Л.Болд: Юу болж байна аа гэдэг том харанга дэлдэх нөхцөл үүсчихлээ
УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.
-Олон улсын парламентын холбооны хурал өнгөрсөн сард болсон. Тэр хурлаас С.Зориг агсны амь насыг хөнөөсөн асуудлаар ОУПХ-ноос манайд томилогдож ажилласан ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэж тогтоол гаргалаа. Түүгээрээ хэрэгт хамааралгүй хүмүүсийг шийтгэсэн байж магадгүй тухай болгоомжлолоо илэрхийлсэн. Мөн намууд энэ хэргийг улстөрийн зорилгоор ашигласаар байна гэсэн байна лээ?
-ОУПХ энэ хэрэг гарсан явдлаас хойш нийтдээ 50 дахь тогтоолоо гаргаж байна шүү дээ.
-Тийм олон байдаг хэрэг үү?
-Тийм. Жил бүрийн хуралдаанаас гаргадаг. Ажлын хэсгүүд бас тодорхой дүгнэлтүүдээ байнга гаргаж байгаа. Гэнэтхэн ирээд эргэлзээнүүд гаргаад байгаа юм биш л дээ. Эхлээд за анхаараарай, энэ хэрэг илрээгүй байна шүү. Хүч чармайлт гаргаач гэдэг чиглэлээр байсан. Одоо хэрэг тодорхой болох тусам бодитой эргэлзээнүүд гарч байна.
ОУПХ-ны эрх ашиг гэж байхгүй болохоор тэд жинхэнэ хөндлөнгийн нүдээр харахад юу нь дутуу, эргэлзээтэй, буруу байгааг бид энд илэн далангүй хэлж байгаа юм. Тиймээс бид олон улсын байгууллагын гишүүний үүргээ биелүүлж эргэлзээнүүдийг тайлж өгөх шаардлагатай.
-УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт холбоотойгоор байгуулсан ажлын хэсэгт та орсон байна лээ. Энэ ажлын хэсгийн зорилго нь юу вэ?
-АН-аас Ж.Батзандан гишүүн бид хоёр орсон. Хүн бүрт ОУПХ-нд тайлбар өгүүлээд хариулт аваад үнэн мөнийг нь тогтоогоод байх бололцоо байхгүй шүү дээ. Тэгэхээр УИХ-ын хяналт дор энэ тавьж байгаа дүгнэлт болгоноор тодорхой тайлбар мэдээллүүдийг сонсоно.
Дээр нь энэ хэрэгт ял шийтгүүлсэн Т.Чимгээ Б.Содномдаржаа нараас УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд өргөдөл ирчихсэн. Өргөдлийн дагуу тэнд болж буй үйл явц хуулийн хүрээнд байна уу гэдэг талаар ажлын хэсэг ажиллах байх гэж ойлгож байгаа. Одоохондоо ажлын хэсэг албан ёсоор төлөвлөгөөгөө батлаагүй байна.
-Та өмнө нь С.Зориг агсны гэргий Б.Булганыг хоригдож байхад Хүний эрхийн дэд хорооны даргын хувиар очиж байлаа. Саяхан УИХ-ын гишүүн Ж.Батзандан та хоёр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай уулзахаар хорих ангид очсон. Уулзаж чадсан уу?
-Б.Булганыг хоригдож байхад Хүний эрхийн дэд хорооны зүгээс очиход тагнуулынхан оруулахгүй саад болж байсан. Бид шаардлага тавьж, суулт хийж байгаад Б.Булганы нөхцөл байдлыг орж үзсэн. Тэгээд гол арга хэмжээнүүдийг авхуулж, хүний эрхийг хамгаалсан. Саяхан ял эдэлж байгаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёртой уулзсан. Бүх санал гомдлыг нь сонсож шийдвэрлэсэн.
Түүний дараа тэр хүмүүс эрхээ мэдээд, зориг ороод өөрсдийнхөө асуудлыг УИХ-д тавьчхаад байгаа. Үүнтэй холбоотой УИХ дээр ажлын хэсэг гарч байгаа нь өөрөө маш ач холбогдолтой юм. Энэ хэргийн талаар дэлхий нийт, Монголын ард түмэн, парламент гээд бүгдэд нь эргэлзээ байна. Бүх тал дээр ийм ойлгомжгүй нөхцөл байдал үүссэн учраас нэг тийш болгох нь зайлшгүй. Энэ бол байнгын ажиллагаатай парламентын үүрэг.
