О.Баасанхүү: Л.Эрдэнэчулууныг ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр ярьсан
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2017.04.24

О.Баасанхүү: Л.Эрдэнэчулууныг ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр ярьсан

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Ардчилсан нам, МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид тодорхой болж байна. Гэтэл МАХН нам жим. Хоёр намаас нэр дэвшигчийн аль нэгийг нь дэмжиж оролцох болж байгаа юм уу?

-МАХН өөрийн гэсэн дүрэмтэй, Улс төрийн намын тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа нам. Бага чуулганаараа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулна. Таван хүн нэр дэвшүүлж, хамгийн өндөр санал авсныг нь өрсөлдүүлнэ.

-Таван хүн дээрээ тогтсон гэсэн үг үү?

-Намын даргыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ гэж ярьж байгаа. Бага чуулганаасаа дэмжлэг авбал эцсээ хүртэл дэмжиж ажиллана.

-Н.Энхбаяр даргын ялтай байх хугацаа нь дуусаагүй байх учраас нэр дэвших боломжгүй биш үү?

-Ямар нэг шалтаг гаргаж ирээд дарамт шахалт учруулахыг үгүйсгэх аргагүй. Энэ тохиолдолд вариант бий. Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуун гуайтай нэлээн олон удаа уулзаж, ярилцсан. Эцсийн хариугаа хэлээгүй байгаа. Гэхдээ бас татгалзаагүй. Нэр дэвшье гэдэг шийдвэр гаргахаасаа өмнө олон зүйлийг нягтлах шаардлага байна гэж хэлсэн.

МАХН, МАН хоёр нэг дэмжигчидтэй, ойр дотно нөхөрлөдөг гишүүд МАН-д ч байгаа, төр, засагт ажиллаж байгаа хүмүүсээсээ асууж тодруулах зүйл ч байна гэсэн.

-Нэр дэвшигчдийн тухайд боломжийн хувилбар санагдлаа. Намын гишүүдээсээ хэр дэмжлэг авах бол. Энэ хүнийг зөвхөн та дэвшүүлээд байна уу, танай намын дэмжигчид ярилцсан гэсэн үг үү?

-МАХН-ын Бага чуулганы 200 орчим гишүүний 50-иас дээш хувь нь миний ижил байр суурьтай байгаа

-Гурав, дөрөв, тав дахь нэр дэвшигч нь хэн бэ?

-Ярьж байгаа, тайван хүлээж бай. Би хувьдаа манай нам Ерөнхийлөгчийн сонгуульд ялах зорилготой орно гэж ойлгож байгаа. Санал хуваах, аль нэг намыг дэмжих зорилготой байж болохгүй. Яагаад гэвэл энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттай явах болов уу. Шууд эхний сонгуулиар нэр дэвшигч 50-иас дээш хувиар гарчихна гэж харахгүй байна. Тийм учраас манай намд боломж бий.

-Ардчилсан нам ч, МАН ч тэр сонгуульд ялалт байгуулна гэж үзсэн хүнээ л нэр дэвшүүлнэ. Л.Эрдэнэчулуун гуайн хувьд Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан хүн. Хэр хүчтэй өрсөлдөгч байх бол?

-Үе удам дамжсан төрийн хар хүн. Өвөө нь Богд хаант Монгол Улсын үед Ширмэн Дэндэв гээд тухайн үеийн анхны Элчин сайд, Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан. Аав Лувсан нь 1940-өөд оны тусгаар тогтнолыг баталгаажуулах ажлыг зохион байгуулаад 1960 онд Монгол Улсыг НҮБ-д элсүүлээд, 1970-1980 он хүртэл гадаад харилцааг өндөр төвшинд авч явсан хүн. Л.Эрдэнэчулуун гуай 1990 оны үед НҮБ-д байнгын төлөөлөгчөөр ажиллаж байхдаа Монгол Улсын бие даасан байдлыг баталгаажуулж явсан. Монгол, Оросын харилцааг дээд төвшинд хүргэж байсан дипломатч. Их өрийг тэглэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн. 2005 оноос хойш 12 жил төрд ажиллаагүй, эвсэлд үл нэгдэх НҮБ-ын дарга хүртэл хийж явсан, манайдаа бол Бангимун. Нэртэй, нөлөөтэй, нэр цэвэр хүн шүү дээ. Ийм хүмүүсээ төр ашиглах ёстой.

-МАХН боловсон хүчний хувьд нөөцгүй гэж яригддаг. Харин та таван ч хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд дотооддоо нэр дэвшүүлэх тухай яриад байдаг. Та тоглоогүй биз дээ?

