О.Баасанхүү: Насыг нь хүндлээд Ц.Нямдорж гишүүнээс уучлалт гуйсан
УИX- ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.
-Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж та хоёр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр маргалдаж нэлээд ширүүхэн үг хэлж байгаа харагдсан. Ямар шалтгааны улмаас маргаан дэгдсэн юм бол. Таны хувьд аав шигээ хүнийг зандарч байгаа нь нэг тиймхэн харагдсан л даа...
-Үндсэн хуулийн маргаан орж ирж, хууль дээдлэх зарчмын тухай яриа болсон. Хуулийг хэрхэн дээдлэх вэ гээд яриа гарах үед би Үндсэн хуулийн цэцийг шүүмжилсэн. Хууль зөрчсөн байж болно. Гэхдээ зөрчсөн үү гэдгийг хуулийн байгууллага тогтоох ёстой. Түүнээс биш өргөдөл өгөнгүүт нь Үндсэн хуулийн цэц органик хуулийг хянах ёсгүй. Тиймээс Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийг л хянах ёстой. Нэг хүн автын осол хийлээ гэж бодъё. Гэтэл түүнийг нь “Өчигдөр энэ хүн автын осол хийсэн” гээд Үндсэн хуулийн цэцэд өгч Замын хөдөлгөөний дүрмийн тэдийг зөрчсөн байгаа тул хууль дээдлэх зарчмыг зөрлөө гээд шийдвэр гаргаж байгаа мэт ийм зүйл болоод байгаа юм.
Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдыг би танихгүй. Байнгын хорооны хурлаар Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдыг албан тушаалаас нь чөлөөлсөн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцсэн. Өмнөх Ерөнхий сайд нь томилсон хүнийг дараагийн Ерөнхий сайд нь ажлаа авсан юм бол тэр шийдвэрийг нь хүчингүй болгоод явах боломжтой. Л.Ганболд нь төрийн албанд гурван жил ажилласан байх ёстой гэдэг заалтад нь нийцээгүй юм билээ. Үүнийгээ шийдээд явчих байтал тэр нь Цэцийн маргаан болсон. Үндсэн хуулийн 66 дугаар заалтад “Цэц өөрийн санаачилгаар эсхүл бусдын өргөдлөөр” гэж бий. Өргөдлөө татчихсан байхад нь хэлэлц-чихсэн байхгүй юу. Ийм зүйл дээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж микрофонгүй намайг доромжилсон.
-Таныг юу гэсэн юм бэ?
-Микрофонгүй хэлсэн юм чинь нотолгоо байхгүй. Ц.Нямдорж сайд намайг доромжлоод байхаар нь сэтгэл хөдлөлөөрөө би үг хэлсэн. Гэхдээ миний хэлсэн үг үнэн. Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй гэдэг биз дээ. Түүний насыг нь хүндлээд би Ц.Нямдоржоос өнөөдөр (өчигдөр) уучлалт гуйсан. Би хэлж байгаа үгэндээ биш, хэлсэн хандпагандаа уучлалт гуйсан. Хүн үнэн зүйлийг буруу хандлагаар илэрхийлж болохгүй.
-Та хоёрыг маргалдангуут Г.Занданшатар сайд таныг заамдаад чирээд гарчихсан юм биш үү?
-Тийм зүйл болоогүй. Шал худлаа. Нэг нам болоод ч тэгдэг юм уу, би харин ч зөөлөн байгаа. Гадны парламентад юм шидлэх, орилж хашхирах гээд янз бүрийн зүйл болдог. Г.Занданшатар “Боль оо, хоёулаа гаръя” гээд намайг авч гарсан. Тэр нь ч зөв болсон. Ц.Нямдорж сайдын өөрийнх нь хэлж байгаа үг хорон л доо.
-Таныг уучлалт гуйхад Ц.Нямдорж сайд ямар байдалтай хүлээж авсан бол?
-“Миний дүү ойлголоо” гээд гар бариад салсан. Ихэнх гишүүд байсан. Уучлалт гуйхад тайван хүлээж авсан. Бид нэг зүйлийг бодох ёстой. Хүн үе үеэрээ байдаг. Өөрийн салбарынхаа ахмад үеийн хуульчдыг үл тоосон байдлаар хандаж болохгүй.