А.Сүхбат: Б.Бат-Эрдэнэ гишүүн ээ, та хууль зөрчсөн үйлдлээ зогсоо
УИХ-ын гишүүн А.Сүхбат
2018.04.19

А.Сүхбат: Б.Бат-Эрдэнэ гишүүн ээ, та хууль зөрчсөн үйлдлээ зогсоо

УИХ-ын гишүүн А.Сүхбатаас МҮБХ-ны асуудлаар тодруулга авлаа.

-Нэр бүхий гишүүдийн зүгээс таны биед халдаагүй. Ширээ мөргөөд уначихсан гэх тайлбарыг хийсэн байна лээ. Та үүнд ямар хариулт өгөх бэ?

-Энэ асуудлыг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Зодоон болсон эсэх асуудлыг энэ үймээнийг зохион байгуулсан улсуудаас нь асуух хэрэгтэй. Миний бие Цагдаагийн байгууллагад гомдолтой байгаа. Монгол бөхийн  өргөөг хамгаалалтад авчихсан мөртлөө тийм танхай нөхдүүдийг шөнө оройн цагаар оруулж ирсэн. Тэр үед би амарч байсан юм. Тиймээс ч миний цагдаа намайг хамгаалж чадах эсэхэд би эргэлзэж байгаа. Саяхан Цагдаагийн албанд хамаарах хуулийг шинээр баталсан. Тэр хуулийг батлалцсан гишүүдийн нэг нь би. Ер нь цагдаагийн байгууллагад салхи оруулах ёстой юм байна. Залуучуудыг нь дэмжин гаргаж ирж, шударга үйл ажиллагаа явуулах чиглэлд нь дэм өгөх хэрэгтэй юм байна гэсэн бодол төрсөн. Өнөөдрөөс бид Цагдаагийн байгууллагыг анхааралтай ажиглах болно. Миний цагдаа намайг хамгаалдаг болсон цагт би илүү олон зүйлийг хэлж ярих болно.

-Та гэмтлийн зэргээ тодорхойлуулсан юм уу?

-Мөрдөн байцаалт явагдаж байгаа хэргийг би дэлгэж ярих эрхгүй. Миний биед халдсан уу, халдсан. Энэ хууль бус ажиллагааг өнөөдрийн МҮБХ-ны эрхийг барьж байгаа нөхдүүд зохион байгуулсан нь үнэн.

-Тань руу халдсан хүн нь Улсын начин Б.Одхүү мөн үү?

-Улсын начин Б.Одхүү, Ганбаатар, Багахүү зэрэг хүмүүс тэнд харагдаж байсан. Намайг бөхийн өргөөнөөс халдлагад өртөж гарахдаа тэднийг эргэж харсан гэсэн үг. Энэ явдал үүрээр болсон. Тэд  хаалга цөм өшиглөж орж ирээд, харанхуй орчинд ийм үйлдэл хийсэн.

-Та бүхэн дотооддоо эвээ олчихож үнэхээр болохгүй байгаа юм уу?

- МҮБХ-той холбоотой асуудал ганцхан өнөөдрийнх биш. Өнгөрсөн 20 жилийн булхай луйврыг бид илчилж байгаа юм. Нэг хүн  хууль бусаар энэ холбоог 20 жил удирдлаа. Тэгсэн мөртлөө тэд өнөөдөр энэ асуулыг зүгээр л бөхийн маргаан болгож тавьж байгаа юм. Энэ дунд Монгол бөхчүүд хохирсоор ирлээ. Улсын баяр наадмын тавын даваанд начны найраа явагдахаас өгсүүлээд буруу шүүлт, допингийн хэрэглээ, маргаантай барьцуудаа бид шийдэх ёстой. Ингэж байж Монгол бөх цаашдаа хөгжинө. Энэ бүх асуудлаа шийдэж чадахгүй учраас Монгол бөх үзэгчгүй болчихоод байна. Үзэгчгүй болсон  спорт сөнөдөг жамтай шүү дээ.

-“Их эе”-ийг хууль бусаар хуралдсан гэж өчигдөр Б.Бат-Эрдэнэ гишүүн мэдэгдлээ. Энэ тухайд та ямар байр суурь илэрхийлэх бэ?

-Өөрийгөө МҮБХ-ны тэргүүн гэж нэрлээд байгаа Б.Бат-Эрдэнэ аваргад хандаж хэлэхэд, та хууль бус үйлдлээ зогсоо. МҮБХ-ны хүчингүйд тооцсон тамга тэмдгийг өнөөдөр Б.Бат-Эрдэнэ хэрэглэсээр л яваа.

-Таныг гишүүний албан үүргээ гүйцэтгэж яваагүй учраас  УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан гэх үндэслэлээр гомдол гаргахгүй гэсэн тайлбар яваа. Үүнд ямар хариулт өгөх бэ?

-Би МҮБХ-ын Аваргуудын зөвлөлийн гишүүн хүн. Би Монгол Улсын Дархан аварга, УИХ-ын гишүүн хүн. Би хаанаас ч мэдээлэл авах, нэвтрэн орох бүрэн эрхтэй. Монгол бөхчүүд бол монгол эрчүүдийн сүлд хийморийг авч явдаг хүмүүс. Монгол бөх   бохир байх аваас Монгол төр бохир хэвээр л байна. Монгол бөх цэвэр байх юм бол Монголын төр цэвэршинэ гэж би боддог. Үүндээ би бат итгэлтэй байдаг.

-Гэтэл Монгол эрчүүдийн сүлд хийморь  гэгддэг бөхчүүд нь байнга хэрүүл хийж, нийгэмд сөрөг уур амьсгал төрүүлж байна шүү дээ?

-Хэрэг явдал нэг тийш шийдэгдсний дараа ард түмэн бүхнийг олж мэднэ байх. Хов живийн байдалтай ингэж удаан явахгүй болов уу.

Ж.МЯДАГАБАДА