Очирваань хайрханы онцгой нэгэн өдөр
Ийм сайхан хангайд, тийм сайхан уулын өвөрт хүн болж төрснөөрөө анх удаа, бүр жинхэнээсээ баярлан бахдах завшаан надад тохиосон юм. Их Богд Очирвааньд хүрч очилгүй, ижийнхээ төрсөн нутагт хөл тавилгүй ийм олон жилийг өнгөрөөжээ, би гэдэг хүн. Оройд нь дүнхийх мөнх цасаа гялалзуулж, огторгуйн чимэг болсон хан уул завилгаа юугаа засан угтах шиг... Өвөрт тань төрж, очих газар бүрээсээ барааг тань харуулддаг охин нь хүрээд ирлээ. Нутгийн минь тэнгэрлэг яруу найрагч Ц.Бавуудоржийн шүлэглэснээр сэтгэлийн тооноор уул минь гэрэлтэж л байдаг сан. Эсэргэн хаврын түрүүчтэй, энх цагийн тохиолоор хүрээд очсоноос хойш бүр ч тод гэрэлтэнэ ээ. Аян замын жолоо эргэх цагт араас уул минь өндөлзсөөр, ахих зам мөрийг минь түшиж, тулж яваа нь мэдрэгдсээр авай.
Их Богд Очирваань Отгонтэнгэр уулын бэл хормойд цас цоохортож, хавар эртийн наран илч гэрлээ харамгүй түгээх нь зорин очсон бидний магнайг тэнийлгэж, зол хийморьтой яваагаа бахдан хэлэлцэх шалтгаан болсон билээ. Жилдээ тун цөөн хоног орой тэргүүнээ цэлмээж харагдуулдаг их уул эгээ л онцгой нэг өдрөө бидэнд зориулжээ гэмээр. Бид гэдэг нь УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын багийнхан, Завхан аймгийн Монгол Ардын Намын дарга Ж.Жамьянтив нарын ажил албаны шугамаар дөрөө нийлэгсэд. Мөн Отгон сумын ИТХ-ын дарга Б.Пүрэвдорж, Засаг даргын орлогч Н.Лувсансовд нарын албаныхан, нутгийн ардууд юм. Сэтгэл минь тийм гэхийн аргагүй бишрэл, хүндлэлээр бялхаж, Отгонтэнгэр хайрханд хамтдаа очих хувь ерөөлтэй дөрөө нийлж, ганзага нэгтгэсэн хүмүүст ч чин сэтгэлээсээ талархаж явлаа. Хайрхны тахилгатай овоо хавьд өдийд их цастай хэвээр байдаг гэнэ. Харин өнөө жил цаг агаар онцгой сайхан ивээсэн нь илт. Адуу малын тарга тэвээрэг намраараа шахуу, малчин ардын царай төрх ч харшиж ядарсан шинжгүй, хөөр хөхүүн, гэнэн цайлган инээмсэглэлээр угтаж, үдсэн нь сайхан сэтгэгдэл төрүүлсэн билээ. Үр ачдаа хүртэл адуу маллах арга ухаанаа зааж сургаж яваа Л.Лхагваа гуайн гаанс тамхи, уургаа даялах адуучин залуусын ид бах... ээ дээ нутаг усныхны хүйн холбоо гэж цаанаа л нэг дотно сайхан. Гурав, дөрвөн үеэрээ Отгонтэнгэр хайрханы өвөрт нутаглаж яваа сайн малчин, Аймгийн алдарт уяач Б.Мягмаржав тэргүүтэй нутгийн харчуул “Оройн чимэг”хэмээх 32 бадаг уртын дуунаас шуранхайлж гарав аа.
Огторгуйн чимэг болсон
Отгонхайрхан уул аа
Орчлонгийн чимэг болсон
Дилав ламын гэгээн ээ...
Үгийн сайныг уянгын эгшигтэй найрсууланхан их хайрхнаа магтан дуулсан энэ дууг нутгийн сайн эр Жав өвчин зовлонд баригдах үедээ зохион дуулж, хариуд нь хайрхнаас дэлт азарган чоно буун ирж, бүх л биеийг нь долоон шилгээж эдгээн тэнхрүүлсэн домогтой. Тэгвэл саяхны хаврын налгар өдөр М.Батмөнх, Б.Агьчбаяр, Б.Пүрэвдорж, Б.Мягмаржав, Н.Лувсансовд, Л.Бямбаа нар их хайрхны тахилгатай овооны хажууханд шуранхайлж, хүрэлцэн очсон бидний сэтгэлийн утсыг хөндөж, цаст их хайрхныг баясгаан цэлмүүлсэн юм. ...
