Х.Баттулга санал асуулгад тэргүүлжээ
2017.05.04

Х.Баттулга санал асуулгад тэргүүлжээ

Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах Ардчилсан намын дотоод сунгаанд зургаан хүн өрсөлдсөнөөс намын гишүүдийн дунд орон даяар зохион байгуулсан санал хураалтад УИХ-ын гишүүн асан Х.Баттулга хамгийн олон саналыг авсныг Ардчилсан намын албаны эх сурвалж мэдээллээ. Нэр дэвшигчдийн хэн ялсан талаарх мэдээлэл зөрүүтэй байсан ч энэхүү мэдээллийг намын удирдах албанаас баталгаажуулж байна. Намын зүгээс өнөөдөр албан ёсоор мэдээлэл хийж, дүнг танилцуулна гэлээ.

Санал хураалтыг өчигдөр 10:00-20:00 цагийн хооронд үргэлжилж, асуулга зохион байгуулах комисс өнгөрсөн шөнө дүнг нэгтгэж дууссан байна.

Санал хураалтад хамгийн өндөр оноо авсан дэвшигчийг одоо тавдугаар сарын 6-нд болох VIII  их хурлаар нууц санал хураалт явуулж, баталгаажуулна. Ингэснээр тэрбээр АН-аас Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхтэй болох юм.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ыг төлөөлж нэр дэвшихээр Р.Амаржаргал, Н.Алтанхуяг, Х.Баттулга, Л.Болд,  Д.Дорлигжав, Б.Жаргалсайхан нарын зургаан хүн өрсөлдсөн юм.