Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2018.01.17

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод  (2018.01.16) Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр өргөн мэдүүллээ.

Тамхины хяналтын тухай хуульд дараах үндсэн нэмэлт, өөрчлөлтийг оруулж  байгаа юм байна:

  1. Хуулийн зарим нэр томьёоны тодорхойлолтыг иргэдэд ойлгомжтой болгох, Тамхи, тамхин бүтээгдэхүүн гэсэн давхардсан санааг нэг болгох, тамхины хяналтад утаагүй тамхины зохицуулалтыг сайжруулах заалт,
  2. Мөн НҮБ-ын төрөлжсөн агентлагуудын хамтарсан үнэлгээний баг ТХСК-ийн “Хүн амыг тамхины утаанд өртөж, хордохоос хамгаалах” 8 дугаар удирдамжийн дагуу байгууллагын дотоод орчинг 100 хувь тамхигүй орчин болгох шаардлагатайг зөвлөсөн. Монгол Улсын Тамхины хяналтын тухай хуулийн 2.2-д Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.” гэж хуульчилсаны дагуу байгууллагын хамт олныг тамхины утаанд өртөхөөс хамгаалах зорилгоор байгууллагын дотоод орчинг 100 хувь тамхигүй орчин болгож, байгууллагын орох хаалганаас 10-15м-ийн зайд тамхи татах цэгтэй болгож, зардлыг тухайн байгууллага хариуцахаар тусгаж байна. Хуульд зөвхөн утаат тамхинаас гадна утаагүй тамхийг хуульд хориглосон газар татахыг хориглоно.
  3. ТХСК-ийн 11 дүгээр удирдамжийн 1b.iv-д эрүүл мэндийн анхааруулга нь тамхины хайрцаг, сав, баглаа боодлын 50 болон түүнээс дээш хувьд байхаар туссан байдаг тул эрүүл мэндийн зурагт анхааруулгын хэмжээг нэмж 75 хувиас багагүй байхаар өөрчлөлт оруулна. Сүүлийн жилүүдэд хуулийн зохицуулалтгүйгээс зах зээлд нэмэгдэж байгаа, хуулийн зохицуулалтад хамрагдахгүй байгаа никотины хэмжээ өндөртэй навчин болон навчит тамхи нь бусад тамхины адил зохицуулагдах бөгөөд зөвхөн эрүүл мэндийн анхааруулга  дагалдаж худалдаалагдаж байхаар хуулийн төсөлд тусгана.
  4. МХЕГ-ын тамхины импорт, худалдааны зохицуулалтыг тодорхой болгох саналыг үндэслэн хугацаа дууссан тамхи худалдах, тамхийг мал, амьтан, бараа бүтээгдэхүүнээр солихыг хориглож, тамхийг томоохон боомтуудаар импортлох зохицуулалтыг нэмж тусгана.
  5. Дэлхий нийтэд тамхины газар тариалан эрхлэх ажил буурах нөхцөл бүрдэж байгаатай холбоотойгоор тамхины тариалан эрхлэгчдээс эх орны нутаг дэвсгэрийг хамгаалах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Монгол улсад тамхины ургамал тарих, өсгөвөрлөх, газар тариалан эрхлэхийг хориглоно.
  6. ТХСК-ийн 5.1 дэх заалтын хэрэгжилтийг хангах зорилгоор ТХСК-ийг хэрэгжүүлэхийг бүх шатны төрийн байгууллагад үүрэг болгоно.
  7. Тамхийг худалдаа, үйлчилгээнд тамхийг биет байдлаар ил байрлуулж худалдах замаар сурталчилдаг  байдлыг өөрчилж, тамхийг  хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд болон шууд бус байдлаар сурталчлах асуудлыг зохицуулалтыг сайжруулж, хэвлэл мэдээллийн байгууллагын нийгмийн хариуцлагыг  өндөржүүлнэ. 
  8. ТХСК-ийг дагаж батлагдсан Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах протоколд Монгол улс 2014 онд нэгдэн орсон 4 дэх орон болсонтой холбоотойгоор тамхин бүтээгдэхүүний аливаа хууль бус худалдааг илрүүлэх, таслан зогсоох,  хяналт тавих ТХСК-ийн шаардлагад нийцсэн системийг нэвтрүүлэхээр тусгасан.

Ингэснээр хүн ам, ялангуяа хүүхэд, өсвөр үеийнхний дунд тамхины хэрэглээ багасах, тамхины утаанд өртөхөөс сэргийлэх боломж бүрдэж, Монгол улсын Тогтвортой хөгжлийн үзэл  баримтлалын зорилтыг хэрэгжүүлэх нөхцөл  бүрдэж тамхинаас үүдэлтэй халдварт бус өвчнөөр өвчлөн цагаас эрт нас баралтыг бууруулах, хүн ам эрүүлжин, амьдралын чанар нь дээшлэх, Монгол Улсын хүн амын дундаж наслалт нэмэгдэх нэг нөхцөл бүрдэх юм гэж хуулийн төслийг санаачлагч танилцуулгадаа дурджээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.