Ж.Батсуурь: Ажлын хэсгийн хуралдаанд АН-ынхан ирэхгүй байгаа нь ажлыг хойш татаж байна
2012.04.18

Ж.Батсуурь: Ажлын хэсгийн хуралдаанд АН-ынхан ирэхгүй байгаа нь ажлыг хойш татаж байна

УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын сонгууль болоход хоёрхон сар үлдсэн ч сонгуулийн зохион байгуулалтын асуудал шийдэгдээгүй байна. Дөрвөн жил сонгуулийн хууль ярьсан байтал Орон нутгийн сонгуулийн хууль түүхий бай гаагийн шалтгаан юу вэ?

-Бид 2008 онд УИХ-ын сонгуулийн дараа хуулиа өөрчлөх шаардлагатай гэж тохиролцсон. Сонгууль буди лаантай, маргаантай болсон гэгдэх шалтгаанаар тайлбарлагдаж буй долдугаар сарын 1-ний үймээн бужигнаан бол үнэхээр сонгуулийн тогтолцоо, зохион байгуулах журмыг өөрчлөх хэрэгтэйг нотолсон юм. УИХ-ын сонгуулийн хуулиа батлаад дараа нь Орон нутгийн сонгуулийн хуулиа хэлэлцэнэ гэж явсаар байгаад өнөөг хүртэл хойшлогдож, хугацаа алдсан. Оны өмнөхөн л УИХ-ын сонгуулийн хуу лийг баталснаар Орон нутгийн сонгуулийн хуулийн өөрчл өлтийн ажил эхэллээ шүү дээ.

-Хоёр сонгуулийг хамт явуулах эсэхэд намын бүлгүүдийн санал зөрж байгаа. Болохгүй бол одоо хүчин төгөлдөр байгаа хуулиараа сонгууль явуулна гэж Ардчилсан намынхан хэлж байгаа нь боломжтой юу?

-Ардчилсан намын гишүүд “Сонгуулийн хууль 2008 онд шийдэгдсэн, хамт явуулна. Намын бүлгүүд тохирч чадахгүй бол 2008 онд батлагдсан хуулиараа хоёр сонгуулийг хамтад нь хийнэ” гэж яриад байгаа. Энэ нь маш буруу. Сонгуулийн хуульд зөрүүтэй зүйл заалт олон байгаа учраас хамт явуулах боломжгүй. Сонгуулийг хамт явуулах нь зардал мөнгө хэмнэх талтай гэж АН-ынхан үзэж байгаа. Харин МАН-ын бүлэг энэ асуудлаар орон нутгийн хурлын төлөөлөгч, ихэнх сумын Засаг дарга нартай ярилцаад хоёр сонгуулийг хамт явуулах боломжгүй гэж дүгнэсэн. Хамт явуулах эрх зүйн орчин бүрдээгүй, байр сууц ч хүртээмжгүй, хүн хүч дутуу гээд асуудал их байгаа. Сонгууль явуулах цаг хугацааны зөрүү зэрэг хуулийн зөрүүтэй заалтын талаар бүгд л ярьж байна.

-Төрийн байгуулалтын байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, З.Энхболд нарын өргөн барьсан Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийн төслүүдийг нэгтгэхээр болсон. Ажлын хэсэгт Та ажиллаж байгаагийн хувьд ажил хэр төвшинд явж байгаа вэ?

-МАН-ын зүгээс Д.Лүндээжанцан нар, Ардчилсан намын зүгээс З.Энхболд нарын гишүүн хуулийн төсөл өргөн барьсан. Мөн Н.Батбаяр гишүүн Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл санаачлаад байна. Эдгээр хуулийн төслийг нэгтгээд хэлэлцэхээр Төрийн бай гуу лалтын байнгын хороо ны хурлаар намын бүлг үүд ярилцаад тохирсон. Үүнээс хойш ажлын хэсгийн хуралдаан тав, зургаан ч удаа зарлагдаж, сонгуулийн хуу лийн төслүүдээ нэгтгэж, санал зөрүүтэй асуудлаа ярилцах гэж хичээсэн л дээ. Харамсалтай нь, ажлын хэсэгт нэр нь орсон Ардчилсан намын гишүүд зарлагдсан хуралд оролцохгүй, ирэхгүй байсаар өдий хүрлээ. Таван гишүүнтэй ажлын хэсгийн хоёр гишүүн нь ирэхгүй байгаагаас болоод нэг ч хуралдаж чадаагүй. Тэд Ардчилсан намынхаа л байр суурийг хамгаалж байна гээд ажлын хэсгийн хуралдаанд ирэхгүй байгаа юм. Тиймээс ажлын хэсэгт байгаа манай намын гурван гишүүн өнөөдөр /өчигдөр/ хуралдлаа. Бид хоёр сонгуулийг тусдаа явуулах нь зүйтэй гэдэгт саналын томьёоллоо бэлтгээд Төрийн байгуулалтын байнгын хороонд оруулахаар болсон.

