О.Баасанхүү: Аймхай хүн хариуцлагаас зугтаадаг, намаа шинэчлэнэ
УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр: "МАХН-аас нэр дэвшихээр болсон С.Ганбаатарын асуудлаар байр сууриа илэрхийлснээс үүдэн намайг намаасаа гарах гэж байгаа мэдээлэл гарч эхэллээ.
Хэрвээ та бүхэн тэр бичлэгийг эргүүлээд харвал би МАХН-ын удирдлагууд намайг намаасаа гаргахад битгий хүргээсэй, ийм байдалд хүргэж байна шүү гэдэг талаар ярьсан.Би намаасаа гарах болон гарахгүйгээс үл хамааран нэр дэвших эрх МАХН-д хэвээр хадгалагдаж байгаа гэдгийг хуульч хүнийхээ хувьд хэлье. МАХН-аас сонгогдсон гишүүнийхээ хувьд намаа зөв шударга,үнэний талд байгаасай гэдэг зарчмыг баримталдаг. Би хувьдаа Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулууныг нэр дэвшүүлэх саналтай байсан.
Гэвч сонгуульд нэр дэвшиж байгаа хүн намдаа 10 тэрбумыг бэлнээр өг гэдэг асуудлыг Н.Энхбаяр дарга гаргаж ирсэн. Дээд хэмжээ нь 10 тэрбум, доод хэмжээ нь хэд ч байж болно" гэсэн. С.Ганбаатартай би утсаар ярьсан. “Чи дэвших гээд байгаа юм уу, тэр мөнгийг нь чи хаанаас олж өгөх гэж байгаа юм гэж асуусан чинь “Үгүй” гэж хэлсэн. Гэтэл Бага чуулган дээр гэнэт орж ирсэн. Энэ нь МАХН-ыг зөв, шударга, зарчимч явуулъя гэдэг миний зарчимтай зөрчилдсөн учраас би дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн.
Хоёрдугаарт, Монгол Улсын сонгуулийн тухай хуулинд өөр намын хүнийг нэр дэвшүүлэхгүй гэж заасан байдаг. Тэр өнөөдрийг хүртэл аль нэг намаасаа гарсан тухай батламжийг Бага чуулган дээр ч гаргаж ирээгүй. Гарсан ч юм уу орсон ч юм уу хэн ч мэдэхгүй. Өөр намын гишүүн хэвээр байгаа. Намаасаа гарснаа баталгаажуулсан байх ёстой. Миний мэдэх хамгийн сүүлийн мэдээллээр ХҮН-аас гараад Тусгаар тогтнол Эв нэгдлийн намаас хүртэл нэр дэвшиж байсан.
Иймэрхүү зүйлүүдээс болоод МАХН сонгуульд орохгүй байх вий гэж санаа зовж байна. Өчигдөр Бага чуулган дээр МАХН сонгуульд орохгүй байя гэдэг санал хүртэл яригдсан. Би үүнийг хатуу эсэргүүцсэн. Ингээд дахин санал хураасны эцэст сонгуульд оролцох болсон. Мөнгөгүй хүн нэр дэвшүүлж байгаа юм бол бид С.Нарангэрэл гуайг, Ц.Эрдэнэчулуун гуайг ирүүлэх ёстой. Хэрэв мөнгөтэй хүн нэр дэвшүүлж байгаа юм бол мөнгийг нь ил тод гаргах ёстой.
Хэрвээ Ерөнхийлөгчийн сонгуульд манай нам ялагдах юм бол бид намын удирдлагууддаа хариуцлага тооцно. Манай намын олон гишүүд "Намаа шинэчилье" гэдэг дээр санал нэгдсэн. Аймхай хүн хариуцлагаас зугтаадаг. Хэрэв Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН хариуцлагагүй оролцож ялагдах юм бол энэ нь сүүлийн ялагдал байх болно. Бид хариуцлага ярьж цааш явах болно" гэв.
Түүнчлэн МАХН 2020 онд УИХ-д 20-иос дээш суудал авах зорилготой байгаа гэдгийг энэ үеэр онцлон хэлсэн юм.
Ш.Адъяамаа