-Тантай уулзахдаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар юу ярьсан бэ?
-Бид нууц нөхцөлд уулзсан учраас энэ хэргийн хүрээтэй холбоотой асуудал дээр мэдээж мэдээлэл өгөх бололцоогүй. Гэхдээ тэд өөрсдийнхөө бүх л нөхцөл бололцоог илэрхийлсэн.
-Тэр хүмүүс ял шийтгүүлсэн. Тухайн үед хэргээ хүлээсэн юм байна гэж ойлгосон. Одоо захидлаас нь харж байхад тун эргэлзээтэй болчхоод байгаа?
-Захидалд ноцтой юмнууд бий. Түүнийг нь ОУПХ-ны төвшинд ч гэсэн анхааралдаа авсан байна.
Манай орон бол олон улсын конвенц, тунхаг гээд бүх л бичиг баримтад нэгдсэн улс шүү дээ. Тиймээс бид энэ ажлын хэсгийн хүрээнд үнэн мөнийг тогтоолгохын төлөө бүх л алхмыг хийж таарна.
-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөх хүрээнд таны гэрт нэгжлэг, үзлэг хийсэн гэж үнэн үү?
-Шинэ жилээр баярын буудлага үзчихээд гэртээ очиход манай гэрийн хаалга онгойчихсон байсан. Орж гарсан хүн хамгаалалтын камерын ямар ч бичлэг дээр байхгүй байсан. Мөн манай гэр бүлийнхний ажилладаг хувийн байгууллагад С.Зоригийн хэргийн ажлын хэсгийн хүн яаж байгаад ч орчихдог юм хүмүүсээс миний талаар энэ хэргээр биш ямар нэгэн байдлаар буруутгаж болох зүйлийг асуусан, тулгасан янз бүрийн явдал болоод байгаа. Дээр нь яг жинхэнэ Тагнуулын байгууллагын ажилтан хүнийг манай гэр бүлийн хүний компанид худлаа намтар бичээд ажилд оруулчихсан байх жишээтэй. Энэ бол ардчилсан оронд байж болохгүй зүйл гэж харж байгаа.
-Ямар шаардлагатай гэж ингэсэн талаар таамаг байна уу?
-Мэдэхгүй. Би гүтгүүлсэн, гутаалгасан нэрээ цэвэрлэх гээд зургаан cap шүүхийн үүд сахиж байна. Гэтэл шал худлаа шалтаг тавиад намайг улам мөрдөж мөшгөөд байх. Ямар нэгэн өөр юм хайгаад олдохгүй байгаа юм байлгүй гэж бодож байна. Тэглээ гээд би ухрахгүй.
-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн захиалагчийг АН-ынхан асуувал танай хүн гэж хэлээд, МАН-ынхан асуувал мөн адил хариу өгөөд хуулийн байгууллагын албан тушаалтнууд дундаас нь хожоо хийгээд байгаа юм биш биз гэсэн хардлага байдаг.
-Тийм хардалт бол бий. Энэ чинь өөрөө маш том улс төрийн өнгө аястай хэрэг. 20 жил үүгээр олон ч сонгууль хийлээ. АН хамгийн их хохирсон. Анх манай намын гурван УИХ-ын гишүүнийг энэ хэрэгт холбоотойгоор шалгасан. Зүгээр л байцаах гэсэн юм гэж бидэнд худлаа хэлж бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд, хорьж, тамлаж гэр бүл, ахуй амьдрал хамаг юмыг нь сүйрүүлсэн. Нэг нь нас барсан.
Тэгээд сүүлд нь татварын зөрчил, компаниа буруу удирдсан гэх мэт зүйлээр л шийтгээд гаргасан. Түүнээс хойш үндсэндээ энэ хэрэг дээр дөрөөлж Монголын улс төрийг барьдаг, бүхий л эрх мэдлийг өөрийн дохио зангаагаар хөдөлгөх эрмэлзэлтэй бүлэг байна уу гэдэг хардлага явж байгаа шүү дээ. Тэгэхээр үүний үнэн, худал болоод цаана нь юу байна гэдгийг бид ажлын хэсэг дээрээ тодруулах ёстой.
