Олон улсын жишигт нийцсэн мнб бэлтгэх хөтөлбөртэй болох зорилт тавьсан
ММНБИ-ийн хөтөлбөр хариуцсан менежер Б.Батцэцэг
2016.02.05

Олон улсын жишигт нийцсэн мнб бэлтгэх хөтөлбөртэй болох зорилт тавьсан

Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль 2015 оны 6 дугаар сард УИХ-аар шинэчлэн батлагдаж, энэ оноос эхлэн мөрдөгдөгдөж байгаа билээ. 

Хуультай холбоотойгоор мэргэшсэн нягтлан бодогчийн журам болон ММНБИ-ийн сургалтын хөтөлбөрт зарим өөрчлөлтүүд орж байна. Сургалтын  хөтөлбөрт орсон өөрчлөлтийн талаар ММНБИ-ийн хөтөлбөр хариуцсан менежер Б.Батцэцэгээс дараах тодруулгыг авлаа.

 Олон улсын жишигт нийцсэн МНБ бэлтгэх хөтөлбөртэй болох зорилт тавьсан

 -Энэ оноос ММНБИ-ийн МНБ бэлтгэх хөтөлбөрт өөрчлөлт орж байгаа. Яагаад хөтөлбөрийг шинэчлэх болов?

 ММНБИ-ийн Мэргэшсэн нягтлан бодогч бэлтгэх хөтөлбөрийн үндсэн зорилго бол “Санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр олон улсын түвшинд ажиллах чадвартай Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч бэлтгэх” юм.

Шинэчлэгдэн батлагдсан “Нягтлан бодох бүртгэлийн тухай” хуульд мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох хугацааг 4 жил болгосонтой уялдуулан сургалтын хөтөлбөрт өөрчлөлт орохоос гадна мэргэшсэн нягтлан бодогч бэлтгэж байгаа хөтөлбөрийг цогц байдлаар шинэчлэх шаардлага гарсан.

 -Шинэчилсэн хөтөлбөрийн гол онцлог юу вэ?

Хөтөлбөрийн хувьд олон улсын жишигт нийцсэн, түүнийг даган шинэчлэгдэн сайжруулж,  тогтвортой удаан хугацаанд хэрэгжих явдал чухал байдаг. Бид бакалаврын түвшинд үзсэн хичээлийг дахин давтан үзэх биш, суралцагсдад шинэ мэдээлэл хүргэхийг зорьсон, практикт хэрэглэж болохуйц илүү нарийн мэргэшүүлэх чиглэлийг баримталсан сургалтын хөтөлбөртэй болохыг зорьсон.

Иймээс бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн АССА-ийн хөтөлбөртэй уялдуулах замаар өөрийн орны мэргэшсэн нягтлан бодогч бэлтгэх сургалтын хөтөлбөрөө шинэчлэн боловсруулж байна. ММНБИ байгуулагдсанаасаа хойш хөтөлбөрийн шинэчлэлт хийсээр ирсэн ба энэ нь 6 дахь удаагийн шинэчлэлт юм.

 -МНБ бэлтгэх эрх олгох шалгалтын хувьд ямар ямар хичээлүүдийн агуулга шинэчлэгдэж байна?

Одоогийн байдлаар “Санхүүгийн тайлагнал 1”, “Өртөг ба гүйцэтгэлийн удирдлага”, “Санхүүгийн менежмент 1”, “Хууль эрх зүй, татварын бүртгэл 1”, “Аудит ба баталгаажуулалт” хичээлийн хөтөлбөрийг бүрэн шинэчилсэн.

Өмнөх хөтөлбөрийн “Санхүүгийн дунд болон ахисан түвшний бүртгэл”, “Зардал, удирдлагын бүртгэл”-ийн хичээл нь бакалаврын түвшний хичээлийн агуулгыг хамардаг байсан. Харин шинэчлэгдсэн хөтөлбөрийн дагуу “Санхүүгийн тайлагнал 1” хичээл нь нягтлан бодох бүртгэлийн стандартууд, суурь үзэл баримтлалыг аж ахуйн нэгж болон групп компанийн санхүүгийн тайлан бэлтгэхэд хэрхэн ашиглах, санхүүгийн тайланд шинжилгээ хийх ба үр дүнг хэрхэн тайлбарлах талаарх мэдлэг чадварыг хөгжүүлэх зорилготой. Мөн СТОУС-ын дагуу ажил гүйлгээг бүртгэх, нэгдсэн санхүүгийн тайланг бэлтгэх арга зүйг энэ хичээлээр судлах болно.

