолцоог хуульчилсан. Энэ нь нэмүү өртгийн албан татвар (НӨАТ)-ыг 15-аас 10 хувь, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ)-ыг 30, 15-аас 25 болон 10 хувь, хүн амын орлогын албан татвар (ХАОАТ)-ыг 40 хүртэлх дөрвөн шатлалаас 10 хувь болгож өөрчилсөн. Нэг үгээр хэлбэл, манай улс Ази тивд татварын харьцангуй бага ачаалалтай, ойлгомжтой тогтолцоотой орон боллоо.
-Жижиг, дунд үйлдвэрлэгчдийг бодлогоор дэмжих ямар гарц байж болох вэ. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд хангалттай ажиллаж байна уу?
-Дээрх хуулийн зорилго нь төрөөс жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, дэмжихийг хуульчилсанд оршино. Энэ хуулиар нэгээс дээш ажиллагсадтай худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн салбарт бүтээлч үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдийг зах зээл, татвар, техник, технологи, хүний нөөц, санхүү, хөнгөлөлттэй зээл, менежмент, даатгалын бодлогоор хэрхэн дэмжихийг тодорхой болгосон. Ихэнх оронд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид үндсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нэг хэсэг нь үндэсний томоохон компаниудтай хамтарч, тэдний туслан гүйцэтгэгч байдлаар ажилладаг. Харин зарим нь бие даан ажиллаж байна. Гэвч том компаниуд жижиг, дунд үйлдвэрлэгчидтэй хоршин ажиллаж чаддаггүй. Учир нь, тэд бүхнийг ямар нэг байдлаар дангаараа эрхлэх, өмчлөх зорилготой байна. Тиймээс эл байдалд төр анхаарах шаардлагатай. Харин ноолуурын салбарт томоохон компаниуд болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид хамтран ажиллах хандлага ажиглагдаж байгаа. Энэ их сайн хэрэг. Цаашид жижиг, дунд үйлдвэрлэлийн асуудал хариуцсан яам, агентлагийнхэн ийм төрлийн аж ахуй эрхлэгчдээ бүртгэх, эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг зарлах, мөн улсын хэмжээнд тодорхой бодлого хэрэгжүүлэх Үндэсний зөвлөлийг байгуулах хэрэгтэй. Харамсалтай нь энэ ажил удаашралтай байна. Ер нь жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлогын үндсэн зорилт нь хөдөлмөр эрхлэх боломжтой иргэдийн аж ахуй эрхлэлтийг дэмжсэнээр ажилгүйдлийг багасгаж, татвар авах гэхээсээ илүү боломжтой бүх хүнийг ажилтай байлгах, баян, ядуугийн ялгааг ихэсгэхгүй байхад л чиглэдэг. Иймээс л төр тэднийг татвар, хөнгөлөлттэй зээл болон бусад бодлогоор дэмжих үүрэг хүлээдэг юм.
-Эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг зарлах талаар та ярилаа. Гэхдээ нөхцөл нь бүрдсэн юм уу?
-Бид “Мөр, чигээ зөв гаргах” гэж ярьдаг даа. Үүнтэй адил хөгжилтэй орнууд эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлдог. Энэ нь хөгжлийн гол стратеги бөгөөд тухайн орны өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, бүс нутаг, олон улсын зах зээл дээр өрсөлдөх чадвартай салбарыг хэлнэ. Түүнээс биш хүмүүсийн санал бодлыг сонсож байгаад хэдэн нэр жагсааснаа “Тэргүүлэх салбар” хэмээн нэрлэж болохгүй. Татварын болон Хөгжлийн банкны тухай хуульд Засгийн газраас тэргүүлэх саларыг зарлахаар заасан ч хэрэгжсэн зүйл алга. Сүүлийн үеийн тооцоо, судалгаагаар Монголын ойрын болон дунд, урт хугацаанд эдийн засгийн тэргүүлэх салбарын эхний тавд дэд бүтэц, боловсруулах үйлдвэр, үйлчилгээ, барилга, хүнсний салбарууд тооцогдож байна. Ашигт малтмалын салбарын хувьд, орлогын гол үүсвэр нэг хэсэгтээ л байх болно. Гэхдээ боловсрол, эрүүл мэнд, банк, хөрөнгийн зах зээл, мэдээллийн технологийн салбар нь аль ч орны хөгжлийг дэмжих тулгуур багана нь байдаг. Төрийн зүгээс импортыг орлох, экспортын чиглэлийн нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрийн салбарт жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжвэл илүү үр дүнтэй байхаар байна. Ер нь Засгийн газраас эдийн засгийн тэргүүлэх салбараа таваас илүүгүйг нэн яаралтай зарлаж, бизнес эрхлэгчид, нийт иргэд, хөрөнгө оруулагчдын анхаарлыг эдгээр салбарын хөгжилд төвлөрүүлэх хэрэгтэй. Манай улсад 800 мянга орчим иргэн жижиг, дунд үйлдвэрүүдэд ажиллаж байна гэсэн судалгаа бий. Энэ үзүүлэлт баян, ядуугийн ялгаа харьцангуй бага байдаг хөгжилтэй орнуудад ч адилхан. Жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих төрийн бодлого зөвхөн өрх бүрийг ажилтай, орлоготой байлгах, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чухал төдийгүй баян, хоосны ялгааг ихэсгэхгүй байх үүрэгтэй. Хуулийн гол ач холбогдол үүнд л оршиж байгаа юм.
