Тамхины хяналтын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж хуралдааны эхэнд Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Утаат тамхи татахыг хориглосон газрын хүрээг өргөтгөж агаарын хөлөг, зорчигч тээврийн гналт тэрэг, зочид буудал, цэцэрлэг, бүх шатны сургууль, сургуулийн дотуур байр, тэдгээрийн гаднах орчин, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, цахилгаан шатанд утат тамхи татахыг хориглосон зохицуулалтыг төсөлд тусгажээ.
Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор, мөн баар, цэнгээний газарт тамхи, тамхин бүтээгдэхүүнээр худалдаа хийхгүй байх, 21 нас хүрээгүй хүнд тамхи худалдах, түүгээр тамхи худалдуулахгүй байхаар холбогдох зохицуулалтыг төсөлд нэмсэн байна. Одоо мөрдөгдөж буй хуулиар дээрх байгууллагуудаас 100 метрийн хол зайд тамхи худалдах зохицуулалттай байгаа аж.
Гишүүдийн зүгээс сургууль, сургуулийн дотуур байрнаас 500 метрийн дотор тамхин бүтээгдэхүүнээр худалдаа хийхгүй байх зохицуулалтыг төсөлд нэмсэн нь хэр оновчтой талаар нэлээдгүй маргаан үүсгэсэн юм. Тухайлбал, нийслэлд гэхэд л хот төлөвлөлт муу, шигүү суурьшсан газарт энэ заалт тохирох эсэх, түүнчлэн хөдөө орон нутагт энэ орон зайг яаж ойлгох талаар шүүмжилж байв. Мөн тамхи татахыг хориглосон газарт хэн хяналт тавих нь тодорхой бус байна. Иргэд бие биендээ шаардлага тэр бүр тавиад байхгүй.
Төрийн зарим үүргийг ТББ-аар гэрээгээр гүйцэтгүүлэхээр хуулинд заасан. Иймд байцаагч гэхээр заавал төрийн албан хаагч байх бус Улсын байцаагчийн эрхийг гэрээгээр ТББ-д өгөх боломжтой гэсэн саналуудыг гишүүдийн зүгээс гаргаж байв.
Насанд хүрээгүй хүүхэд тамхи татвал ямар хариуцлага тооцох талаар С.Одонтуяа гишүүний асуусан асуултад, “зөвшөөрөлгүй газарт тамхи татсан иргэнд 50 мянган төгрөгийн торгууль ногдуулах” заалтад хамрагдана гэсэн хариултыг Л.Эрдэнэчимэг гишүүн өгөв.
С.Дэмбэрэл гишүүн хэлэхдээ, энд нэг нь асуулт тавьж нөгөө нь хамгаалах асуудал биш. Харин олон нийтийн оролцоог яаж тодорхой тусгах дээр анхаарах хэрэгтэй. Төрөөс зөвхөн иргэдийг тулган шаардаж шахах механизмыг яриад байхаас биш урамшууллын талаар ярихгүй байна гэсэн шүүмжлэлийг хэлэв. Харин Г.Баярсайхан гишүүн, дэлхий нийтээр тамхинаас татгалзахыг уриалж байна. Ер нь тамхи татуулахыг больё гэж байгаа бол тамхины үйлдвэрлэх, тамхи худалдаалахыг бүрмөсөн хориглох хэрэгтэй. Тамхинаас гарах иргэдийн клуб байгуулж ч болно. Үүнийг харин дэмжих хэрэгтэй гэсэн байр суурьтай байлаа.