-Энэ хэргийн хүрээнд Б.Булганыг дахин байцаалаа. Мөн түүнийг яллагдагчаар татаж байгаа талаар прокуророос өнөөдөр (өчигдөр) мэдээлэл хийнэ гэсэн зар тараасан. Яллагдагчаар татах ямар үндэслэл байгаа юм бол?
-Энэ талаар мэдээгүй юм байна. Тэгвэл одоо ажлын хэсэг дээр тодорхой мэдээллүүд гарч ирэх байх.
-УИХ-ын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг чуулганаар хэлэлцэж байна. Хэрэв өөрчлөлт оруулахгүй бол хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох аргагүй байна гээд байгаа?
-Худлаа шүү дээ. Цэцийн шийдвэр маш ойлгомжтой гарсан. Өмнө нь маш буруу хууль үйлчилж байсан. Зөвхөн хэргийн газар нь баривал УИХ-ын гишүүнийг түдгэлзэх асуудлыг ярина гэж байлаа. Хэргийн газар хүнийг УИХ-ын гишүүн мөн бишийг тогтоохгүй шууд бариад авна биз дээ. Хэрэв УИХ-ын гишүүн гээд мэдэнгүүт хүн алчихсан байсан ч тавих юм уу. Тийм юм байхгүй.
Тиймээс хэрэгжих Эрүүгийн хуулийн заалт хүчингүй болсон. Энэ заалт хүчингүй болонгуут автоматаар УИХ-ын гишүүн нь жирийн иргэн болсон гэсэн үг. УИХ-ын гишүүн хэрэгт холбогдох юм бол хуулийн байгууллага шууд хэргээ нээгээд, шалгах ёстой. Барих хорих тэр тал дээр УИХ-аас зөвшөөрөл авна. Хууль дуудахад хүн хослолоо өмсөөд зангиагаа зүүгээд очно гээд ярьдаг биз дээ. Тэгэхгүй байгаа хүнийг УИХ-д шууд түдгэлзүүлэх ёстой.
Тэгээд Үндсэн хуульд заасны дагуу ш үүхээс гэмт хэрэг үйлдсэн гэж шийдвэр гаргавал тэр хүн УИХ-ын гишүүн биш болчхож байгаа юм. Ийм маш ойлгомжтой процессыг өнөөдөр гуйвуулаад байгаа юм.
-Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар баривчилсан. Таны хувьд парламентад олон жил сууж эдгээр хүмүүстэй мөр зэрэгцэж явсан. Тэгэхээр баривчилгааг хэрхэн харж байна вэ?
-Эхлээд энэ чинь АН тал руугаа байна гээд бид шүүмжилсэн. Үнэхээр нэг нам талаа дагнаж бариад байгаа юм. Олон хүнийг барьсан байна лээ. Би бүгдийг нь очиж эргэнэ. Үнэхээр нэг нам нөгөө намаа ангуучилж, хуулийн байгууллага түүнд нь үйлчилж байгаа юм шиг харагдаад байгаа. Түүнийг тэнцвэржүүлж, хэл ам дарж байгаа юм шиг С.Баярыг барьсан. Энэ бол нэг талаасаа УИХ-д өгч байгаа сануулга. Та нарын хэнийг нь ч ингэнэ шүү. Өнөөдөр үү, маргааш уу гэдэг сануулга байна.
Хоёрдугаарт, С.Баяр намын дарга, Ерөнхий сайдын алба хашиж явсан Монголын хамгийн нөлөө бүхий улстөрч байсан хүн. Тэгэхээр бас эрх баригчдад өгч байгаа сануулга байна. Та өнөөдөр албан тушаал хашиж байна. Харин маргааш бидний гарт ирнэ гэсэн үг. Энэ хэргээ нотлохгүй бол зөвхөн залхаан цээрлүүлэлт, улс төрийг өөрсдийнхөө ашиг сонирхолд ашиглахын төлөө ийм л акц байна уу гэж харагдах гээд байгаа юм. Үүн дээр маш бодитой эцсийн хариуг гаргах ёстой. Мөн хууль тогтоомжоо ч сайжруулах шаардлагатай нь харагдаж байна.
-Оюутолгойн гэрээ гэхээс ил үүтэй акц байна гэж харж байгаа хэрэг үү?