Орой биеийг нь харахад
Очирваань бурхны шинжтэй
Зулай биеийг нь харахад
Зонхов бурхны байдалтай....
Ийн түрлэг нэмэх “Оройн чимэг”- ийг дуулахгүйгээр эхэлдэг, бас жаргадаг найр хурим гэж Отгон, Шүлүүстэй суманд лав байхгүй. Өнөр баян явна гэдэг өндөр Богдын минь аврал аа...хэмээх мөрүүдийг хэлэх бүртээ нутгийн ард түмэн тэр бүрт тохиодоггүй аз хишигтээ баярлана. Дээл хувцас, эдлэл хэрэглэл, адуу мал, ахуй орчин... юм бүхэн нь нүнжиг, яс чанар ханхалсан Отгон, Шүлүүстэйнхний аз хишиг их Отгонтэнгэрийн өвөрт явдаг билээ л.
2009, 2010 он дамнасан их зуднаар Отгон сумынхан багагүй тэвджээ. Уулсын орны унаган амьтан сарлаг үхрийн тоо толгой нэлээд цөөрсөн гэнэ. Гэхдээ хэзээнээсээ хөдөлмөрч, малч тул бас ч гэж танагтай, өнөөдөр бол бүр ч хийморилог аж төрж байна. Архангай, Баянхонгор, Говь-Алтайн найман сумын нутагтай хил залгадгийнх хангай дэлхий хатуурхвал отор нүүдэл хийгээд оччихно. Тэр жилийн зудыг ч иймэрхүү аргаар давсан гэнэ. Өндөр уулын нутагт өвөл хэзээнээсээ л хүйтэн болдог тул “Манайх шиг ийм бүс нутгийн малчдад хүйтний нэмэгдэл олгох боломжгүй юу” хэмээн Отгон сумын иргэдтэй уулзах үед өндөр настан Чулуун гуай УИХ-ын гишүүн Д.Оюунхоролд санал болгосон. Сумын төв өвөлд бол өдөр шөнөгүй манан татаж, жин цохиж, жавартай зарим хөндийг морьтой гэтлэхийн аргагүй тачигнадаг гэнэм. Хотын бидэнд бол багагүй хүнд нөхцөл санагдах ч Богд Очирваанийн өврийнхөн ер ажирч түүртсэн шинжгүй, ердийнхөөрөө л өвлийг өнтэй давжээ. “Хүйтний нэмэгдэл” гэх үгийн араас бүсийн нэмэгдлийн тухай яриа өрнөлөө. “Намын дээд удирдлагын улстөржсөн зарим шийдвэр байгаа онохгүй, хөдөөгийн бидний жаргал, зовлонг ойлгохгүй байна. Тиймээс АН-ын удирдлагад бүсийн нэмэгдлийн асуудлыг зөвшөөрч өгнө үү гэсэн өргөх бичиг илгээх бодолтой байна” хэмээн сумын бага эмч залуу Ганзоригийн ярианд ардууд ч үг дайлаа. Амьдрал үргэлжилж буй хаана ч асуудал байдаг. Ганзоригийн хэлсэн асуудал монгол нутгийн баруун бүсийнхэнд ялангуяа нэн хамаатай тул Отгон хайрханы өврөөс түүсэн тэмдэглэлдээ зориуд хавчуулав. Тус сум 3500 орчим хүн амтай, аймагтаа хүн амын тоогоор, нийгэм, эдийн засгийн ерөнхий далайцаараа эхний дөрөвт орно. Зах зээлийн давалгаа цөөнгүй хүн амыг хот орны зүг шидэлжээ. Гэхдээ унаган хүн ард уугуул суугуул хэвээрээ.
Наран Шунхат, Хүрээ Халтарын гол, Буянт гол, Баржин, Зааран, Шашир уул, толгод... нэр нь хүртэл яруу найраг шиг нээрээ сайхан хангай. Цагаан сайрын гол, Буянт голтой нийлээд Завхан голын эх болдог гэнэ... Ээ, Завхан гол элсний нүүдэл шиг чимээгүй... хэмээн завханчуудын аялах дуртай дууны аялгуу эндээс цууриатдаг байх нь. Таван өнгийн тансаг арц, агь гангийн үнэр их Богд Очирваанийн салхиар тагнайд амтагдтал ханхална. Ариун сайхан үнэр бүрийг чинь эд эс бүртээ шингээн сорж авсаан, баян хангай минь. Баянхайрхан сумын уугуул, “Алтан булаг трейд” ХХК-ийн захирал Г.Аюушжав, Тэлмэн сумын А.Даваадорж нарын идэр сайхан залуус манай багийн бүрэлдэхүүнд багтаж хайрхны өвөрт хамтдаа нэг өдрийг өнгөрөөсөн юм. Нутаг орноо гэсэн халуун сэтгэл, дулаан бодолтой тэдний үйл ажил үйлс өөдрөг байг ээ.
Бид Завхан аймгийн хөгжил дэвшлийг түүчээлж ирсэн аймгийн Монгол Ардын Намын 90 жилийн ойн баярыг өргөн дэлгэр тэмдэглээд их хайрхны зүг хүлгийн жолоо залсан билээ. “Монгол түмний буян заяа, цог хийморь, хойч ирээдүйг ивээн даасан Отгонтэнгэр хайрхны заяагдан оршсон Хантайшир уулын аймагт улстөрийн ууган хүчин Монгол Ардын Намын байгууллага үүсч байгуулагдсанаас хойш эдүгээ 90 жил өнгөрчээ” хэмээн аймгийн Ардын намын дарга Ж.Жамьянтив түүхт ойдоо зориулж бүтээсэн “Завхан аймгийн Монгол Ардын Намын түүхэн тойм” бүтээлийнхээ өмнөтгөлийг эхлүүлсэн байна. Заяагдан оршсон их хайрханы нутагт завсаргүй 90 шахам жилийн хөгжлийг буухиалсан нь яах аргагүй л Монгол Ардын Нам. Ж.Жамьяантив дарга Отгонтэнгэрийн өвөрт их найрагч Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ” шүлгийг уншиж, бүрэн төгс найргийг бүтнээр нь мэддэгээ их уул хийгээд ирсэн зочдод бишрүүлсэн. Завханы гавьяатуудын нэг хэмээн олноо алдаршсан дуучин Х.Оюунцэцэг “Бадар хундага”-аа дуулж, Д.Оюунхорол гишүүн түрлэг нэмж, олноо дааж явдаг Очирваанийн лус савдгийг баярлуулсан үйл явдал олон болов. УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг “Отгонтэнгэрийн бүсгүй” хэмээн зүй ёсоор нэрлэдэг. Их хайрханыхаа нэрийг ихээ өндөрт өргөж яваа цөөнгүй хүмүүсийн нэг болохоор хайрхан ч хачин тааламжтайяа угтсан нь лав.
Мөнх цагаан цастай, чин зүрхнээс баясам цэвэр ариун үнэртэй, салхи нь дагаж үнэртээд, санааны чанадад гэрэлтэн байх сайхан уулын тухай түүх, домог хүүрнэнэ. ... Дэлхийд усан галав юүлсэн цаг дор, гурван тэрбум жилийн өмнө Отгонтэнгэрийн оргил анх усан дороос цухуйснаар Монгол нутагт эх газар үүсчээ. Тиймээс Этүгэн буюу “эцэг уул” хэмээн нэрлэжихүй. Хожим 1500-гаад оноос Отгонтэнгэр хэмээн нэрлэж, 1828 оноос дархан цаазат уул болгож, 1921 оноос Богд хааны зарлигаар жил бүр тахих болжээ. Хожим 1995 оноос төрийн зарлигаар тайх тахих ёслолыг дахин сэргээж, дөрвөн жилдээ нэг удаа сүслэн тахидаг болсон билээ. Цагаан уулын тухай, тэнд амьдарч асан хүн зоны тухай түүх домог цаглашгүй их ажээ. Ийм их буян даасан бурхан ууланд огт очоогүй хүн очвол төөрөг тавилангаар заяасан насан хутагтаа дахин гурван жилийн илүү нас нэмдэг гэнэм. Тэгэхээр тэнд төрсөн хийгээд амьдарсан хүн зоны амны хишиг, ашид арвидахын барилдлага ямархан байх нь тодорхой буй за.
Цагаан уул домог хүүрнэнэ, цаглашгүй их буян хураана. Цагаан уулын салхи царайгаа харуулсан хэнийг ч болов даган исгэрч, цаад, наад зам мөрийг нь гийгүүлэнхэн явдаг гэдэгт итгэнэм.