2012.02.21

Мэндчилгээ УИХ-ын гишүүн Ц.Дашдорж

Арвандолдугаар жарны "Баясгалан" хэмээх усан Луу жил эх сайхан нутаг, элгэн Монгол түмэнд минь айлчлан ирж байна. Уудам дэлгэр Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа Зам, Тээвэр, Барилга, Хот байгуулалтын салбарын ажилтан, албан хаагчид болон нийт Монгол түмэндээ сар шинийн чин сэтгэлийн мэнд дэвшүүлье. Улиран одож буй төмөр Туулай жилд манай хамтолон улс орны хэмжээний томоохон ажлуудыг амжуулж чадлаа.

Ирж буй Луу жил манай салбарынхны хувьд их бүтээн байгуулалт, гэгээн ирээдүйг тосон угтах өрнүүн ажлын жил байх болно. Үлдэж буй 6 аймгаа нийслэлтэйгээ хатуу хучилттай авто замаар холбох, бага дунд орлоготой иргэдэд зориулсан орон сууцны хөтөлбөр бодит ажил хэрэг болж буйг баярын өдрүүдэд та бүхэндээ дуулгахад таатай байна. Улам бүр өсөн нэмэгдэж буй тээвэрлэлтийнхэрэгцээг хангах үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, нислэгийн аюулгүй байдал, зөв менежментээр удирдах, төмөр замын сүлжээг өргөтгөх гээд олон томоохон ажил та биднээс сэтгэл зүтгэл, хүсэл тэмүүлэл, цаг зав шаардаж байна.

Улс орныхоо ирээдүй, түүхэн бүтээн байгуулалтын төлөө та бүхэнтэйгээ гар нийлэн, сэтгэл зүрх хоршин хамтран ажиллах болно. Монгол орны хөгжил дэвшилд голлох үүрэгтэй манай салбарын ажилтан тус бүрээс хүн ардын сайн сайхан, аз жаргал, хот улсын маань өнгө төрх, гэрэлт ирээдүй хамаарна гэдгийг гүнээ ухамсарлан хичээн ажиллана гэдэгт та бүхэндээ найдаж байна.Монголын орны дөрвөн зүг, найман зовхист билгийн улирлын бэлгэ дэмбэрэлт баяр Цагаан сараар азай буурлууд, ахас ихэс, аав ээжээ хүндэтгэн, архи сархдаас хол, амар амгалан, эрүүл саруул байж, утга төгөлдөр баярын уламжлалыг сахин, сайхан шинэлэхийг та бүхэндээ хүсэн ерөөе.

Хотол олноороо дүүрэн билэгтэй, түвшин жаргалтай, сар шинэдээ сайхан шинэлээрэй.