ХАМГИЙН ҮНЭТ ЗҮЙЛ БОЛОХ ЦАГ ХУГАЦААГ ТАНЬ КАМЕРЫН  СИСТЕМ ХАМГААЛНА
С.Энхтайван Чингэлтэй дүүргийн Нийтлэг үйлчилгээний газрын дарга
2024.07.23

ХАМГИЙН ҮНЭТ ЗҮЙЛ БОЛОХ ЦАГ ХУГАЦААГ ТАНЬ КАМЕРЫН СИСТЕМ ХАМГААЛНА

Төр хэт нүсэр, чадамжгүй, хувийн хэвшлийнхээ ажлыг булаадаг гэх үгсийг бишгүй сонсож иржээ. Харин Нийтлэг үйлчилгээний газрынхан хувийн хэвшилтэйгээ хамтран орчин үеийн техник, технологийг ашиглан цаг хугацаа, зардал мөнгө хэмнэх боломжтойг харуулахыг зорьж буй. Энэ удаа бид “Ногоон бүс” хяналтын камерын төвөө онцолъё. Учир нь иргэд камерын талаар туйлын сөрөг ойлголттой. Гэтэл хамгийн чухал зүйл бол камержуулалт. Хүний эд хөрөнгө гэдэг асар их цаг хугацаа, хөдөлмөрийн үр шимээр бүтдэг. Арай ядан хөл дүүжлэх унаатай болоод зээлийг нь ч төлж дуусаагүй байтал хулгайд алдчихдаг, гудмандаа явж байхдаа утсаа дээрэмдүүлчихдэг. Иргэд биднээс үнэндээ аюулгүй байдлыг л хүсдэг. Хүсэлтээ ч ирүүлсээр байв.

Нийтийн эзэмшлийн зам, талбайн хяналтын камерыг өмнө нь цагдаагийн байгууллага хариуцдаг байлаа. Харин тэд гэмт хэргээ л гэхээс камерын засвар арчлалтад зарцуулах цаг зав, мөнгө ч байсангүй. Тиймээс арван камерын ес нь ажилладаггүй байсан нь үнэн. Энэ байдлыг халахаар бид хоёр жилийн өмнө зураглал гаргаж дүүргийн хэмжээнд 2440 камертай байхаар тооцож, олон ч судалгаа, туршилт хийж, гадаадын мэргэжилтнүүдээс ч зөвлөгөө авав. Өнөө цагт өндөр хөгжилтэй улсад орчны, 360 градус эргэдэг, дуут, өнгө, царай таньдаг гээд нийтлэг дөрвөн төрлийн камер ашиглаж байна.

Бид төслийнхөө хүрээнд цагдаагийн байгууллагатай хамтран хар цэг (хэрэг зөрчил их гардаг хэсэг) болон түүнтэй холбоотой гудамжны орц, гарц, орчны онцлогийг харгалзан сүүлийн үеийн энэ л камеруудыг суурилууллаа. Гэхдээ камер бол “нүд” төдий юм. Харин нүдээр дамжин мэдээлэл боловсруулах “уураг тархи” болсон программ хангамж хамгаас чухал. Үүнийг шийдэхийн тулд өнгөрсөн хугацаанд арав гаруй монгол компанитай хамтран хөгжүүлснээр өндөр хүчин чадал бүхий дэд бүтэц байгуулж, дэвшилтэд программ хангамжийн системийг хөгжүүллээ.

Ингэснээр цагдаагийн байгууллагаас мэдээлэл хайлаа гэж бодоход бичлэг ухраана гэх ойлголт үгүй болж, автомашины дугаар, хувцасны өнгө, царай төрхийг оруулахад үйлдлийн систем нь өөрөө хайх боломжтой болсон. Харамсалтай нэг зүйл нь, хүмүүс зөвхөн хулгайг илрүүлэхэд камер хэрэгтэй гэж боддог. Тиймдээ ч зориулалтын бус цэгт хог хаях, эзэнгүй нохойн бөөгнөрөл, тоглоомын талбайн эвдрэл, согтуу иргэнд сануулах гээд хөдөлгөөнт биетийг баримтжуулж, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлдэг талаар ойлголт хомс байна.

Камержуулалттай холбоотой эд материалыг төрийн худалдан авах ажиллагааны хүрээнд хийдэг. Гэвч төрийн худалдан авалт гэдэг “шүдний өвчин”. Уг нь камер зориулалтаасаа шалтгаалж үзүүлэлт нь өөр, өөр. Салхины, шорооны, доргионы, хүйтний хамгаалалтай, кабель хүчдэл даах, линз цайрахгүй байх, дэлгэц таван жил тасралтгүй ажиллах гээд бүгд стандарттай. Гэтэл дэлгэц гэхэд зурагт санал болгодог газар ч таарч байлаа. Харин бид худалдан авалтдаа үзүүлэлтүүдээ маш нарийн тусгаж өгсөн юм.

Энэ болгоны эцэст бодит хэмнэлт гарч, 2022 онд нэг хороонд ердөө хоёр камерыг 12 сая төгрөгөөр тавьж байсан бол 2024 онд нэг хороонд 135 камерыг 43.5 сая төгрөгт буюу нэг камерыг 300 мянга орчимд суурилуулсан байх жишээтэй. Ингэснээр дүүргийн хэмжээнд 2440 камер суулгахаар 11 тэрбум төгрөг төсөвлөж байсан бол талд нь хүрэхгүй өртгөөр төслөө дуусгаж байна. Эдгээрийн ач холбогдлыг Дүүргийн удирдлагууд ойлгон бүх талын бололцоо олгож байгаа нь хамгийн том дэмжлэг юм.

Өндөр хөгжилтэй улс орнууд хиймэл оюун ухаан буюу AI-ыг хөгжүүлээд 20 жил болжээ. Гэтэл монгол инженерүүд хоёр жилд хөгжүүллээ. Бид цаашид сургууль орчимд Аюулын товчлуур буюу буюу Danger button-ыг суурилуулахаар ажиллаж байна. Ингэснээр эд зүйлсээ алдсан тохиолдолд тухайн газраасаа шууд холбогдон хурдан шуурхай, чирэгдэлгүйгээр тусламж авах нөхцөл бүрдэх юм.