-Бид даруухан хүмүүс, хулгайн мөнгөгүй хүмүүс. Ямар мөнгөөрөө өөрсдийгөө гоё гэж сурталчлах юм бэ. Хөдөлмөрлөж л мөнгө олдог, ард түмэнтэйгээ яг адилхан. Манай намд Нобелийн шагналтан байна, доктор, профессорууд ч байна. Жишээ нь, Японы Анагаахын их сургуулийн захирал хийж байсан хүн манай намын гишүүн.

-Бага чуулганаас шийдвэр гаргаад, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ бүртгүүлэх болоход танай намын удирдлага шийдвэрт өөрчлөлт оруулаад, хоёр намаас нэр дэвшигчийн аль нэгийг дэмжих болбол яах вэ. Нийт гишүүдийнх гэхээсээ нэг хүний л тоглолт танай намд голлодог?

-Бүх юм дүрмээр л зохицуулагдах ёстой. Ер нь бол МАХН өмнө нь Ардчилсан намтай 2024 он хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулсан байтал хүчингүй болгуулсан. Олон зүйлийг будилуулсан. Тийм учраас Ардчилсан нам уучлал гуйсны дараа хамтрах асуудал байж болох юм.  МАН-тай бол бид нэг угшилтай, нэг дэмжигчидтэй гэдэг утгаараа бодлого, мөрийн хөтөлбөр, зорилго чиглэлийг нь харна. Улс орны тусгаар тогтнолын төлөө хийж, шийдэх асуудал юу байна вэ гэдгийг харна.

-Ардчилсан намаас 10 гаруй гишүүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдлээ, та хэнийг нь дэмжиж байна вэ?

-Бүгдээрээ л миний найз, хүндэлж явдаг хүмүүс. Зарим нэг нь ах дүү нар шиг л ойр байдаг. Аль нь ч гэсэн гарч ирээд, Монголын төрийг аваад явчих чадвартай гэж харж байгаа. Аль нэг талд нь ороод, тэр нь сайн, тэр нь муу гэж ярьж чадахгүй.

-МАН-аас намын дарга нь өрсөлдөх болж байна?  

-Би бол МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодорхой болсон гэж  харахгүй байна. Сүүлийн үед болж байгаа үйл явдлын хурдцыг харахад тийм итгэл үнэмшил төрүүлэхгүй байгаа. Харин ч “зодолдож” байна. Сүүлдээ бүр над руу хүртэл давшилж байгаа биз дээ, зарим нэг нь.

Хуучин соёлтой, ухамсартай, дүрэмтэй журамтай, хүмүүжилтэй нам байсан. Тэр утгаараа лидерт суурилаад явдаг байсан. Уламжлалаа бодвол намын дарга М.Энхболдыгоо дэмжээд явах ёстой л гэж би хардаг. Гэхдээ хүн муутай хүмүүс олон гарчихсан, олигархууд олон болчихсон гэдэг утгаараа энэ хүнийхээ эсрэг янз бүрийн юм хийгээд явах эсэх нь тэдний л асуудал.

-МАН-ын 5-6 гишүүн МАХН-д орохоор тантай ярилцсан гэж байсан. Энэ яриа хэвээрээ юу?

-МАН-ын зургаан гишүүн манай намд орохоор ярьсан гэж хэлсэн шүү. Манайд ирэх зам нь улам засагдаж байгаа. Би хэзээ ч худлаа ярьдаггүй.  Та нар харин цагаас нь өмнө юм мэдэх гээд зарим зүйлийг хурданд нь оруулах гээд байх юм.

Ямар ч байсан зургаан гишүүн МАХН-д орно гэдэг тодорхой. Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө бол орж ирэхгүй байх. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хөдөлгөөнд орно. Шударга бусын хонгилоор хэн ч явахыг хүсэхгүй.

-Намаас хэрэгжүүлж байгаа бодлоготойгоо санал нийлэхгүйгээс гарахаар шийджээ гэж ойлгож болох уу?

-Би тэгж харж байгаа. Зөв бодолтой, шударга хүн олон байгаа юм билээ. Гэхдээ УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар биш шүү. Ц.Даваасүрэн гишүүн дээр очоод “Та МАХН-д орохоор ярьсан юм уу” гэж асуугаад бүр уурлуулчихсан байна лээ. Хөөрхий тэр хүний орж, гардаг хугацаа болсон. Нэг намаасаа гараад, нэг бие дааж үзээд, зөндөө л юм боллоо шүү дээ.  Бид ч гэсэн тэр хүмүүсийг тайван байлгамаар байна. Тийм хүмүүстэй бид ярихгүй. Оръё ч гэсэн манай намын хаалга хаалттай.

-Тэгвэл огт хөдөлгөөн хийгээгүй гишүүд танай намд орно гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно.