Цагаан сараар ууц тавихгүй байх уриалга гаргалаа
Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос сар шинийн баяраар айл өрх бүр хавтгайран ууц, өвчүү тавилгүй оронд нь дал, дөрвөн өндөр тавих уриалга гаргалаа. Мөн тус уриалгад гар цайлгах, бэлэг өгөхдөө мөнгө солилцох, эсвэл үндэсний үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнийг сонгох гэсэн зүйл орсон байна. Энэхүү уриалга нь зөв зохистой хэрэглээг бий болгох, үнэ ханшийг тогтвортой байлгах, эдийн засгаа хэмнэх, төгрөгийн ханшийг чангаруулах, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих сайн талтай гэнэ. Тэдний уриалгыг Гандантэгчинлэн, Дашчойлин, Их хүрээ зэрэг хийдүүд, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын залуучуудын холбоо, Монголын зан үйлийг дэмжих холбоо зэрэг олон нийтийн байгууллагууд дэмжиж байгаа юм байна.
Энэхүү уриалгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн архигүй баяр тэмдэглэх уриалгын үргэлжлэл хэмээн үзэж дэмжүүлэхээр өргөн барьж байгаа аж. Монголын зан үйлийг дэмжих холбооны судлаач н.Цэрэннадмид "Ууц тавих нь Монголын эртний заншил биш. Богд хаан айл өрх бүрийг ууц тавилгүй түүнийг орлуулах дал, дөрвөн өндөр тавьж байхыг зөвлөсөн байдаг. Ер нь бол ууц нь бурханд л тавьдаг ёслол хүндэтгэлийн зүйл байсан" гэв. Мөн Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "Бид зөвхөн Засгийн газраас үнэ бууруулах, цалин хөлсөө нэмэгдүүлэхийг шаардахаас гадна хэрэглээгээ хязгаарлах, зөв болгох замаар үнийн өсөлттэй тэмцэх нь зүйтэй гэсэн үүднээс энэ байгууллагын ажлыг дэмжиж оролцож байна" гэсэн юм.