Ардчилсан намын дотоод сонгуулийг амжилттай зохион байгууллаа
Ардчилсан намын дотоод сонгуулийг зохион байгуулахдаа санхүүгийн ил тод нээлттэй байдлыг хангаж, санхүүгийн орлого зарлагын мэдээллийг жирийн гишүүд авах эрхтэй болж, намынхаа бүх шатны удирдлагыг шударгаар сонгож чадсан. Энэ бол шинэчлэлийн эхлэл, суурь боллоо гэж Ардчилсан намын удирдлага дүгнэж байна.
С.Эрдэнэ: “Бид ямар ч байсан бүх гишүүдийн оролцойтоогоор бүх шатныхаа удирдлагыг сонгож чадлаа. Дээр нь санхүүгийн ил тод нээлттэй байдлыг бий болгох суурийг тавьж чадлаа. Мөн цөөн тооны олигархиуд, тэдний санхүүгийн хараат байдлаас гарч чадсан нь маш том алхам болж чадлаа.”
Сонгуулийн зохион байгуулах хорооны мэдээллээс үзэхэд Ардчилсан намын удирдлага болох үндэсний бодлогын хорооны 380 гишүүний суудлын төлөө 500 гаруй хүн өрсөлдөж 380 нь сонгогдсон байна. нийслэлийн ардчилсан намын даргаар нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан Д.Гантулга сонгогдоод байна. Харин Өвөрхангай аймгийн намын хорооны даргын сонгуулийн санал хураалттай холбоотой асуудалд маргаан үүссэн.
Сэлэнгэ аймаг болон нийслэлийн Хан-Уул дүүрэгт хяналтын тооллого хийгдэж байна. бусад аймаг болон дүүргүүдийн ардчилсан намын хорооны дарга удирдах бүлгүүд сонгогдсон гэж сонгуулийг зохион байгуулах хорооныхон мэдээлжээ. Харин шинэчилсэн цахим бүртгэлийн ажлын зохион байгуулалтаас шалтгаалж намын зарим гишүүн дотоод сонгуулийн санал хураалтад оролцож чадаагүй, цаашид цахим бүртгэлийн ажилдаа анхаарна гэсэн тайлбарыг Ардчилсан намын удирдлагын төлөөлөл үзэж байна.
Ардчилсан намын дүрмийн өөрчлөлтөөр бол намын удирдах байгууллага болох үндэсний бодлогын хороон гишүүдийн суудлын гуравны нэгд нь жил болгон сонгууль зохион байгуулна. Харин ардчилсан намаас Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах асуудлыг 5 дугаар сарын эхээр намын хорооны хурлаар шийдвэрлэх чиглэлтэй байна.