С.Ганбаатар: Эр зориггүй байна гэдэг бол ухаан, харуусал хоёрын цуглуулга
МАХН-аас СЕХ тус намаас нэр дэвшүүлсэн С.Ганбаатарыг албан ёсоор бүртгэсэн талаар “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн хурал хийх үеэр түүний сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг тоймлон хүргэж байна.
-Таны нэр дэвших болсон шалтгаан болон МАХН-ын энэ удаагийн сонгуульд орж байгаагийн гол зорилго юу вэ?
-Миний бие 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдөхөөр боллоо. Ард түмэндээ баярлалаа. Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд олигарх янз бүрийн бүлэглэлүүдийн эсрэг ард түмнийхээ эрх ашгийн төлөө дуугарч, зүтгэж байхад намайг хамгаалж байсан ард иргэддээ, хэвлэл, мэдээллийн салбарынхан, сэтгүүлчид та бүхэнд баярлалаа. МАХН-д, идэвхтэн, сонгуультан нийт гишүүдэд гүн талархлаа иэлрхийлье. МАХН ард түмний нам, ардчилалтай нам гэдгээ харууллаа. Зөвхөн өөрийгөө бодох бус Монголын ард түмний эрх ашгийг дээдэлж чаддаг гэдгээ харууллаа. Сонгуульд өрсөлдөж байгаа үндсэн шалтгаан бол бидэнд Монгол орноо аврах төлөвлөгөө байна.
Бид Үндсэн хуулийн төсөлтэй нам. Бид Монголоо улам хүчирхэг болгоно. Хамгийн гол нь МАНАН-гийн орой дээр байгаа бүлэглэлүүдийг зайлуулж, Монголын ард иргэд төрийн дээд эрх мэдлээ буцааж авахын төлөө бид зүтгэнэ. Энэ сонгуульд хоёрхон сонголт байгаа. Өнгөрсөн хугацаанд бидний нүдэн дээр дээрэмдэж, хүмүүсийн амьдралыг доройтуулсан МАНАН-г сонгох уу. Хэрэв ирж байгаа жилүүдийг өнгөрсөн арав гаруй жил шиг болгоё гэвэл, МАНАН-г сонгоно. Ирээдүйгээ бид өөр байлгая гэвэл, өөр сонголт хийнэ. МАНАН-г сонгох эсвэл ард түмэнтэйгээ байгаа МАХН-ын нэр дэвшигчийг сонгох гэсэн хоёрхон сонголт л байгаа.
-Таныг Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-ын гишүүн гэлцдэг. Намынхаа талаар тайлбарлана уу?
-Монгол Улсын Ерөнхийлөгч бол нам бус, ард түмнээ төлөөлж сонгогддог албан тушаал. Сүүлийн жилүүдэд Ерөнхийлөгчтийн институт, нэр хүнд асар их уналаа. Иймээс ард түмнийхээ эрх ашгийг намын эрх ашгаас дээдэлдэг хүн гарч ирэх ёстой. 2016 оны сонгуульд би нам бусаар нэр дэвшиж байсан. Би нам байгуулах гэж зүтгэж байсан.
МАНАН-гийнхан бүртгээгүй, шүүх дээрээ янз бүрийн арга саамаа хэрэглэж, устгаж, зовоож тараасан. Ингээд МАХН-ын гишүүнээр элссэн. МАХН-ын үйл хэрэг бол хөдөлмөрийн чиглэлийн, жирийн ажилчин хүмүүсийн эрх ашгийг дээдэлдэг нам. Би үзэл бодолдоо хэвээрээ байгаа. МАХН-ын үзэл бодол зүүн төв буюу жирийн ажилчин хүмүүсийн эрх ашгийг дээдэлж ажиллана.
-Таныг сургууль төгсөөгүй, дипломын асуудал гээд ярьдаг. Үүнд тайлбар хэлнэ үү?
-Өнгөрсөн найман жил миний ярьж байгаа асуудал, Монголоо би ингэж авармаар байна, ингэж мөнгөтэй болгомоор байна, баялгийн эх оронч үзлийг Монголд бий болгомоор байна гэхэд эрх баригчид үүнд огт хариулдаггүй. Ганцхан миний, хувь хүний асуудал руу л дайрдаг. Энэ бол би асуудал дээр ялчихсан юм байна гэсэн үг.
Дипломын асуудал дээр хэлэхэд, Оюутолгойн мэтгэлцээн хийж байхад надтай мэтгэлцэж байсан хүн агуу өндөр боловсролтой хүн, би хамгийн доод боловсролгүй хүн гэгдэж байлаа. Өнөөдөр Оюутолгой байгуулагдсанаас хойш долоон жилийн дараа хэн нь илүү өндөр боловсролтой байв гэдэг нь харагдаж байгаа байх аа.
-О.Баасанхүү гишүүн намаасаа нэр дэвшигчийг дэмжихгүй гэсэн. Үүнд та ямар хариу хэлэх вэ?
