2025.05.08
Б.Бат-Эрдэнэ: Аудитын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд хатуу хяналт тавьж чадвал алдаа дутагдал давтагдахгүй
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.05.08/-ны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд нэр дэвшигчид хандан үг хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Нэр дэвшигчдээ амжилт хүсье! Манай гурван том яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан туршлагатай хүн орж ирж буй явдалд баяртай байна. Аудитын асуудал дээр жил болгон дүгнэлт гардаг. Хэрэгжихгүй байгаатай л холбоотой асуудал байгаа юм. Яагаад хэрэгжихгүй байгаад анализ, дүгнэлтүүд хийх ёстой байна. Аудитын байгууллага хатуу арга хэмжээ авахгүй байгаа учраас дараа жил энэ алдаа дутагдал давтагдаж байна. Давтагдаад байгаа учраас Монгол Улсын сан хөмрөг, тогтолцоо, санхүү ЭЗ-ийн нөхцөл байдлуудтай холбоотой асуудлууд үргэлжилсээр л байгаа. Нөгөө хуулийн хулгай гэдэгтэй адилхан хулгай үргэлжилсээр л байгаа. Энэ сангуудтай холбоотой асуудлууд Аудитын байгууллага хатуу үр дүн, хатуу арга хэмжээ авч явж байсан бол сангуудтай холбоотой асуудлууд тухайн үедээ зогсох боломж байсан болов уу гэж харж байна. Мөн Төрийн захиргааны байгууллагын асуудлууд байна. Өнөөдөр хязгаарлалттай, сөрөг, дүгнэлт гаргах боломжгүй гээд дүгнэлтүүд нь гараад байдаг. Гэтэл түүн дээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодит үр дүнд хүрч буй зүйлс байхгүй. Энэ асуудалд та хатуу байр суурь баримталж ажиллаарай. Хөдөлмөрийн яам, Барилга хот байгуулалтын яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар та ажиллаж байсан. Энэ 3 яамтай холбоотой асуудлууд орж ирнэ. Энэ тал дээр хараат бус зарчмаа, төрийн ноён нуруу гаргаж одоог хүртэл ажиллаж ирсэн учраас итгэж байна.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн