2016.09.06

Л.Болд: Ард түмнийхээ халаасыг хоосолж, эдийн засгаа цохиж унагалаа

Сөрөг хүчнээс хамгийн хүчтэй дуу хоолой болж буй гишүүн бол Л.Болд. Тэр өөрийгөө МАН-ын мөрийн хөтөлбөрийн хамгийн сайн судлаач гэж тодорхойлсон. УИХ-ын гишүүн Л.Болд чуулганы нэгдсэн хуралдаанаар үг хэлж, асуулт асуух бүртээ МАН мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхгүй, амлалтаасаа ухарч байна гэдгийг байнга хэлдэг. 

Тэгвэл энэ удаагийн хуралдаанаар ч тэрээр МАН-ын мөрийн хөтөлбөрийг харж байгаад оюутнууд, хувьцаа, гэр хорооллын дахин төлөвлөлт, малчидтай холбоотой зарим зүйл заалтыг уншиж танилцуулсан.

Эдгээр заалтад “Сайн” хөтөлбөрүүдийн утга агуулга багтсан болохыг дурдаад МАН сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөрөөсөө ухарч байна гэж хэллээ.

2 сарын өмнө амлаж байсан зүйлээ одоо хэрэгжүүлэхгүй байгаа нь ард түмнийг хуурч буй явдал, төрийн эрхийг хууль бусаар авсан гэж үзэж байгаагаа мөн энэ үеэр илэрхийлсэн. УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат: Эдийн засаг хүндрэлтэй байгаа учраас бид мөрийн хөтөлбөрийнхөө 90 хувийг Засгийн газрын хөтөлбөртөө тусгасан гэж УИХ-ын гишүүн Л.Болдод хэлсэн гэв. Тэгвэл үлдсэн 10 хувьд нь ард иргэдэд хэрэгтэй, тэдний өдөр тутмын амьдралд чухал нөлөөтэй нийгмийн асуудлууд багтаж байгаа юм байна гэсэн таамаглалыг ч дэвшүүлээд авсан. 

УИХ-ын гишүүн Л.Болд: “Хямрал, хямрал гэж ярьчихаад бүх бизнесээ дампууруулж, далд эдийн засаг бий болгож, уул уурхайн салбараа цохиж унагаагаад, санхүүгийн системийг уналтад оруулж байна. Энэ маягаараа байвал танай нам Сүм, дүүргийн ИТХ-ын сонгуульд унана.”