С.ЭРДЭНЭБОЛД: ПРОКУРОР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХДАА ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ, ХАМГААЛАХ ҮҮРЭГТЭЙ
2025.04.09

С.ЭРДЭНЭБОЛД: ПРОКУРОР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХДАА ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ, ХАМГААЛАХ ҮҮРЭГТЭЙ

Улсын Ерөнхий Прокурорын томилгоотой холбогдуулж Ерөнхийлөгчийн Тамгын газраас УИХ дахь АН-ын бүлэгт нэр дэвшигчийн танилцуулга хийлээ.

Ерөнхийлөгчийн зүгээс хуульд заасны дагуу Банзрагчийн Жаргалсайханыг 6 жилээр улируулан томилуулах санал оруулж ирж байна. УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдын зүгээс Хууль зүйн байнгын хорооны, Хүний эрхийн дэд хороог даргалж буйн хувьд дараах асуултуудыг асуулаа.

Үүнд:

  • 1.Прокурорын тухай хуулийн 3.1.2-т заасан “Хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах” тухай үйл ажиллагааны зарчим хэрхэн хэрэгжиж байгаа вэ?
  • 2.“Прокурор хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, түүнийг зөрчигдөхөөс сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авна” гэсэн (5.1) хуулийн зохицуулалт хэрхэн хэрэгжиж байна вэ?
  • 3.Прокурорын тухай хуулийн 7.1, 56.4, 56.6 дугаар зүйлд бүхий “Хараат бус байдлын баталгаа”-ны талаар асуулаа. Тухайлбал прокурорын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлого, улс төрийн ба улс төрчийн дарамт шахалт бий эсэх, улмаар хуулийг гажуудуулах шахалт хавчлага бий эсэх талаар?
  • 4.Прокурорын тухай хуулийн 25.2.10 дугаар зүйлд заасан “Гүйцэтгэх ажил, мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагад хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хяналт, шалгалт явуулах” заалт хэрхэн хэрэгжиж байгаа талаар. Хүний эрхийн талаарх зөрчил, гомдол хамгийн их гардаг энэ хэсэг дээр хуулийн хэрэгжилт хэрхэн явагдаж буй тухай мэдээлэл?
  • 5.Прокурорын тухай хуулийн 47 дугаар зүйлд бүхий “Прокурорын тангараг”-ыг өргөсөн хүний хувьд, мөн цааш ажиллахаар нэр дэвшиж буйн хувьд итгэл үнэмшил ямар байгаа талаар?
  • 6.Тус хуулийн 57.1 дугаар зүйлд буй “Прокурор бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулсан, хараат бус байдалд нь халдсан аливаа дарамт, шахалт, нөлөөллийн талаар дээд шатны прокурорт мэдүүлэх үүрэгтэй” гэсэн заалт хэрхэн хэрэгжиж байгаа вэ, ялангуяа энэ талаарх тоон мэдээлэл, статистик бий юу?

Ерөнхий прокурор дээрх асуултуудын хүрээнд хариулахдаа Прокурорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналтай байгаагаа хэлэв. Мөн Прокурор хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлэхдээ өөрийн итгэл үнэмшилтэй байх, цаашид хийхээр зорьж буй ажлууд, мөн хийж хэрэгжүүлсэн ажлуудын талаарх байр сууриа илэрхийллээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан