Мэндчилгээ
2011.12.27

Мэндчилгээ

Чингэлтэй хайрханаараа овоглосон нийт Чингэлтэй дүүргийнхээ иргэддээ айлчлан ирж буй шинэ оны мэндийг дэвшүүлж, та бүхнийхээ амар амгаланг айлтган мэндчилж байна. Улиран одож буй 2011 онд дүүргийнхээ хөгжил цэцэглэлтэд өөрсдийн хувь нэмрээ оруулж бидэнтэй хамтарч ажилласан нийт сонгогчдодоо талархаж байгаагаа илэрхийлж та бүхэндээ ажил хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Өнгөрсөн хорин жилийн хугацаанд Чингэлтэй дүүргийн хөгжил дэвшилд санаа бодлоо чилээсэн нь эрхэм сонгогчид та бүхэн минь билээ. Бидний хамтдаа хийж бүтээсэн бүтээн байгуулалт өнөөдөр дүүргийн хөгжил цэцэглэлтэд ихээхэн хувь нэмэр оруулж байна. Энэхүү бүтээн байгуулалтыг бүтээлцэхэд сонгогч таны итгэл, бидний зүтгэл байсныг энд хэлэх хэрэгтэй. Ид залуухан идэрхэн настай Чингэлтэй дүүргийн сонгогчид та бүхэн түүхэн үйл явдлуудыг хамтдаа тэмдэглэж, ахмад хойч үеийнхээ хийсэн бүтээснээр бахархсан он жилүүдийг хамтдаа тууллаа.

Тулгар төр байгуулагдсаны 2220 жил, Ардын хувьсгалын 90 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой бол Монгол түмний бахархал омогшил байв. Түүхэн цаг давхацсан энэ цаг үед надад итгэл хүлээлгэж надтай гар сэтгэл нийлэн дүүргийнхээ хөгжил цэцэглэлтийн төлөө хамтдаа зүтгэж яваа Чингэлтэй дүүргийнхээ нийт иргэддээ би чин сэтгэлээсээ талархаж явдгаа илэрхийлмээр байна. Төрөлх дүүргийн маань төлөө санаа бодлоо чилээдэг ахмадууддаа, хөгжил дэвшлийн өөд ханцуй шамлан ажиллаж буй залуучууддаа, түүхэн ойг хамт бичилцэж буй нийт иргэддээ Чингэлтэй дүүрэг үүсч хөгжсөний    20 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Төр түмнээ гэсэн үйлс бүхэн өөдрөг бүтэмжтэй байх болтугай

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.ОЧИРБАТ