-Ер нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд ямар асуудлууд тулгамдаж байна вэ?
-Тэдний хувьд, зээлийн хүү өндөр, хугацаа богино байдаг. Мөн зах зээл багатай, гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой тэргүүний техник, технологи нэвтрүүлэх гэхээр хөрөнгө санхүүгийн боломж хомс байна. Үүнээс гадна ажиллагсдын ур чадвар, удирдлагын менежмент хангалттай бус, зээл авах гэсэн ч барьцаалах хөрөнгө байхгүй зэрэг асуудлууд бий. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд, Монголбанк ганцаараа инфляцийн манаач хийдгээ больж, бодит эдийн засгийг дэмжих мөнгөний бодлого явуулах хэрэгтэй. Монголд үйлдвэрлэл төдийлөн хөгжихгүй байгаагийн гол шалтгаан нь дээр дурьдсан өндөр хүүтэй, хугацаа богинотой зээлтэй холбоотой гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Олон улсын жишгээр бол боловсруулах үйлдвэрлэлийн салбарт олгож буй зээлийн хүү дунджаар таван хувьтай л байгаа болов уу. Энэ нь татвар төлөхийн өмнөх ашиг нь дунджаар 5-15 хувьтай байдагтай холбоотой. Гэтэл манай улсын арилжааны банкнуудын зээлийн хүү сүүлийн жилүүдэд 20-30 хувийн хооронд байна. Ийм нөхцөлд боловсруулах үйлдвэрлэл хөгжих боломжгүй. Ихэнх хөгжилтэй оронд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгож буй хөнгөлөлттэй зээл маш бага хүүтэй, зарим нь бараг хүүгүй байна. Бид цаашид ийм төрлийн санхүүжилтийг нэвтрүүлэх ёстой. Дараагийн асуудал нь зах зээл тэлэх, тэргүүний техник, технологи нэвтрүүлэх бодлого юм. Үүнийг олон орон, бүс нутаг, тухайн орнууд хоорондын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (Чөлөөт худалдааны хэлэлцээр) байгуулах замаар шийдэж ирсэн. Манай улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн боловч ганц ч оронтой ийм хэлэлцээр хийгээгүй. Тиймээс гуравдагч хөршүүд, тэр дундаа Японтой уг хэлэлцээрийг байгуулах асуудлыг түргэвчилмээр байна. Ер нь гуравдагч хөршүүдтэйгээ ийм төрлийн хэлэлцээр байгуулахад болгоомжлох шаардлагагүй. Ингэвэл Монгол Улстай худалдааны сайн харилцаа, нөхцөл тогтоох гэсэн гадаадын орнуудын өрсөлдөөн ихэсч, эцсийн дүнд Монголын талд үр ашигтай, ач холбогдолтой тусна.
-Та бүхэн Жижиг, дунд үйлдвэрлэлийн тухай хуулийг батлуулаад багагүй хугацаа өнгөрчээ. Харин хэрэгжилт нь ямар байна вэ?