 Өртөг ба гүйцэтгэлийн удирдлага хичээлийн зорилго нь удирдлагын шийдвэр гаргалтын аргачлалууд, чанарын болон тоон мэдээллүүдийн төлөвлөлт, шийдвэр гаргалт, үр дүнгийн үнэлгээ ба хяналтанд хэрхэн ашиглах талаарх мэдлэг чадварыг хөгжүүлэхэд оршино. Энэ хичээлээр өртгийн бүртгэлийн орчин үеийн аргачлал, бизнесийн оновчтой шийдвэр гаргах, эрсдлийг үнэлэх, төсөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын мэдээллийн үр ашгийг тодорхойлох зэрэг чадварыг эзэмшинэ.

 “Хууль эрх зүй, татварын бүртгэл 1” хичээлийн хувьд бид өмнө нь зөвхөн эдийн засгийн холбогдолтой хууль эрх зүйн актуудыг судалдаг байсан бол татварын бүртгэлийг шинээр нэмж оруулж өгсөн.

 Эрх олгох шалгалтанд шинээр нэг хичээл нэмэгдэж байгаа нь Санхүүгийн менежмент 1 юм. Орчин үед санхүүчдийн хувьд бүртгэл хөтлөх, тайлан гаргах зэргээс илүүтэйгээр тухайн байгууллагын стратеги төлөвлөлтийг удирдан жолоодох санхүүгийн менежерүүдийн үүрэг чухал болж байна. Иймээс санхүүгийн менежерүүдийн хувьд хөрөнгө оруулалт, санхүүжилт, ногдол ашгийн бодлого болон бусад эзэмшвэл зохих ур чадвар ба мэдлэгийг эзэмших шаардлага гарч ирж байна. Энэхүү хичээлийг судалснаар шалгалтанд бэлтгэгч нь удирдлагын оновчтой шийдвэр гаргалтанд ашиглах арга аргачлалуудыг эзэмших юм. Өмнө нь энэ хичээл МНБ-ийн эрх сунгалтын хичээлийн хөтөлбөрт байсан.

 Мөн Аудит ба баталгаажуулалт, Мэргэжлийн англи хэлний хичээлүүдийн агуулга нь бага зэрэг өөрчлөгдсөн болно. Дээрх хичээлүүдийн дэлгэрэнгүй хөтөлбөрүүд тун удахгүй сайтанд тавигдах болно.

 -Зарим хичээл, шалгалтын нэр өөрчлөгдсөн. Үүнийг тодруулна уу?

Сорил шалгалтын хичээлүүдийн хувьд бидний Цогц бодлого гэж яриад сурчихсан хичээлийн нэрийг “Санхүүгийн тайлан гаргах арга зүй” гэж шинэ хөтөлбөрт нэрийг нь өөрчилж оруулсан.  

Шалгалтын хувьд хүмүүс шинэ шинэ шалгалт нэмэгдсэн гэж ойлгож магадгүй. Санхүүгийн тайлагнал-1 хичээл нь өмнөх Санхүүгийн дунд болон ахисан түвшний бүртгэл, Өртөг ба гүйцэтгэлийн удирдлага гэдэг нь Зардал, удирдлагын бүртгэлийн шалгалт гэж ойлгож болно. Тодруулбал, Зардал, удирдлагын бүртгэлийн шалгалт өгч тэнцсэн хүмүүсийн хувьд “Өртөг ба гүйцэтгэлийн удирдлага” шалгалтыг өгөхгүй гэсэн үг.

 -Дээрх хичээлүүдийн гарын авлага, сурах бичиг гарах уу?

Шинэчилсэн хөтөлбөрийн дагуу бид “Санхүүгийн тайлагнал 1”, “Өртөг ба Гүйцэтгэлийн удирдлага” хичээлийн сурах бичиг, бусад хичээлийн гарын авлагыг боловсруулсан. Эдгээр сурах бичиг, гарын авлагуудыг сургалтанд үнэ төлбөргүй өгнө. Мөн эдгээр хичээлүүдийн шалгалтанд бэлтгэгчдэд зориулж тест, бодлого, дасгалын хураамжийг боловсруулж байна.

 -Эрх сунгах сургалтын хувьд ямар өөрчлөлт орж байгаа вэ?

МНБ-ийн 2 жилийн эрх сунгах сургалтанд нийт 72 цагийн 3 төрлийн хичээл, 5 жилийн эрх сунгах сургалтанд 2 удаагийн цугларалтаар нийт 144 цагийн, 5 төрлийн хичээл судалдаг байсан. Өөрөөр хэлбэл, МНБ-ийн эрх авсанаас хойш 7 жилийн хугацаанд 3 удаа танхимаар цуглаж 216 цагийн 8 хичээл судалж, шалгалт өгч тэнцсэн тохиолдолд МНБ-ийн хугацаагүй эрхээ авдаг байсныг 4 жилийн хугацаанд 2 удаа цуглаж, 120 цагийн 5 хичээл судлах болсон гэсэн үг. Ер нь хөтөлбөрийн хувьд бүх хичээлүүд нь шинэчлэгдэн боловсруулагдаж байна.