Тавантолгойн ордыг ашиглахтай холбогдсон асуулгын хариуг сонслоо
2011.10.29

Тавантолгойн ордыг ашиглахтай холбогдсон асуулгын хариуг сонслоо

УИХ-ын 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Ц.Шинэбаяр нараас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан "Тавантолгойн нүүрсний ордын Ухаа худгийн хэсгийг "Энержи ресурс" ХХК-д олгосон болон Тавантолгойн ордыг ашиглахтай холбогдсон зарим асуудлын талаарх асуулга"-ын хариуг сонсов.

 

Асуулгын хариуг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, ...Ашигт малтмалын тухай хуулийн 26.9-д “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно” гэж заасан нь шинээр өргөдөл гаргаж тусгай зөвшөөрөл авах үйл ажиллагааг зохицуулж байгаа болохоос бус хуучин мөрдөж байсан хуулийн дагуу олгосон лицензийг хүчингүй болгож шинээр сонгон шалгаруулалтаар олгох тухай асуудал биш юм. Өмнөговь аймгийн ИТХ-аас 2003 оны 12 дугаар сарын 23-нд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын саналыг үндэслэн 8/6 тоот тогтоол гаргаж Таван толгойн нүүрсний орд орчмын 184.6 мянган га газрыг “стратегийн хувьд онц ач холбогдолтой” бөгөөд “Оюутолгой ордыг ашиглах төсөл судлагдаж байгаа энэ үед тус ордын эргэн тойронд хайгуулын лиценз олгогдсоны улмаас энэ стратегийн өндөр ач холбогдол бүхий ордыг ашиглах нөхцөл боломж хаагдаад байгааг шийдвэрлэх” зорилгоор орон нутгийн тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргасан гэсэн бөгөөд тухайн шийдвэрийг гаргахдаа уг талбайгаас орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн лицензтэй талбай чөлөөлөгдсөнийг дурдсан ба бусад аж ахуйн нэгжүүдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг заагаагүй орхисон байна.

 

Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай “ УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолд “Стратегийн ач холбогдол бүхий Оюутолгой, Тавантолгой, Цагаансуварга, Асгатын ашигт малтмалын ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээ, түүнийг хэрхэн эзэмших талаарх саналыг эхний ээлжинд боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосныг баримтлан Засгийн газраас 2007 оны 12 дугаар сард удирдамж гаргаж, ажлын хэсэг томилон “Эенржи Ресурс” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий Тавантолгойн орд газарт төрийн оролцооны хувь хэмжээг тогтоох асуудлаар хэлцлийг 4 сар орчим хийж маш олон хувилбараар хэлэлцсэний эцэст “Энержи Ресурс” ХХК-ийн эзэмшилд байсан 6 лицензээс 5 лицензийг төр өөртөө шилжүүлэн авч Тавантолгойн нүүрсний ордоос салангид биет болох Ухаахудаг талбайд ашигт малтмалын ашиглалтын 1 тусгай зөвшөөрлийг үлдээхээр шийдвэрлэсэн байна.

 

Засгийн газрын 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 272 дугаар тогтоолын дагуу “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг –“Эрдэнэс МГЛ” ХХК-ийн охин комдани хэлбэрээр байгуулсан бөгөөд Төрийн өмчийн хорооны 2010 оны 425 дугаар тогтоолоор баталсан “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн дүрэмд уг компани нь нийт 15.0 тэрбум ширхэг хувьцаатай байхаар заасан. УИХ-ын 2010 оны 39, Засгийн газрын 2010 оны 272 дугаар тогтоолд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлэх, дотоод гадаадын хөрөнгийн биржээр арилжаалах ажлыг дараах үе шаттайгаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнд: Монгол Улсын нийт иргэнд эхний ээлжинд хувьцааны 10 хувийг адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэх, Хувьцааны 10 хувийг 2010 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ба түүнээс өмнө улсын бүртгэлд бүртгэгдсэн үйл ажиллагаа явуулж байгаа, татвар төлсөн үндэсний аж ахуйн нэгжүүдэд адил тэнцүү хэмжээгээр, нэрлэсэн үнээр худалдах, Хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр худалдаж шаардлагатай хөрөнгө оруулалт татах. Засгийн газар 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, аж ахуйн нэгжүүдэд худалдахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталсан. ..” гэлээ.

 

Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэв. УИХ-ын гишүүн Л.Гүндалай, Таван толгойг нийтдээ хэд хуваачихаад байна вэ. Үүнийг нарийн хэлж өгөхгүй бол төөрөгдөлд орчихоод байна. Том Тавантолгой энэ ондоо багтаагаад 500-с нэг сая тонн нүүрс урагшаа гаргана гэж байна. Гэтэл бид өөрсдөө экспортолж болж байж яагаад гурав дөрөв дэх этгээдийг гаднаас хайгаад байгаа юм бэ. Лиценз, талбайн хэмжээг багасгасан гэсэн нэг л их тоо гаргаад байх юм. Яг өнөөдөр жижиг лицензүүд цэгцлэгдэхгүй байгаа шүү дээ гэлээ.

 

Орон нутгийн Таван толгойд бид өөрсдөө олборлолт хийгээгүй. Тэнд хятадууд гэрээгээр ажиллаж байна. Одоо яг өөрсдөө олборлолт хийж байгаа газар бол Нарийн сухайтад МАК байна. Эхний ээлжинд гадны компаниар хийлгээд 5-7 жилийн дараа аажмаар өөрсдөө хийж эхлэнэ.1997 оны Ашигт малтмалын тухай хуулиар дамын наймаа хэлбэрээр олон лиценз олгогдсон. Бид газар дээр нь очиж баримтын шалгалт хийдэг. Яг үйл ажиллагаа явуулж байгаа компанийн эрхийг цуцлах боломжгүй. Урт нэртэй хуулийн дагуу 237 лицензийг цуцлах шийдвэр гарч зар мэдээнд тавьсан байгаа гэсэн хариултыг Д.Зоригт сайд өгөв.

 

УИХ-ын гишүүн Б.Батбаяр, Тавантолгойг төрд авсан нь зөв үү, буруу юу гэдэгт тайлбар авахыг хүслээ. Үүнд Д.Зоригт сайд хариулахдаа, зөв буруу гэдгийг хэлэх нь зохисгүй. Тавантолгойн бүх асуудал хуулийн дагуу л хийгдсэн. Эрдэнэс МГЛ компани 240 тэрбум төгрөг тушаахаас 114 тэрбум төгрөгийг Хүний хөгжил санд оруулаад байна. Энэ бол бага тоо биш гэлээ.

 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Тавантолгойн асуудлыг удаа дараа тавьсан. Өнөөдөр асуулгын хариу бүрхэг, асуудлын голыг олоогүйд харамсалтай байна. УИХ-ын 39 дүгээр тогтоолд заасан заалтын дагуу ашигт малтмалаас олсон баялгийг ард түмэнд тараах нь маш чухал асуудал. Хуулийн дагуу ажлаа хийж чадахгүй байгаа ЭБЭХ-ний сайд ажлаа өгөх ёстой гэлээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.