-Жижиг, дунд үйлдвэрлэлийн тухай хууль батлагдсанаар Японы Засгийн газраас найман жил хүлээж байсан тус салбарт зарцуулах зориулалт бүхий хоёр үе шаттай, 40 жилийн хугацаатай, жилийн 0.75 хувийн хүүтэй 29 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авсан. Энэхүү зээлийг эцсийн хэрэглэгчдэд нь 10 хувийн дотор хүүтэй, 3-5 жилийн хугацаатайгаар олгосон юм. Мөн 2010, 2011 онд улсын төсвөөс жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжихэд зориулж, жилийн 12 хувь хүртэлх хүүтэй, гурав хүртэлх жилийн хугацаатай нийт 60 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олголоо. Харин энэ онд Японы Засгийн газраас өмнөх зээлтэй адил нөхцөл бүхий 58 сая ам.долларын хоёр үе шаттай, хөнгөлөлттэй зээл олгоно. Түүнчлэн ноолуур боловсруулах эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжихэд 100 тэрбум төгрөг, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулж, 150 тэрбум төгрөгийн бондыг Засгийн газар гаргахаар болсон. Уг бондоор дамжин эцсийн хэрэглэгчдэд жилийн долоон хувийн хүүтэй, тав хүртэлх жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкаар дамжуулан олгоно. Хүүгийн зөрүүг нь төрөөс хариуцаж байгаа юм. Гэхдээ 50-аас доошгүй хувийг нь нийслэл дэх жижиг, дунд үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Дүүрэг хөгжүүлэх сангаар дамжуулахаар Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2012 оны үндсэн чиглэлд тусгахаар ажиллаж байна. Энэ оны Төсвийн хуулиар Сум хөгжүүлэх санд 24 тэрбум төгрөг төвлөрүүлж, зохих арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа. Монголын төрөөс сүүлийн таван жилийн хугацаанд иймэрхүү байдлаар 450 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлээр үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих шийдвэр гаргасан. Тиймээс жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх эрх зүйн орчин бүрдсэнээр бодитой үр дүн гарч байна гэж дүгнэж болох байх.
-Гэхдээ цаашид бодлогын шинж чанартай ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?
-Хэдийгээр хуультай болсон ч жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн орчин бүрэн бүрдээгүй байна. Миний хувьд, нэр бүхий гишүүдийн хамт Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийн батлан даалтын тухай хуулийн төслийг саяхан өргөн барьсан. Энэ төслийг ирэх намрын чуулганаар баталчихна гэж бодож байна. Манай улс ийм хуультай болсноор барьцаалах хөрөнгөгүй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд авах гэж байгаа зээлийнх нь тодорхой хэсэгт Жижиг, дунд үйлдвэрлэлийн батлан даалтын сангаас баталгаа гаргах юм. Ингэснээр хөрөнгөгүйгээсээ болж, зээл авч чадахгүй байгаа орлого багатай иргэдэд маш том дэмжлэг болно. Нэг ёсондоо үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих бодлого бараг гараан дээрээ байна. Монголын үйлдвэрлэлийн салбар, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн өрсөлдөх чадвар сайжрах тусам бүр нарийн, оновчтой бодлогоор дэмжих шаардлагатай. Тийм учраас бэлтгэлээ сайтар хангах хэрэгтэй.
-Эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлохоос гадна хөгжлийг хурдасгах бодлогын ямар арга хэмжээ авч болох вэ?
-Эдийн засгийн хөгжлийн маш ойлгомжтой бүдүүвчийг олон нийтэд тодорхой болгох шаардлагатай. Бидний судалгаанд суурилсан бодлогоор бол ийм бүдүүвч харагдаж байгаа. Цаашид богино, дунд хугацаанд ажил эрхлэх хүсэлтэй хүмүүсийг дэмжих, ажиллах хүчинд ур чадвараа дээшлүүлэх эрмэлзлийг төрүүлэх, хөрөнгийн зах зээлд оролцох идэвхийг нь дээшлүүлэх, тэргүүний техник, технологи нэвтрүүлэх болон ашиглахыг нэмэгдүүлэх, бүх салбарт инноваци буюу шинэчлэлийг хурдацтай хийх сонирхлыг дэмжих, үндэстэн дамнасан, олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай корпорациудыг хуулийн хүрээнд байгуулж болохоор байна. Эцэст нь хэлэхэд, ямар ч том аж ахуйн нэгж, эсвэл хэн нэгэн бизнесмэн авлига аваагүй, хууль бус бизнес эрхлээгүй л бол гэнэт баяждаггүй. Тэд ихэвчлэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхээс гараагаа эхэлсэн байдаг. Ер нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжсэнээр аж ахуй эрхлэгчийн орлого, иргэдийн амьжиргааны түвшний өсөлтөөр дамжсан бодит эдийн засаг хөгждөг жамтай. Ингэснээр дундаж амьдралтай иргэд нийгмийн олонхи болсон чинээлэг иргэний нийгмийг байгуулах зорилт хэрэгжих учиртай шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье!