Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн эрүүл мэндийн шинжилгээг СЕХ-нд хүлээлгэж өгөв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан намуудаас нэр дэвшигчид эрүүл мэндийн үзлэг хамрагдсан. Тодруулбал, Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын тушаалаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд эмнэлгийн дүгнэлт гаргах комиссын бүрэлдэхүүн, чиг үүргийг мөн нэр дэвшигчийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний төрлийг тус тус баталсан билээ.
Комиссын даргаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат томилогдон ажиллаж байгаа бөгөөд комисс нь эрүүл мэндийн салбарын нарийн мэргэжлийн тэргүүлэх мэргэжилтнүүдээс бүрдсэн байна.Эрүүл мэндийн сайдын дээрх тушаалын дагуу Ерөнхийлөгчид нэр дэвшигчид эрүүл мэндийн 30 орчим үзлэг, шинжилгээнүүдэд хамрагджээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд эмнэлгийн дүгнэлт гаргах комиссын дарга, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат нэр дэвшигчийн эрүүл мэндийн талаарх эрүүл мэндийн дүгнэлтийг Сонгуулийн Ерөнхий Хорооны Ажлын хэсэгт өнөөдөр хүлээлгэн өгөв. СЕХ-ны нарийн бичгийн дарга Ц.Болдсайханаар ахлуулсан Ажлын хэсэг дээрх дүгнэлтийг нягтлан шалгаад СЕХ-ны хуралдаанд танилцуулахаар болсон байна.