-Ардчилсан намын тэр хоёр гишүүн нь хэн бэ?

-Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Дондогоор ахлуулан бай гуулсан. Ардчилсан на мын гишүүн Х.Тэмүүжин, Г.Баярсайхан, манай намаас Р.Раш болон миний бие багтсан.

-Ардчилсан намын гишүүд ажлын хэсгийн хуралдаанд ч оролцохгүй, байнгын хорооны хуралд оролцсон ч хоёр сонгуулийг хамт явуулна гэж зөрүүдэлсэн хэвээр байвал энэ асуудал цаашид хэрхэх бол оо?

-Цаг хугацаа алдаад, хуулиа баталж чадахгүйд хүрч, сонгуулиа цагт нь явуулж чадахгүй болох байдал л харагдаж байна. Бид тохиролцож, нэгдсэн байдалд хүрч чадахгүй бол УИХ тарах л зам үлдэнэ. Сонгуулиа явуулж чадахгүй чинээний дампуурлын байдалд хүрчих вий гэх болгоомжлол ч төрж байна. Ер нь 2012 оны сонгуулийг хариуцлагатай явуулах хэрэгтэй. Манай улс байгалийн баялгийнхаа ачаар дэлхий нийтийн анхаарлын төвд орж, стратегийн орд газруудаа ашиглалтад оруулж эхэлж байгаа энэ үед хэтэрхий улстөржөөд сонгуулиа явуулж чадахгүй дампуурлын байдалд төр маань орох гээд байна. Тиймээс сонгуулиа цаг хугацаанд нь явуулахын тулд бид асуудлаа түргэн цэгцэлж, будилаангүй шударга сонгууль явуулахад анхаарах хэрэгтэй байна даа.

-Н.Батбаяр гишүүний өргөн барьсан хуулийн төслийн гол агуулга юу байв аа?

-Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийг сонгохдоо улстөрийн намуудаас нэр дэвшүүлдгийг болиулъя гэсэн зарчмын томоохон өөрчлөлт тусгасан. Цөөн хүн амтай, тархай бутархай улсад бол ийм улстөрийн сонгууль явуулах нь буруу байж магадгүй юм. Хоёр, гуравхан мянган хүн амтай суманд намын харьяаллаараа хоорондоо үзэлцэж талцаад байх нь тухайн орон нутагт сөрөг үр дагавартай. Улаанбаатарт бол энэ байдал төдийлөн мэдэгдэхгүй ч орон нутагт хүчтэй мэдрэгдэж, хэцүү байдал үүсгэдэг юм билээ. Засгийн газар мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэхээр л намын асуудал үүсчихдэг жишээ байна. Ардчилсан намын харьяалалтай Засаг дарга манай намын мөрийн хөтөлбөр биш гээд хэрэгжүүлэхгүй байх, өөр өөр намын харьяалалтай Засаг дарга нар хоорондоо маргалдах гээд асуудал үүсдэг. Ингээд улстөрийн байр суурьнаас асуудалд ханддаг талцал нь төр засгийг нэг зүгт хөдлөх чадваргүй болгож байна.

-Ардчилсан намын зүгээс орон нутгийн сонгуулийн хуулийн төслийг Засгийн газраас өргөн барих хэрэгтэй гэсэн санал хэр зөв алхам юм бэ?

- Засгийн газар бол хэрэгжүүлэх ажил л зохион байгуулна уу гэхээс биш хуулийн төсөл өргөн барих боломжгүй. Тийм практик ч байдаггүй. Хууль тогтоох байгууллага чинь УИХ шүү дээ.

