2012.09.04

УИХ-ын гишүүн М.Энхболд: "Олонхи асуудлыг түрэмгийлж шийдээд байна"

УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ө.Энхтүвшин нар 2003 онд УИХ-ын тогтоолоор баталсан Хүний эрхийн үндэсний хөтөлбөрт сонгууль явуулахаас зургаан сарын өмнө Сонгуулийн хуулийг өөрчилж болохгүй гэсэн заалт байхад ийн өөрчлөх гээд буйн шалтгаан юу вэ гэж лавлалаа.

Хөтөлбөрийн дээрх заалт УИХ-ын сонгуультай холбоотой болохоос орон нутгийн сонгуульд хамаарахгүй гэсэн утгатай хариултыг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей өглөө.

Хуулийн төслөөр аймаг, сум, дүүргийн хурлын сонгуулийг УИХ, болон Нийсэлийн иргэдийн Төлөөлөгчдийн 2012 оны ээлжит сонгуулийн нэг адил холимог хувилбараар явуулахаар зохицуулсан бөгөөд аймаг, сум, дүүргийн Хурлын нийт төлөөлөгчдийн гуравны хоёроос доошгүй нь  сум, баг, хорооноос шууд, гуравны нэг нь улс төрийн нам буюу улс төрийн намуудын сонгуулийн эвслийн жагсаалтаас тус тус сонгохоор заажээ.

 

 

Түүнчлэн сонгуулийн тойрогт дүн гаргахад тухайн сум, баг, хороонд оногдсон мандатын тоогоор хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг сонгогдсонд тооцох бөгөөд үлдсэн суудалд нам, эвслийн авсан суудлын тоогоор тухайн нам, эвслээс гаргасан  жагсаалтын эхнээс нэр дэвшигч нь төлөөлөгчид сонгогдсонд тооцогдохоор заасан байна.

Сонгуульд оролцох нь сонгуулийн эрх бүхий иргэний үүрэг гэж төсөлд тусгасныг зарим гишүүд эсэргүүцэж байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, иргэний сонгуульд оролцох үүргийг хуулиар зохицуулах, хүчлэн хэрэгжүүлэх арга явуургүй. Иргэдийн чөлөөт эрхийг хангая гэж өмнө нь хууль баталсан болохоор иргэд ухамсраараа сонгуулиа өгдөг хэвээр нь байлгах нь зүйтэй гэж байлаа.

Харин хуулийн төсөл санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Р.Бурмаа иргэний улс төрийн оролцоо, хувь хүний үүрэг, хариуцлагыг  нэмэгдүүлэх зорилготой гэж дээрх заалтыг тайлбарласан юм. Төсөлд тусгасанаар сонгуулийн эрх бүхий иргэн энэхүү үүргээ биелүүлсэн бол сонгуулийн үр дүнгийн талаар гомдол гаргах эрхтэй. Харин үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол дараагийн аль нэг ээлжит сонгууль хүртэл төрийн албанд томилогдохыг нь түр түдгэлзүүлэхээр заасан байгаа юм.

Сонгуулийн нутаг дэвсгэр нь аймаг, сум, дүүргийн нутаг дэвсгэр байхаар заасан. Аймаг, сум, дүүргийн Хурлын сонгуульд сум, баг, хороо тус бүрээс төлөөлөл байхаар тооцсон нь мөн нэлээд асуулт дагууллаа. УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл нарын МАН-ын гишүүд Сум, баг, хороо бүрээс төлөөлөл байна гэж байгаа ч зарим сум 10 мянган хүн амтай, зарим нь 1500 хүрэхгүй хүн амтай байгааг сануулж байлаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.