-Тийм. Засгийн газар огцорсныг дагаад замбараагүйтэл бий болж хамаг эдийн засаг, бизнес баларч, сүйрлээ шүүдээ. Тэгээд дөнгөж эвээ олоод Ерөнхий сайд урд хөршийн төрийн тэргүүнтэй яг уулзаж байх үед хоёр Ерөнхий сайдаар ажилласан хүнийг хаа байсан арван жилийн өмнөх асуудлаар баривчилсан. Өөрснөө шалгуулъя гээд гадна дотноос ирээд бэлэн ямар ч нууж хаах юм байхгүй гэж байхад нь шүү. Барьж хорихоор тэр хоёрын ямар мэдүүлэг нь өөрчлөгдөх юм уу.
Эсвэл тамлаж, зовоож байгаад өшөө хуурамч мэдүүлэг хүлээлгэх юм уу. Бодитой юм байгаа бол түүнийгээ хорихгүйгээр баримтуудаа шүүхэд өгөөд асуудлаа хуулийн хүрээнд шийдэж болно шүү дээ. Тэгэхээр зориудын гадаадын хөрөнгө оруулалт, Монгол Улсын хөгжлийн чиг хандлагыг өөрчлөх гэсэн маш том юм байж магадгүй шүү.
С.Зоригийн аллага дээр одоог хүртэл маш их эргэлзээ байж л байна. С.Зориг нас бараад маргааш нь Монгол Улсын бүх хөгжил зогссон, бидний хөгжил 20 жилээр хойшоо хаягдсан. Сүүлийн тав зургаан жилд л нэлээд өөрчлөлт гарлаа. Монгол Улсад ирсэн хэн ч зам харгуй, хот хурдтай өөрчлөгдөж байна гэдгийг хэлдэг боллоо.
Одоо нэлээд том асуудлуудаа шийдэх гэж байна. Ерөнхий сайд нь яг утаа, өмхий бүх юмаа шийдэх гээд урд хөрштэй уулзаж байхад ар талд нь иймэрхүү акц хийж байгаа нь өөрөө юу болж байна аа. Юу болж байна аа гэдэг том харанга дэлдэх нөхцөл байдал үүсчихээд байна шүү дээ.
-Та Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэгт орсон байна лээ. Чуулган дээр зарим гишүүд гадагшаа хамаг юмаа тоочих нь буруу гээд шүүмжилж байсан?
-Хоёр зүйл хэлье. Нэгдүгээрт, энэ бол Монгол Улсын өөрийн асуудал. Монгол Улсад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх асуудал байж болохгүй. Бид арал дээр байгаа биш шүү дээ. Дэлхий ертөнцийн бүх гэмт хэрэгтнүүдийг энд цуглуулаад байх хэрэггүй. Энэ бол бидний өөрийн эрх ашиг. Бид санаачлахгүй учраас олон улс шахаж байна. Үүнийг шийдэхгүй байх юм бол Монгол Улс яг л Хойд Солонгос шиг л болно.
Ямар ч гадаад харилцаагүй, гадаад төлбөр тооцоогүй. Бусадтай зөвхөн бэлэн мөнгө юм уу бартераар л наймаа хийдэг болно шүү дээ. Ер нь бол Монгол Улсын жирийн эдийн засгийн амьдрал сүйрнэ. Үүний нөгөө талд бид гэмт этгээдүүдийг нуугдах бололцоог олгодог улс хэвээрээ үлдэнэ. Бид тэднээр яах юм. Илчлээд Монголд байхгүй болгох хэрэгтэй. Үүний цаана нэг юм бий. Хүмүүсийн санаа зовоод байгаа юм нь энэ байх.
Дагаад хуулийн байгууллагад маш их эрх мэдэл очиж байгаа байхгүй юу. Хүн болгоныг хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөхөд л хэрэг үүсгээд тамлаад, түмэн бичиг баримт шаардаад янз бүрээр буруугаар ашиглах бололцоо байгаа юм. Энэ чинь гадны биш манай дотоодын асуудал байгаа биз. Үүн дээр харин бид анхаарах хэрэгтэй. Одоо бизнес эрхлэгчид амьсгалах аргагүй болчихсон байна. Дээр нь татварыг нь нэмээд багалзуурдаад байдаг.
Ер нь маш хүнд байгаа. Тэгэхээр хүмүүсийг харлуулах, шалгах асуудлыг нь яаж хязгаарлах, тийм юм хийсэн бохир эрх мэдэлтнүүдийг яаж шийтгэх гэдэг өөрөө бидний дахиад бодох зүйл.