-О.Баасанхүү гишүүн дэмжиж байгаа гэдэгт би итгэлтэй байна. МАХН-ын гишүүн, энэ намын буянаар гишүүн болсон тэр хүний зүтгэл хөдөлмөрөөр би Монголынхоо төлөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байна. О.Баасанхүү гишүүн бид хоёр ойр дотно байж, өнгөрсөн дөрвөн жил хамт тэмцэж, хамтдаа боорлуулж , доромжлуулж, муулуулж явсан. Намайг дэмжиж байгаа гэдэгт би итгэлтэй байгаа, та нар өөрөөс нь очоод асуучих.
-МАХН өмнө нь намын даргаа нэр дэвшүүлэхэд 100 хувь санал нэгдэж, тэмцэж ирсэн. Ямар нэг хувилбар огт яриагүй. Тэгэхээр таны нэр дэвших болсон нь гэнэтийн шийдвэр байв уу?
-Энэ гэнэтийн шийдвэр байсан. хоёр жилийн өмнө би Монгол Улсын Ерөнхийлөгч болмоор байна, Ерөнхийлөгч болвол надад төлөвлөгөө байна гэсэн лекцээ бэлдэж байсан. Монголоо аврах боломжийг надад өгөөч гэж гуйж хүсч байсан. МАХН-ын дарга Н.Энхбаяр гуайг тууштай дэмжиж энэ сонгуульд оролцоно гэдгээ саяхныг хүртэл илэрхийлж байсан.
АН-ын, Ардын намын олон хүн “Чи дэвшихгүй юм уу” гэхэд “Би дэвшихгүй” гэж хэлж байсан. О.Баасанхүү гишүүн асуухад ч “дэвшихгүй” гэж байсан. МАХН-ын Бага чуулганаас ердөө нэг цагийн өмнө шийдсэн. Нийт гишүүдийн олонхийн дэмжлэгтэйгээр шийдэж байгаа учраас би ард түмнийхээ төлөө зүтгэнэ ээ.
Хэвлэлийн хурлын үеэр “Ерөнхийлөгчийн сонгуульд хэрэв ялагдвал хариуцлага тооцно гэж О.Баасанхүү гишүүн хэлж байсан. Та нар юу гэж бодож байна” хэмээн сэтгүүлчид асууж байсан юм. Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян “Бид сонгуульд ялна гэж орж байгаа. Тиймээс одоо биш дараа ярих асуудал. Бид намынхаа үзэл бодлыг харгалзаж, дээр нь ард түмэн хэнийг дэмжих вэ гэдгийг харсан. Монголын шилдэг улстөрчдийн судалгаанд байнга өндөр үзүүлэлттэй, 1-2 байрт жагсч ирсэн ийм хүнийг нэр дэвшүүлсэн. Манай намын дарга ч ийм байсан.
Энэ утгаар бид С.Ганбаатарыг дэвшүүлсэн, ард түмэн үүнийг хүсч байгаа. Иймээс ялна гэдэгт итгэлтэй байна, ялсныхаа дараа О.Баасанхүү гишүүнтэйгээ ялалтын баяраа хамтдаа тэмдэглэнэ гэдэгт бас итгэлтэй байна” гэсэн хариултыг өглөө. . Харин нэр дэвшигч С.Ганбаатар “Хэрэв би хариуцлагаас айдаг хүн байсан бол, хүн намайг юу гэж хэлэх бол гэж доромжлолоос айдаг байсан бол та нарын өмнө ингэж суугаад, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшээд явах боломжгүй байсан байх.
Эр зориггүй байна гэдэг бол ухаан, харуусал хоёрын цуглуулга үлддэг. МАХН-ын гишүүдийн, Н.Энхбаяр даргын амь насаа эрсдүүлэн байж зүтгэж ирсэн олон жилийн хөдөлмөрийн үр дүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломж олдсон. Энэ боломжийг Монголын ард түмэнд ашигтай байдал бий болгохын төлөө би зүтгэнэ. Үүний дараа ямар ч үр дүн гарсан бай МАХН-ын гишүүд, идэвхтэн, сонгуультнууд өөрсдөө шийдвэрээ гаргах эрх нь байгаа. Үүнийг би урьдчилж хэлж чадахгүй” гэв.
МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар нэр дэвшигчийн боловсролын асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлэхдээ “Манай С.Ганбаатар жинхэнэ амьдралын их сургуулийг төгссөн хүн. Багадаа ээжээсээ өнчирч, олон өнчин дүү нараа гарыг нь ганзаганд, хөлийг дөрөөнд хүргэсэн. Өөрөө хар бор ажил хийж, гадаад, дотоодод сургуульд сурсан. Аль ч нэр дэвшигчтэй орос, англи хэлээр мэтгэлцэх чадвартай. Боловсрол гэдэг удам дамжсан, эцэг өвгөдөөс эхэлсэн, монгол ёс заншлаас эхлээд цогц асуудал юм” гэдгийг тодотголоо.