Х.Баделхан: Хямралаас ойрын хугацаанд гарна гэдэгт итгэл төгс байна
Өнгөрсөн Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэх асуудлыг авч үзэн, хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонхи үзсэн.
Нэр бүхий гишүүд эхлээд асуулт асууж байсан бол дэмжиж буй 3, дэмжихгүй байгаа 3 гишүүн үргэлжлүүлэн үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Түүний нэг нь УИХ-ын гишүүн Х.Баделхан.
УИХ-ын гишүүн Х.Баделхан
Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслүүдийг дэмжиж байна. 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын үеэр тухайн үеийн Монгол Улсын Засгийн газрын оруулж ирсэн хуулийн төсөл, хөтөлбөрүүдийг УИХ-аараа дэмжээд хямралыг давж гарч чадсан. Монгол Улс нэгдсэн нэг төсөвтэй болъё гэсэн Засгийн газрын санал, санаачилгыг дэмжиж байна. Урьд өмнө олон төсөвтэй байж, орлогоо замбараагүй цацдаг байсан байна.
Санхүүгийн сахилга батгүй байдлаас болж өнөөгийн нөхцөл байдал үүссэн гэдэгтэй санал нэг байна. “Сайн” хөтөлбөрүүдэд нилээдгүй хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан байна.Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдээлж байснаар 400 тэрбум төгрөг гадагшаа гарсан байна. Бондын санхүүжилтийг ард түмэнд нээлттэй мэдээлэх ёстой гэсэн саналтай байна.
...Төсвийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиудыг тэр болгон өөрчлөөд байдаггүй санхүүгийн салбарын суурь хууль...
Гэтэл өнгөрсөн жилүүдэд хуулийн утга санаа, агуулга алдагдсан байна. Тиймээс цаашид хэвээрээ байгаад байх уу гэдэгт анхаарал хандуулах нь зүйтэй.