Нээлттэй төсөв
УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал
2025.04.11

Нээлттэй төсөв

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал,

"Улсын төсөв бол нийт иргэдийн дундаа цуглуулсан мөнгө. Энэ утгаараа төсвийн гүйцэтгэлийг нийтэд мэдээлж байх шаардлагыг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Шилэн дансны тухай, Төсвийн тухай хуулиудад зааж өгсөн байдаг. Одоогоор mof.gov.mn, iltod.mof. gov.mn, publicinvestment.gov.mn, shilendans.gov.mn гэх мэт цахим талбаруудаар төсвийг танилцуулж байна. Гэхдээ нэгэн гол заалт болох “ойлгомжтой” байдал хангагдахгүй байна. Сонирхсон иргэн байтугай мэргэжлийн хүн ороод хэрэгтэй мэдээллээ олж харах, ойлгоход хүнд, хэрэглэхэд хялбар бус. Иймд төсвийн гүйцэтгэлийг нэгдсэн талбарт, иргэдэд ойлгомжтой, хүртээмжтэй хэлбэрээр байршуулж байх шаардлагыг ИЦББХ- ны тогтоолоор гаргаж Засгийн газарт хүргүүлсэн. Ингэснээр төсөвт олон нийтийн хяналт хэрэгжиж, зарцуулалт илүү үр ашигтай болох юм.

Монгол Улсын төрийн үйлчилгээ сүүлийн жилүүдэд хурдтай цахимжиж, зохих амжилтад хүрсэн. Улсын төсвөөс төрийн байгууллагууд болон орон нутгийн цахимжилтад зарцуулж байгаа хөрөнгө жил бүр нэмэгдсээр байгаа. Гэтэл тэр хэрээр төрийн олон байгууллагууд давхардсан зориулалттай программ хангамжууд, ажиллагаагүй цахим системүүд худалдан авч, төсвийг үр ашиггүй зарцуулсан жишээ ч олон байна. Эдгээрийн нэгдсэн тоо, зарцуулсан хөрөнгийн хэмжээг гаргахаар ЦХИХХЯ ажиллаж байгаа. Төрийн байгууллага ямарваа цахим систем, тоног төхөөрөмж худалдан авахдаа тэдгээрийн хэрэгцээ шаардлага, үр ашгийн талаар ЦХИХХЯ-аас зөвлөмж авч байх талаар Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 29-р зүйлд тодорхой заасан байдаг ч хэрэгжилт хангалтгүй явж ирсэн. Тиймээс цаашид аливаа цахим систем худалдан авахдаа хуулийн заалтыг хэрэгжүүлэх, хэрэгжүүлээгүй тохиолдолд төсөв олгохгүй байх талаар ИЦББХ-ны тогтоолыг гаргаж Засгийн газарт чиглэл өгөв. Мөн 2025 оны төсөвд өөрчлөлт оруулах УИХ-ын ажлын хэсэг ч энэ тал дээр анхаарч, УИХ-ын 2024 оны 12 сарын 12-ны өдрийн 54 дүгээр тогтоолд “бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэхэд тавих хяналтыг сайжруулж, төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шийдвэрлэх” гэж тусгасан.

Шинэ бүрэлдсэн УИХ 2025 оны улсын төсвийг удаан хугацаанд хэлэлцэн баталж, түүнд нь Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьж, хоригийг нь УИХ хүлээн авч төсвөө шинэчлэн баталсан анхны тохиолдол болж түүхэнд үлдлээ. Энэ бол иргэд төсвийн төлөвлөлт, хяналт, зарцуулалтад илүү анхаарах, судлаачид, УИХ-ын гишүүд ажиллах, хянах боломжийг бүрдүүлэх шаардлагатай болсны дохио юм. Үүний тулд төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн тайлан ил тод, хэрэгжиж буй төслүүдийн цаг үеийн мэдээллийг тухай бүр тогтмол шинэчилж бүгдэд ойлгомжтой болгох шаардлагатай байна" гэв.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан