Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хоёр төслийг хэлэлцэнэ
УИХ-ын гишүүн Г.Батхүү, З.Энхболд нар Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өчигдөр өргөн барьсан юм. Энэ хуулийн төслийг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн З.Энхболд, Г.Батхүү, Э.Бат-Үүл, Н.Батбаяр, Х.Баттулга нар хамтран санаачилсан байна.
Орон нутгийн хурлын ээлжит сонгууль УИХ-ын ээлжит сонгуультай зэрэг зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан төслийн 3 дугаар зүйлд цаг хугацааны зарим өөрчлөлтийг оруулсан байна. Тухайлбал, Орон нутгийн хурлын сонгуулийн зарим зардлын хэмжээг орон нутгийн хурлын тэргүүлэгчид санал авах өдрөөс 30 хоногийн өмнө зарладаг байсныг 60 хоногийн өмнө зарлахаар тусгажээ. Түүнчлэн УИХ, орон нутгийн хурлын сонгуулийн санал авах хуудас нэг байх, түүнд нэр дэвшигчийн нэрийг бичих, хэвлүүлэх, хүргүүлэхэд цаг хугацаа шаардлагатай болохыг харгалзан санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө нэр дэвшигчийг бүртгэж дуусгах, мөн орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигч нь тухайн орон нутагт нэг жил оршин суусан байхаар хуулийн заалтыг өөрчлөхөөр тусгасан байна.
УИХ-ын сонгуулийн хороод, орон нутгийн хурлын сонгуулийн хороод хоорондын харилцан хамаарал, статус, тэдгээрийн чиг үүргийг хуулийн төслийн 4 дүгээр зүйлд тусгаж өгчээ. Сонгууль явагдах хугацаанд гарах бүх харилцааг Орон нутгийн хурлын сонгуулийн хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлан зохицуулахаар тусгасан байна.
Урьд нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын гишүүд Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж өргөн барьсан юм.
Энэ хоёр хуулийн төслийг өнөөдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр төлөвлөсөн байна.