Г.Баярсайхан: Тамхидалтын эсрэг хуулийг цаашид улам чангатгана
Тамхины хяналтын тухай хууль маргаашнаас хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа.
-Маргаашнаас Тамхины хяналтын тухай хууль үйлчилж эхэлнэ. Хууль боловсруулах ажлын хэсэгт байсны хувьд хэр үр дүнтэй болсон гэж үзэж байна вэ?
-Мэдээж хууль санаачлагчдын нэг учраас хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Өнгөцхөн харахад тамхи татдаг хүний эрхэнд халдаж буй мэт боловч монголчууд бидэнд ихээхэн эерэг нөлөөтэй болсон гэж үзэж байгаа. Хэсэг хугацааны дараа уушгины хавдар болон тамхинаас үүдэлтэй бусад өвчлөлийн талаар энгийн статистик мэдээ авахад буурсан үзүүлэлт гарна гэдэгт итгэлтэй байна.
-Яасан итгэлтэй байх юм бэ. Хуулиар хориглочихоор л тамхинаас гарчихна гэж үү?
-Тэгэлгүй яах вэ. Маргаашнаас хууль хэрэгжихтэй холбогдуулан миний таньдаг олон хүн тамхинаас татгалзсан.
Дэлхийн бусад оронд ч тамхидалтын эсрэг хуулиа чангатгах тусам өвчлөл буурсан үзүүлэлттэй байдаг.
Тэгэхээр ямар ч хүн эрүүл мэндийнхээ төлөө санаачилга гаргана гэдэгт итгэлтэй байгаа.
Түүнчлэн бар, ресторануудын орлого ч нэмэгдэнэ. Тамхины утаа, үнэрээс дайждаг хүмүүс гэр бүлээрээ очиж үйлчлүүлдэг болно шүү дээ.
ОХУ-д ч мөн ийм төрлийн хууль санаачилж, батлагдсан нь ихээхэн үр дүнтэй байгаа талаар мэдээлж байна.
-Согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагууд харин ч эсрэгээрээ орлого багасна гээд байгаа юм биш үү?
-Магадгүй. Гэхдээ хууль бол хууль. Хэнбугай ч хуулийн өмнө тэгш эрхтэй байх ёстой. Мөрдөж, хэрэгжүүлэх хугацааг нь заасан учраас түүнийгээ дагах л хэрэгтэй болно. Тийм үйлчилгээний газрууд ядаж л байгууллагынхаа орчин нөхцөлийг харах хэрэгтэй. Энгийнээр хэлэхэд муухай үнэргүй, цэвэр агаартай орчинд ажиллах, амрах чинь хүн бүрт таатай байна шүү дээ.
-Зоогийн газруудад тусгай зөвшөөрөл олгодог шиг зааг, ялгаа тогтоож өгсөнгүй гэж гомдоллоод байсан?
-Уг нь болно л доо. Гэхдээ “Зарим нь тамхи татуулж болоод байхад бид яагаад болдоггүй юм бэ” гээд барьцаж эхлэх нь тодорхой. Өөрөөр хэлбэл, бидний ихээхэн хүчин зүтгэл гарган санаачилж, багагүй санал зөрөлдөж байж баталсан хууль ямар ч ач холбогдолгүй болно гэсэн үг л дээ.
-Тамхи импортлогчид өөр салбарт хүч үзэхээс аргагүй болох байх даа?
-Энэ төрлийн бизнес эрхлэгчдийн ашиг тодорхой хэмжээгээр хумигдах байх. Гэхдээ л энэ чинь эрүүл, зөв эхлэл тавигдаж байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Монгол хүн бүр тамхичин болчихоогүй юм чинь энэ бол тийм ч ноцтой асуудал биш.
-Аливаа хуулийг батлах, хэрэгжиж эхлэх үед сурталчилгаа болон танилцуулах арга хэмжээ хийдэг. Гэтэл яг хэрэгжих явцдаа үр дүн нь харагддаггүй. Тэгэхээр хяналтын тогтолцоог хэрхэн чангатгах юм бэ?
-Шинэ хуультай зэрэгцэн бусад хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах, эсвэл дагалдах журам гаргах зэргээр зохицуулалт хийдэг. Тэр жишгээр л явна.
-Гэхдээ ний нуугүй хэлэхэд хэн хяналт тавих нь бүрхэг, мөн торгууль ногдуулах эрх бүхий хүн ховор байна шүү дээ?
-Мэдээж алдаа, оноотой зүйл байж магадгүй. Гэхдээ энэ хуулийг цаашид улам бүр чангатгана. Эхний ээлжинд дээр хэлсэн журмаар зохицуулна.
-Хяналтыг чангатгана гэж үү?
-Бүхий л талаас нь нэмэлт өөрчлөлт оруулна. Тухайлбал, зочид буудлын өрөөнд тамхи татахыг хориглоно. Уг нь энэ заалтыг оруулахаар ажлын хэсэг, УИХ-ын чуулган дээр санал оруулсан. Харамсалтай нь дэмжлэг авч чадаагүй. Гэтэл үнэн хэрэгтээ буудлын өрөөнд тамхи татахдаа цог унагаснаас болж гал түймэр гарч амиа алдсан, түлэгдэж, угаартсан явдал бишгүй л гардаг. Энэ заалтыг оруулчихвал дахин тийм хохирол учрахгүй. Мөн тамхи худалдаалах зөвшөөрөлтэй цэгүүдэд эсвэл импортлогчдод хайрцагных нь гадуур өөр өнгийн цаасаар ороож борлуулах санал оруулна. Жишээлбэл, Европын орнуудад энэ төрлийн хууль аль эртнээс хэрэгжээд эхэлчихсэн. Үр дүн нь тун эерэг байгаа юм билээ.
-Тамхины эсрэг хамгийн амжилттай тэмцсэн ямар улс орон байна вэ?
-Австрали улс тамхи таталтын эсрэг зогссон орнуудын тэргүүнд байдаг. Тэнд тамхийг бор эсвэл цагаан цаасанд боож зардаг. Яагаад гэвэл хайрцган дээрх эрээн зураг нь сурталчилгааны нэг хэлбэр болж хувирдаг юм байна. Тиймээс боодлыг нь ч бодолцох ёстой.
Юутай ч маргаашаас хууль хэрэгжээд, олон нийт хэвшиг. Цаашид ирэх дөрвөн жилийн хугацаанд хуулийг улам чангатгана. Бидэнд буцах зам байхгүй. Ер нь тамхины эсрэг маш хүчтэй тэмцэж байж амжилтад хүрнэ.
-Төрийн ордонд тамхи татахыг хориглосон журам хэдэн жилийн өмнө гарсан ч гишүүд хэрэгжүүлдэггүй. Одоо ч өрөөндөө тамхиа баагиулаад л суудаг шүү дээ?
-Парламентад цөөхөн гишүүн тамхи татдаг. Гэхдээ миний мэдэхийн өрөөндөө тамхи баагиулдаг байсан гишүүд одоо бие засах газарт татдаг болсон байна лээ. Гишүүд хуулиа мөрдөөд, өөрсдөө үлгэр дуурайлал үзүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна.