2016.09.05

Д.Сарангэрэл: Улсад 30 жил ажилласан бол 30 сарын цалинтай тэнцэх урамшуулал олгож болохгүй гэж үү?

Эдийн засаг хүндрэлтэй байгааг ойлгож буй гишүүдийн нэг нь Д.Сарангэрэл. Гэсэн хэдий ч тэрээр иргэд, сонгогчдынхоо өмнөөс хоёр асуултад хариулт авах хүсэлтэй байгаагаа чуулганы нэгдсэн хуралдааны үеэр илэрхийллээ. 

Засгийн газар, Сангийн сайд руу муудсан улаан лоол шидмээргүй байна. Гэхдээ...

Хүнд нөхцөлд бид Засгийн газарт төсвийн тодотгол хийх даалгавар өгсөн. Даалгаврын хугацаа богинохон. Тиймээс Засгийн газар, Сангийн сайд руу муудсан улаан лооль шидэх хүсэлгүй байна. Нөхцөл байдал өөрөө Засгийн газар, Сангийн яамыг ийм байдалд оруулж байгааг ойлгож байна.

Гэхдээ сүүлийн үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд төрийн албан хаагчид руу нилээн чиглэж байна. Төрийн албан хаагчдыг цомхотгоно, цалинг нь хасна гэдэг. Гэтэл бид төрийн ой санамж, төрийн залгамж чанар, төрийн дархлаа гэж ярьдаг улс. Түүнтэй холбоотойгоор төрийн албанд олон жил тасралтгүй ажилласан хүмүүст өндөр насны тэтгэвэрт гарахад нь 36 хүртэл сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгодог байснаа 1-12 сар болгоё гэсэн саналыг Засгийн газар оруулж ирсэн.

Энэ саналд өндөр насны тэтгэвэртээ удахгүй гарах гэж байгаа хүмүүс ундууцаж байна. Урамшууллаа авахаараа хийнэ гэж төлөвлөсөн зүйлээ хийж чадахгүйд хүрлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын хэсгийнхэн энэ тухай асуудлаар Засгийн газарт улсад ажилласан 36 сар хүртэл гэдэг журмаараа явъя, гэхдээ улсад хичнээн жил ажилласан бэ тэр жилтэй нь тэнцэх тооны сарын цалингийн урамшуулал олговол ямар вэ гэсэн санал гаргасан.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн асуусан асуулт:  

- Иргэдийг бухимдуулаад байгаа эдгээр арга хэмжээнүүд тодорхой цаг хугацаатай биз дээ?

- Засгийн газарх ажлын хэсгийн энэхүү дүгнэлтийг хүлээж авах боломж байна уу?

Аргаа барсан санал шүү дээ, Д.Сарангэрэл гишүүн ээ

Дээрх хоёр асуултад УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн ингэж хариулсан юм. 

Хямралаас гарсан тохиолдолд төсвийн бодлогоо сулруулж болно. "Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх" гэдэгчлэн аргагүйн эрхэнд ийм арга хэмжээ авахаар болсон. Шүүмжлэл дагуулж байгаа нь үнэн. 1-36 сар хүртэл гэж байсныг 1-12 сар болгоод огцом бууруулж байгаад хүмүүс бухимдах нь аргагүй. Энэ урамшууллыг санхүүжүүлэх мөнгө байхгүй учраас аргаа барахдаа оруулж ирсэн санал шүү дээ, Д.Сарангэрэл гишүүн ээ.

Хүмүүс ойлгох байлгүй дээ. Эдийн засаг сайжирбал хуучин байсан нийгмийн хамгаалал, халамжийн бодлогуудаа сэргээж болох байх. Одоохондоо тийм бололцоо алга.