2011.08.22
Боловсролд хөрөнгө оруулахад боломж хязгааргүй
УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд тойргийнхоо оюутан, сурагч залуусыг хөтөлгөө морьтой болж, эрдмийн аянд хол явахыг уриаллаа. Тэрбээр англи хэлний зуны хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, Хан-Уул, Багануур, Багахангай дүүргийн 300 шахам залуусыг сургалтад хамруулсан юм.
Түүний санаачилга, дэмжлэгийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Глобал удирдагч” дээд сургууль ажил хэрэг болгосон байна. Оюутан, сурагч гээд нас насны залуус англи хэлний мэдлэгийн төвшнөөрөө гурван ангилалд хуваагдан бүтэн сарын турш хичээллэсэн бөгөөд “Глобаль удирдагч” дээд сургуулийн чадварлаг багш нар тэдэнд үлгэрлэжээ. Зуны сургалтыг төгсөгчид өнгөрсөн бямба гаригт төгсөлтөө хийж, сертификатаа гардан авлаа. Суралцагсад зуныг үр бүтээлтэй өнгөрөөж, богино хугацааны эрчимтэй сургалтыг үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа энэ үеэр илэрхийлсэн юм.
Цаг үеийнхээ хөгжлийн хурдыг энэ сургалтын явцад жинхэнэ утгаар нь ойлгосноо тэд ярьсан юм. Эхэндээ тэвдэж байсан ч энэ хэмнэлтэй хөл нийлэхгүйгээр ирээдүйгээ сайхнаар төсөөлөх аргагүй тэд мэдэрсэн байна. Нийгэм тэдний өмнө өнөөдрийн мэргэжилтнүүдийнхээс ч хавьгүй өндөр чадвар,болвсролыг шаардана гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Хуульч байлаа гэхэд олон улсын төвшинд гэрээ, хэлцэлд оролцох чадвартай байх ёстой. Үүний тулд гадаад хэл, тэр дундаа англи хэлийг эзэмшихгүйгээр амжилтад хүрэхгүй учраас тэд бүтэн сарын турш өглөө, оройгүй суралцсан байна. Нийт суралцагчдаас 20 хүүхэд TOEFL-ийн сургалтад дэвшин суралцах эрхээр шагнуулсныг УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд сайшааж, батламжийг нь гардуулан өгсөн юм. Энэ үеэр тэр хэлэхдээ “Монголчууд морин дэл дээрээс дэлхийг эзэгнэн төрд улсаа төвхнүүлж явсан түүхтэй. Өнөөдөр бидэнд дахин дэлхийн энд гарах хөлөг морь хэрэгтэй болж байна. Энэ морь нь гадаад хэл. Тийм учраас та бүхэн боломж бүрийг ашиглаж, боловсрол мэдлэгээ дээшлүүлэхэд шамдах ёстой” гэсэн юм. Түүний хувьд орос, англи, герман, франц хэлтэй гэдгийг сонсоод хүүхдүүд нижигнэтэл алга ташиж байлаа. Улам илүү суралцах хүслээр оргилсон хүүхдүүд англи хэлний зуны сургалтын туршид зөвхөн ном шагайгаагүй гэнэ. Тэд “Бадамлянхуа” хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн багачуудад тусалж, Туул голын эргийг цэвэрлэжээ. Боловсрол, мэдлэгтэй, өв тэгш иргэн байхын тулд нийгмийн өмнө хариуцлага хүлээдэг, багаар ажилладаг байх ёстой учраас гэж үүнийг тайлбарлацгаасан юм.
УИХ-ын гишүүн Л.Болд тойргийнхоо сонгогчдод боловсролыг дэмжих, мэдлэг чадвартай ирээдүйг бэлтгэхэд хөрөнгө оруулалт хийхээр амлаж байсан. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн ЗДТГ-тай хамран хэрэгжүүлж буй цогц бодлогын нэг нь энэхүү зуны сургалт юм байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.