-Сүүлийн үед сонгуулийн хуулиас гадна улс орныхоо баялгийг гадныханд өгчихсөн тухай яригдах боллоо. “Саусгоби Сэндс” компани Хятадын төрийн өмчит “Чалко” компанид хувьцааны 57 хувийг худалдахаар болсон гэдгээ зарласан. Энэ талаар Таны байр суурийг сонирхъё?


-Монголын томоохон орд газрыг Хятадын төрийн өмчит компанид зарах гэж байгаагаа мэдэгдсэн юм шиг байна лээ. Хэрэв тийм зүйл болж, гэрээ хэлцэл нь хийгдэхдээ тулсан бол зайлшгүй Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл авах ёстой.

-Энэ гэрээний асуудал яригдсанаар хэдэн жилийн өмнө өргөн баригдсан Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төсөл сөхөгдсөн. Энэхүү хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Та ахалж байгаа. Ажлын явц хэр байгаа вэ?

-Энэ хуулийн төслийг С.Бямбацогт, Ө.Энхтүвшин нарын гишүүн 2009 онд өргөн барьсан. Хуулийн төслийг өнгөрсөн жил Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцээд санал санаачлага олон гарч, их маргаан дагуулсан. Хуулийн төслийг батлахын тулд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Ашигт малтмалын тухай хуульд тусгай бүлэг, заалтууд орох ёстой болсон. Тухайн үед Ашигт малтмалын хуулийг шинэчилнэ гэж ид ярьж байсан цаг. Гэхдээ өдийг хүртэл шинэчилсэн найруулгын төсөл өргөн барилгүй цаг хугацаа алдсан. Тэгсэн ч бид өнөөдөр /өчигдөр/ ажлын хэсгээ хуралдуулж, Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэж, байнгын хороогоор хэлэлцүүлэхэд бэлэн болголоо. Болж өгвөл энэ долоо хоногтоо УИХ-ын чуулганаар анхны хэлэлцүүлэг хийх бодолтой байна. Манай ажлын хэсэг, дэд ажлын хэсэгт ЭБЭХЯ, АМГ, Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах газар зэрэг байгууллагын мэргэжилтнүүд ажиллаж байна.

-Энэ хуулийн төслийн амин сүнс нь ямар заалт вэ?

-Хуулийн гол заалт нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохистой төвшинд байлгах явдал юм. Тухайлбал, гадаадын Засгийн газрын оролцоо бүхий компани Монголын стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгж, орд газарт ч юм уу хөрөнгө оруулахдаа Монголын Засгийн газраас зөвшөөрөл авч байх, 20- иос дээш хувийн хувьцаа эзэмшиж болохгүй гэсэн заалт нь хуулийн утга учир болох юм.

-Бусад оронд ийм төрлийн ижил хуулийн төсөл бий юу. Олон улсын туршлагаас судлах, хуульдаа авч хэрэглэж байгаа болов уу?

-Өнгөрсөн жил миний бие Ашигт малтмалын хууль судлах ажлаар Австралид ажиллаж байх үед ийм хууль байдгийг ажигласан. Ер нь олон оронд ийм төрлийн хууль бий. Тодорхой салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах, хувьцааны хэдэн хувийг хэдий үнээр зарах тухай зөвшөөрөл Засгийн газраас авдаг хууль байдаг юм билээ. Ийм бие даасан хуультай орнууд ч байна, бусад хуулийн хавсарга бүлэг болгоод баталчихсан улс ч байдаг юм билээ. Бид гадаадын улс орнуудын ижил төстэй хуулийн зүйл заалтуудыг судлах ажлыг өнгөрсөн онд хийж байсан.

-Ажлын хэсгийн хуралдаанд “Саусгоби Сэндс”-ийн гэрээг хүчингүй болгох боломжтой эсэх талаар яригдав уу?

-Тэр гэрээний тухай би хэвлэлээс уншсан. Тодорхой зүйл мэдэхгүй байна. Ямартаа ч хуулиа хурдан батлах нь зөв. Гадныхан хоорондоо гэрээ байгуулчихсан гээд Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр Монголын орд газрыг тийм амархан өгөлцөж авалцчихгүй байх.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.